Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Батлан хамгаалах болон Нисэхийн тухай хуулийг баталлаа

open.parliament.mn
2018 оны 4 сарын 19
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5. дахь заалтад заасны дагуу Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга)  хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийцүүлэх үүднээс уг заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж  үзсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул  Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Дараа нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газраас  2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн, үг хэллэгийн зарим найруулгын засварыг хийсэн байна.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул  Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ