ОХУ-д болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглолтын бөмбөгийг анх удаа Монгол хүүхэд талбайд гаргах боломжтой болжээ.
Тоглолтын нээлтийн бөмбөгийг талбайд гаргах хүүхдийг хэрхэн шалгаруулах талаар Хөл бөмбөгийн ДАШТ-ний хамтрагч түнш Киа корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Киа Моторс Монгол" компанийн борлуулалтын менежер А.Угтахбаяр "2007 оноос оноос ДАШТ-ний хамтрагч түншээр ажиллаж буй Киа корпорацийн үйл ажиллагаа явуулдаг 64 улстай өрсөлдөж бид Монгол хүүхдийг хөлбөмбөгийн ногоон талбайд гаргах эрхийг олж аваад байна. ОХУ-д зохион байгуулагдах ДАШТ-ний хүрээнд 66 тоглолт зохион байгуулагдана. Үүний 40-н тоглолтын бөмбөгийг орос хүүхдүүд, үлдсэн 26 тоглолтын бөмбөгийг дэлхийн бусад орноос ирсэн хүүхдүүд талбайд гаргах юм.
Улс орон бүр өөр өөрөөр хүүхдүүдийг шалгаруулдаг. Бидний хувьд Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр тоглолтын бөмбөгийг талбайд гаргах анхны Монгол хүүхдийг эсээ бичлэгийн уралдаан зарлаж шалгаруулахаар тогтсон байгаа. Уг уралдаанд 10-14 насны хүүхдүүд оролцож, нэг ялагч ОХУ-ыг зорих юм. Дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 3-ны хооронд үргэлжлэх "My dream kia" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байгаадаа баяртай байна. Эхний шатанд есөн эсээг шалгаруулан, дараагийн шатанд ганцаарчилсан ярилцлагад оруулж ялагчийг тодруулна.
Дэлхийн 25 орноос ирсэн хүүхдүүдтэй хамт сургалтад хамрагдаж, эх орноо сурталчлахад хувь нэмрээ оруулах ялагч маань англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, хөлбөмбөгт дуртай байвал давуу тал болно.
Мэдээж хэрэг насанд хүрээгүй хүүхэд учраас нэг асран хамгаалагчийн хамт ОХУ-ыг зорих бөгөөд бүх зардлыг "Киа Моторс Монгол" ХХК болон бусад дэмжигчид гаргана" гэв.
Шалгарсан нэг хүүхэд зургаадугаар сарын 27-ны өдөр Нижний Новгород хотод болох Швейцарь - Коста Рикагийн тоглолтын бөмбөгийг талбайд гаргаж ирэх юм байна.