Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн “харь гарагийн ангууч” хөлөг дэлхийгээс хөөрлөө

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн Tess нэртэй сансрын хөлөг өнөөдөр амьдрал тэтгэгч харь гарагуудыг хайхаар сансарт хөөрлөө.

Tess хөлгийг SpaceX компанийн Falcon пуужин тээвэрлэж, тойрог замд хүргэх юм. Tess (Transiting Exoplanet Survey Satellite) хөлөг доод тал нь хоёр жилийн хугацаанд тойрог замд ажиллахдаа одот ертөнцийг бараг бүхэлд нь шүүрдэж хамгийн ойр байгаа, хамгийн тод однууд, тэднийг тойрсон гарагуудыг бүртгэх гэнэ.

Үр дүнд нь олон зуун мянган одод, олон мянган харь гарагийн мэдээллийг цуглуулах юм. Уг мэдээлэл дээр үндэслэн амьдрал оршин байх боломжтой гарагуудыг нээж олно гэж NASA-гийн судлаачдын ахлагч Томас Зурбухен ярьжээ.

Tess өөрөө амьдрал хайх зориулалтгүй. Гэхдээ амьдрал байх боломжтой зайнд (хэт халуун биш, хэт хүйтэн биш нөхцөлтэй) одоо тойрон эргэдэг гарагуудыг голлон хайх юм.

Эндээс илэрсэн хамгийн их найдвар төрүүлэхүйц гарагуудыг NASA-гийн илүү хүчирхэг James Webb Space Telescope сансрын дурангаар шинжлэх гэнэ. Уг дурант станц хэдэн жилийн дараа одоогийн Hubble станцыг залгамжлахаар сансарт илгээгдэх юм.

Ингэснээр гарагуудын агаар мандалд усны уур, хүчилтөрөгч, метан, нүүрстөрөгчийн давхар исэл байгаа эсэхийг шинжилж чадна.

“Tess бидэнд хаашаа, хэзээ харах ёстойг зааж өгнө” гэж энэ төслийн ахлах судлаач, Массачусетсийн их сургуулийн Жорж Рикер тайлбарлажээ.

Одоогоор манай нарны системийн гадна оршдог 3,700 гарагийг бид бүртгээд байгаа. Цаана нь 4,500 батлагдаагүй байгаа гэгддэг.

Одоогоос 25 жилийн өмнө хүн төрөлхтөн өөрийн нарны системд байгаа хэдэн гарагаас өөр гараг мэддэггүй байв.

Tess хөлгөөс өмнө хөөргөсөн Kepler Space Telescope сүүлийн есөн жил  харь гарагуудыг ангуучилж, 2,600 орчмыг илрүүлээд байгаа юм. Tess хөлгийн өргөн өнцгийн дөрвөн шинэ камер нь ирэх зун ажилд орсноор Kepler-ийн олоогүй гарагуудыг илрүүлнэ.

1.5 метр өндөр, 360 кг жинтэй, $337 саяын өртөгтэй Tess сарны эргэдэг тойрог замд хүрч ажиллана. Тавдугаар сарын дундуур Tess сарны гадаргад хэдхэн мянган километр зайд ойртох ба энэ үед сарны татах хүчийг ашиглан өөрийн байрлах ёстой замд орж ажлаа эхлэх ажээ.

Харин энэ үед Tess-ийн камер ажиллахгүй юм байна. Хөлгийг бүтээсэн Orbital ATK компанийн Роберт Локвүүд энэ тухай “Сартай селфи хийхгүй” гэж хошигножээ.

 

Эх сурвалж: Associated Press