Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

МҮБХ-ны талаар бөхчүүд мэдээлэл хийлээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн хэн болох нь тодорхойгүй хэвээр байна. Нэг талаас 2018 оны гуравдугаар сард болсон "Их эе" хуралдаанаар байгуулагдаж Дархан аварга Б.Бат-Эрдэний тэргүүлж буй холбоо нөгөө талаас Л.Чинбатаар тэргүүлүүлсэн холбооныхон аль аль нь өөрсдийгөө хууль ёсны холбоо хэмээн мэдээлэл тарааж байгаа юм. 

Өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж буй холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж "МҮБХ-ны Тэргүүнээр Л.Чинбатыг сонгосныг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь ор үндэсгүй худлаа" хэмээн мэдэгдсэн юм. Уг хэвлэлийн бага хурлын үеэр Л.Чинбатын тэргүүлж буй холбооны төлөөлөл орж ирэн мэдээлэл хийсэн юм. 

Ингээд хоёр холбооны байр суурийг хүргэж байна.

Ц.Магалжав: Л.Чинбат нар Бөхийн өргөөг шатаасан ч яахав хэмээн ярьсан байна
 

Улсын заан Ц.Магалжав "Монгол бөхийн ноён оргилуудын нэг Дархан аварга маань бурхан болоод удаагүй байхад бөхийн холбооныхон хэрүүл тэмцэл хийх болсонд бид харамсаж байна. Бөх хүний уужуу тайван зан гаргаж, тэвчээртэй дуугай байсаар байсан хэдий ч өчигдөр Л.Чинбат гэгч хүн Монгол телевизийн байранд залуу бөхчүүд хүүхдүүдийг цуглуулан Бөхийн өргөөг хүчээр эзэлж авах талаар ярилцсан байна. Бөхийн өргөөг шатаасан ч яахав хэмээн ярьсан нь биднийг өнөөдөр яаран мэдээлэл хийхэд хүргэлээ.

Улсын дээд шүүхийн 403-р тогтоолын дагуу гэх Л.Чинбат нарын 2017 оны 5-р сарын 28-ны өдөр хуралдуулсан Цэцдийн зөвлөлийн хурал нь өөрөө хууль бус юм. 

Тухайн үед албадан хуралдуулахдаа Цэцдийн зөвлөлийн гишүүдийн өмнөөс итгэмжлэл олгох, гарын үсгийг дууриалган зурах, айлган сүрдүүлэх зэрэг янз бүрийн арга хэрэглэн Цэцдийн зөвлөлийн хурлын ирцийг хуурамчаар бүрдүүлснийг тогтоолгохоор манай холбоо шүүхэд хандсан боловч шүүх илт нэг талд шийдвэр гаргасан юм. 

Бид ахин Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хандан эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, хэргийн материалд үзлэг хийн, дүрс бичлэгээр 38 хүн хуралд суусныг тогтоож, гарын үсгийг хуурамчаар бүрдүүлснийг шинжээч томилон шалгуулах гэтэл ирцийн бүртгэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хавтаст хэргээс санаатайгаар алга болгож, уг албаны шийдвэр гүйцэтгэгч Байгалмааг хил давуулан явуулсан хууль бус ажиллагаа болсон юм.

Гэвч тэд энэ хурлаасаа ээлжит бус Их эе гэгч хурлыг зарлан хуралдуулсан нь бас л хууль бус болсон. Учир нь МҮБХ-ны дүрэм, МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас /хүчин төгөлдөр гээд байгаа 2002 оны Их эеээс сонгогдсон тэргүүлэгчид шүүх баталсан “Ээлжит ба ээлжит бус Их эеийн төлөөлөгч сонгох журам”-ыг зөрчин дутуу бүрэлдэхүүнтэй хууль бус цуглаан зохион байгуулж МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг сонгосон юм байна. 

Ээлжит бус Их эеэс зөвхөн тэргүүнийг сонгох байтал Цэцдийн зөвлөл тэргүүлэгчдийг сонгон МҮБХ-ны тэргүүлэгчид цэцдийн зөвлөлийн эрхэнд халдсан нь бас хууль бус юм. 

Бид Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан МҮБХ-ны гэрчилгээ, тамга тэмдгийг хууль бусаар давхардуулан олгосон талаар гомдол гаргасан байгаа бөгөөд энэ асуудал дагуу хуулийн дагуу шийдвэрлэгдэх болно" гээд мэдэгдэл гаргаснаа хэллээ.

Мэдэгдэл

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит 8-р ИХ ЭЕ 2018 оны 3-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Улсын Их Хурлын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна.

Тус ИХ ЭЕ-ээс шинээр байгуулагдсан Цэцдийн зөвлөл 2018 оны 4-р сарын 04-ний өдөр хуралдаж, МҮБХ-ны Тэргүүлэгчдийг шинээр сонгон, Дэд тэргүүнээр Улсын заан Ц.Магалжавыг сонгосон ба улсын заан Б.Сайнбаяр МҮБХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Гэтэл МҮБХ-ны дүрэм болон “Ээлжит ба ээлжит бус ИХ Эеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн то. ттоох. журам”-ыг ноцтой зөрчин хийсэн ээлжит бус Их Эе гэх цуглаанаас өөрсдийгөө МҮБХ-ны тэргүүн хэмээн өргөмжилсөн Л.Чинбат, Цэцдийн зөвлөлийн дарга хэмээгдэх Ү.Хүрэлбаатар нар МҮБХ-ны тамга тэмдэг гэх зүйлийг хууль бусаар нөлөөлж, хийлгэн авсан байх тул тэдний явуулах хууль бус ажиллагаанаас болгоомжлохыг нийт харилцагч байгууллага, хүмүүс, бөхчүүд, бөхийн хамт олонд мэдэгдэн сэрэмжлүүлж байна.

Энэ хууль бус ажиллагааг зогсоолгохоор Монголын Үндэсний Бөхийн Холбоо шүүхэд хандаад байна.

Дархан аварга Б.Бат-Эрдэний тэргүүлж буй холбооныхоны үзүүлсэн баримт /Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой/

Х.Баянмөнх: Намайг хөгшин гэж дарамтална гэвэл гонжийнжоо шүү

Харин Л.Чинбатын тэргүүлж буй бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн М.Хүдэрбаатар "Шүүхээс хурал зохион байгуулж болохгүй гэсэн захирамж гаргасан байхад гуравдугаар сарын 24-нд хурал зохион байгуулсан нь хууль бус. Мөн гуравдугаар сарын 14-нөөс хойш тамга тэмдэг хэрэглэж болохгүй гэсэн шүүхийн захирамж ч байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэр яг одоо миний гарт байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн шийдвэр гээд гурвуулаа байхад яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ. Та бүхэн үнэхээр албан ёсных юм бол бидэнтэй ирээд уулзаад, мэтгэлц гэж албан ёсоор хэлмээр байна" гэв.

 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх "Ер нь бол би их баяртай байна. Бөхийн холбоо бол хөгшин залуу гэхгүй бүх бөхчүүдийн нэгдэх ёстой газар. Хэчнээн өнөөдөр би нас өндөр гарсан ч гэсэн үнэний төлөө явна. Монголын ард түмэнд үнэн үг хэл. Энэний төлөө би бүх насаараа явж ирсэн. Тамга тэмдэг улсын бүртгэлийг нь хүчингүй болгочихсон байхад үйл ажиллагаа явуулаад байгаа танхай балмад юмыг хүлээн зөвшөөрч болохгүй. 

Зарим хүн намйаг насны буянаа эдлээд дуугай сууж бай гэж хэлсэн байна. Тэр хүнд хандаж хэлэхэд би дахиад 10 жил шинжлэх ухаан, бөхийнхөө үйл хэрэгт зүтгэх чадалтай байна. Сая Магалжав "Залуучууд бид бөхөө авч явна" гэж хэллээ. Үгүй ээ. Залуу хөгшингүй авч явна. Миний отгон хүүхдээс насаар бага хүүхдүүд байж сая намайг ороод ирэхэд хүндлээд наашаа суу гэж болно доо. Тэгсэнгүй. Хөгшин хүн юу ч хийхгүй чимээгүй сууж байх ёстой гэсэн буруу ойлголт, буруу хүмүүжилтэй болчихсон байна. Намайг хөгшин гэж голоод байгаа хүмүүст хэлэхэд би болоогүй одоо курст сурах гэж байгаа. Монгол бичиг сурах гэж байна. Намайг хөгшин гэж дарамтална гэвэл гонжийнжоо шүү. Би үндэсний бөхийнхөө төлөө нүд аних хүртлээ тэмцэнэ" гэлээ.

Л.Чинбатын тэргүүлж буй бөхийн холбооныхоны үзүүлсэн баримтууд /Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой/

 

Хэвлэлийн бага хурлын үеэр 

Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой.