Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сайдын тушаалыг үл тоосон компанийн эздийг тогтоохоор цагдаагийн газарт мэдэгдэл хүргүүллээ

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 3
Үндэсний шуудан
Зураг зураг

Зайсан толгойн зүүн энгэрийг зөвшөөрөлгүй ухаж, байгаль хамгаалагч, цагдаа нар үйл ажиллагааг нь зогсоож дийлэхгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхний чөлөөт цагаа өнгөрөөдөг, жуулчдын очих дуртай газруудын нэг болсон тус газрын зүүн энгэрт өнгөрсөн сарын 21-нээс эхлэн төмөр хашаа барьж, ямар ч зөвшөөрөлгүйгээр ухаж эхэлснийг холбогдох яам болон хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн байна.

Тухайлбал, уг энгэрийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн үеэл дүү О.Одсүрэн ухуулж байна гэх мэдээлэл байгаа юм. Нийслэлийн прокурорын газраас дээрх газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай тогтоол гаргаж, иргэн О.Одсүрэнд хүргүүлсэн ч тогтоолыг үл ойшоон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан аж. Тиймээс тухайн үед БОАЖЯ, ЦЕГ-ын зүгээс зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байсан иргэн О.Одсүрэнгийн машин, техникийг зогсоожээ. Гэсэн ч тэрбээр дахин Зайсан толгойн зүүн энгэрийг ухаж эхэлсэн байна.

Энэ талаар Богд уулын дархан цаазат газрын дарга Ц.Дуламсүрэн “Зөрчлийн хуулийн дагуу прокурорын тогтоол үйлдээд, үйл ажиллагааг нь зогсоочхоод байтал өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд ажлын бус цагаар уулыг ухаж, урьд шөнө нь зөвшөөрөлгүй хашаа барьсан байсан. Ингээд холбогдох байцаагчид орох гэтэл оруулахгүй хөөж гаргасан. О.Одсүрэн гэдэг хүний ухаж байгаа газар ямар ч зөвшөөрөлгүй. Хууль бус үйл ажиллагаа явуулаад байгааг тогтоох гэхээр тогтоож чадахгүй байна.

Түүнчлэн н.Дайчинхүү гэгч өнгөрсөн баасан гаригийн шөнө Зайсангийн бурхантай хөшөөний урд зөвшөөрөлгүй газар ухаад карказ босгочихсон байсан. Сайдын тушаал гарч буулгуулахаар болоод байна. Сайдын хориглосон тогтоол гарчихад байхад бидний үйл ажиллагааг үл тоогоод байгаа хүмүүсийг хэн болохыг мэдэх арга алга. Үүнийг олж тогтоохыг хүсэж, Цагдаагийн газар мэдэгдэл хүргүүлээд байна” гэв.

Тусгай хамгаалалттай газар нутагт 2004 оноос хойш 2,070 орчим гэрчилгээ олгогдсон байдаг аж. Тиймээс БОАЖ-ын сайдын тушаалаар Туул голтой ойрхон олгогдсон 28 газрыг цуцлах шийдвэр гарчээ. 2,070 орчим гэрчилгээг нэг бүрчлэн тогтооход цаг хугацаа шаардлагатай ч тусгай хамгаалалттай газар нутагт олгогдсон газруудын жагсаалтыг энэ жилдээ багтааж хийнэ гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

 

Зураг