Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Сугир: 5,000 ажлын байр бий болгоно

А.Цэрэндорж
2018 оны 3 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугиртай ярилцлаа.

 -Өмнөговь аймаг түүхэндээ байгаагүй бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Хөгжлийн бодлого шинэ төвшинд гарсан гэж ойлгож байна?

-Сүүлийн жилүүдэд орон нутаг болон улсын төсвийн орлого нэмэгдсэн. Өнгөрсөн онд аймгийн төсвийн орлогын 63 хувийг Оюутолгой, 20 гаруй хувийг Тавантолгойгоос бүрдүүлсэн. Энэ онд аймаг 171.3 орчим тэрбум төгрөгийн орлого бүрдүүлнэ. Үүнээс 61 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэх юм. Аймаг энэ онд улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөр 103.8 тэрбум төгрөгийн ажил хийнэ. 70 гаруй хувийг нь Даланзадгад хотод хийх бүтээн байгуулалтын ажилд зарцуулна.

Мөн театр, музей, засмал зам гэсэн том ажил хийхээр төлөвлөөд байна. Бид дөрвөн жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 5,000-гаас доошгүй ажлын байр бий болгох зорилт тавьсан. Тогтвортой ажлын байр бий болгохын тулд 20-оос доошгүй үйлдвэр байгуулна. Малчдын үйлдвэрлэсэн ноос, сүүг дахин боловсруулж гадаадад экспортод гаргах эсвэл дотоодын уул уурхайн компаниудын хэрэгцээнд нийлүүлдэг үйлдвэрийг бий болгоё гэж зорьсон байгаа. Ер нь тогтвортой ажлын байртай байж л хөгжил ирнэ.

Уул уурхайгаар тогтвортой ажлын байртай болно гэж төсөөлөхгүй байгаа. Уул уурхай бол дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унавал ажилчид нь ажилгүй болдог гашуун туршлага бий. Оюутолгойн үйл ажиллагаа зогсоход хэдэн мянгаараа ажилгүй болж байсан. Гэтэл ирж байгаа хүмүүс нь байнгын ажлын байртай, өндөр цалин авах юм шиг зээл тавьж байр, машин авдаг. Гэнэт ажлын байр нь байхгүй болохоор өрөнд орж үлддэг. Тиймээс тогтвортой ажлын байр бий болгоход анхаарч ажиллана гэсэн зорилго тавьсан байгаа.

-Тогтвортой ажлын байрны танилцуулгаас харахад шилдэг төрийн албан хаагчдыг ажиллуулан тэтгэлэг, урамшуулал өгнө гэж байна?

-Дээр үед говьд ажиллах хүн их ховор байлаа. Тиймээс говийн нэмэгдэл гээд Засгийн газраас шийдээд өгдөг байсан. Говийн цаг уур их хуурай, амьдрах орчин тааруу байсан. Одоо бол уул уурхай нэлээд эрчимтэй хөгжсөний үр дүнд уул уурхайг дагаж суурин болон хөдөлгөөнт хүн амын тоо нэмэгдсэн. Үүнийг дагаад эрүүл мэнд, боловсролын салбарт нарийн мэргэжлийн туршлагатай боловсон хүчин манай аймагт дутагдаж байна.

Аймгийн удирдлагын төвшинд нэгдүгээрт, орон нутагтаа олон жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчдаа дэмжих бодлого барьж байгаа. Сайн ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулж, орон сууцжуулах, говийн дэмж­лэгийг бий болгосон.

Өмнөговь аймгийн боловсролын салбар ЭЕШ-аар олон жил 15-аас буухгүй явж ирсэн. Мөн эрүүл мэндийн салбарын хувьд боловсон хүчний хангамж муу. Эх баригч, шүдний эмчийг ирүүлэхийн тулд орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөр зарласан байгаа.

Үнэхээр улсын хэмжээнд мэргэжил, дадлага туршлагаараа тэргүүний шилдэг багш, эмч нарт аймгийн Засаг дарга албан ёсоор гэрээ байгуулж энд амьдрах орон сууцыг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдээд тодорхой хугацаанд гэрээ байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүний санаачилгаар тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг урьж 45 хоногийн цалин өгч ЭЕШ-д бэлдүүлэхэд улсад IV байрт орсон.

-Бүтээн байгуулалтын жилд ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Хэдийгээр босоо удирдлагатай ч боловсрол, эрүүл мэндэд их анхаарч байгаа. Энэ оныг аймгийн хэмжээнд “Их бүтээн байгуулалт”, “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Манайд эрүүл мэндийн салбарт доголдож байгаа олон асуудал байгаа. Тухайлбал, мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц, эмч мэргэжилтнүүдийнхээ харилцааг эерэг зөөлөн байлгахад илүү анхаарч ажиллая. Мөн эмч нараа гадаад, дотоодын эмнэлгүүдэд дадлага хийлгэж туршлага судлуулах, боловсон хүчнүүддээ шинэ юм үзүүлж байх хэрэгтэй гэсэн бодлого барьж байгаа.

Манай аймгийн хувьд мал аж ахуй чухал салбар. Үүнийгээ бас чухалчилж авч явна. Хоёрдугаарт, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд зохих төвшинд явж байх ёстой. Мөн уул уурхайгаас илүү аялал жуулчлалыг илүү анхааръя. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд бий болгоё. Хилийн боомтуудыг олон улсын боомт болгоё. Ингэснээр гуравдагч орны аялал жуулчлал Монголд орж ирэх боломж бүрдэнэ.

Зөвхөн манай Шивээ хүрэнгийн цаад талд “Тооройн баяр”-т жуулчин их байдаг. Тэр жуулчдаас 40-50 мянган жуулчныг Монголын хилийн орчмоор хоёр хоногийн хугацаатай тойруулж яагаад болохгүй гэж. Энэ их мөнгөний урсгалыг бид оруулж ирж чадахгүй байна. Монгол том хоёр зах зээлийн дунд байгаа учраас бусад орноос давуу зүйлээ тодорхой хэмжээнд ашиглах ёстой.

-Иргэдтэй уулзаж байхад аймгийн удирдлагууд гар урлал хийдэг хүмүүсээ дэмждэггүй гэж байсан?

-Аялал жуулчлал сайн хөгжвөл манай гар урлалын бүтээлүүдийн борлуулалт тодорхой хэмжээнд өснө. Тэр утгаараа энэ хүмүүсийн орлого нэмэгдээд явах боломж бүрдэнэ. Аймгаас “Говь фестиваль”-ийг жил бүр зохион байгуулдаг. Энд малчид өөрсдийнхөө үйлд­вэр­лэсэн цагаан идээг авчирч оролцдог. Дээрээс нь манай гар урлал урладаг хүмүүс ирж бүтээгдэхүүнээ борлуулж сурталчилах боломжийг олгодог. Тиймээс огт дэмждэггүй гэж хэлж болохгүй байх. Бид аймгийн хөгжлийн гурав дахь гол тулгуур аялал жуулчлал гэж бодож байгаа.

-Хятадаас цахилгаан авдаг Ноён сумын цахилгааныг хааяа дураараа тасалдаг гэсэн. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?

-Хятадаас авдаг цахилгаан өндөр үнэтэй байгаа. Нөгөө талаас гарсан эвдрэл гэмтлийг засах гэж цаг алддаг байж магадгүй. Түүнээс монголчуудыг дарамталъя, хохирооё гэж бодоод зориуд тасалдаггүй. Манайхан их харддаг. Баруун чиглэлийн сумуудыг дотоодынхоо гэрэл цахилгаанаар хангах бодол байгаа. Ерөнхий сайд гурван том зорилт тавьсны нэг нь эрчим хүчээр Монгол Улсаа дотоодоо бүрэн хангана. Хоёрдугаарт, нефтийн бүтээгдэхүүн.

Монгол шиг газрынхаа тосыг гадаад руу түүхийгээр нь гаргадаг орон байхгүй. Тиймээс газрынхаа тосыг боловсруулна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулна. Газрын тосны үйлдвэрээ байгуулбал ийм зүйлсийг хийнэ. Үүнийг дагаж 30 үйлдвэр байгуулагдаж, олон ажлын байр бий болно. Гуравдугаарт, ард түмнээ эрүүл хүнсээр хангахад энэ дөрвөн жилийн хугацаанд амжилт гаргаж ажиллана гэсэн зорилтыг дэвшүүлсэн.

Дээр нь “МАК” компани Нарийн сухайтын нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Эднийх ойрын үед 50 мвк-ын цахилгаан станц барихаар бэлтгэл ажил нь хангагдаад дуусаж байна. Энэ нь баруун талаа бүрэн хангах боломжтой. Тиймээс аймгийн хэмжээнд баруун талынхаа сумдыг төвийн шугамтай холбох ажлыг хийхээр болсон.

-Номгон сум ноолуураа Франц руу гаргана гэж байсан. Аймгийн хэмжээнд ноолуур борлуулахад ямар бодлого баримталж байна?

-Малчдынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр зарах үүднээс 20-оод үйлдвэр байгуулахаар зорьж байгаа. Тухайлбал, ноос угаах үйлдвэр. Засгийн газрын 21/100 хөтөлбөрт орсон байгаа. Тиймээс Засгийн газар ч дэмжих байх. Орон нутаг үүнд анхаарч ажиллана.

Ноос угаах үйлдвэртэй болбол малчдын бүтээгдэхүүнийг өндөр үнээр биш гэхэд тогтвортой байлгах юм. Номгон суманд хоршоо сайн ажилладаг. Хоршоо нь малчдынхаа ноолуурыг аваад угааж боловсруулаад гадаад руу борлуулдаг.

-Танайд ноолуурын үнэ хэд хүрдэг вэ?

-Говь шороо ихтэй учраас манай ноолуур зүүн аймгуудаас арай бага үнэтэй. Экологийн хувьд бүдүүн гэж үздэг. Ер нь боломжийн дундаж үнээр борлогддог.

-Танай аймагт Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаан болж байна?

-Говийн гурван аймгаас Ардын хувьсгалын жилүүдэд улсын наадамд түрүүлсэн бөх бол Г.Дэмүүл хурц арслан. Өмнөговь аймгаас Ардын хувьсгалын жилүүдэд Улсын заанаас дээш цолтой бөх гурав, начин 10-аад төрсөн. Үүнээс хойш улсын цолтой бөх төрөөгүй. Тиймээс манай аймгаас хүчтэн төрөх үүднээс арслангаараа бахархах барилдааныг зохион байгуулсан. Том барилдаанд өнгөлж барилддаг бөхчүүдийг урьж, тэднийг ойроос харж хөлсийг нь биедээ авч түрхэх бичигдээгүй уламжлал бий.

Тэр утгаараа аймагтаа энэ барилдааныг зохион байгууллаа. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод бөхийн өргөөнд зохион байгуулсан. Өмнө нь аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болдог байсан. Өнгөрсөн жилээс улсын цолтой бөхчүүдийг оролцуулдаг болсон.

-Танайх цахим оффисоороо анхдагч байх аа?

-Тийм ээ. Хэдэн цаас шидэлцээд байх биш. Гадаад руу, хот руу явсан ч ажлаа алдахгүйгээр цахимаар бүх асуудлаа шийддэг болсон.

Зураг