Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарын өсөлтийн жилүүд эхэлж байгаа ч өмнөх сургамжаа санаж, цаашдын төлөвлөгөө стратегиа ухаалгаар боловсруулах нь чухал

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 26
Сурталчилгаа

Барилга угсралтын салшгүй хэсэг болсон бетон зуурмагийн үйлдвэрлэл, нийлүүлтээр салбараа манлайлагч “Премиум конкрит” компани барилгын салбарын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах үүднээс ”ТӨГС БҮТЭЭГЧ-2018” арга хэмжээг энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний тухай болон барилгын салбарын чиг хандлага, хөгжил дэвшлийн талаар “Премиум Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганболдтой ярилцлаа.

 

- Энэ жилийн барилгын салбарын өсөлт, хөгжил ямар төлөвтэй байгаа талаар ярилцлагаа эхэлье?
- Монгол улсын барилгын салбарын 90 гаруй жилийн түүхийг хоёр үндсэн үед хувааж болно. 1990-ээд оноос өмнөх үе буюу социалист нийгмийн үед төрийн компаниуд 100 хувь оролцож дэд бүтэц, орон сууц гэх мэт маш олон томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Харин 1990 оноос хойш бүтээн байгуулалт үндсэндээ хувийн хэвшил рүү шилжсэн. Хувийн хэвшлийн бүтээн байгуулалтууд илүү шинэлэг, ноу-хау, шинэ технологийг эрэлхийлсэн, хурдацтай байдлаараа ялгарч харагддаг.

Өмнө нь 60-70 жил бүтээснээс илүү их бүтээн байгуулалтыг сүүлийн 20-30 жилийн дотор хийснээс 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэжээ.  2012-2014 оны хооронд барилгын салбар өсөлтийнхөө дээд цэгт хүрсэн гэж хэлж болно. Гэтэл 2015 оноос хойш эдийн засгийн хямрал нүүрлэж, бүх салбарыг хамарсны дотор барилгын салбарт хамгийн хүндээр тусч, энэхүү салбарт ажиллаж буй хувийн хэвшлийнхэнд маш том цохилт болсон. Харин энэ жилээс  өсөлт нэмэгдэх хандлагатай, өөдрөг төсөөлөлтэй харагдаж байна.

Барилгын салбарынхан энэхүү өсөлтийг цаашдаа нэлээд хэдэн жил үргэлжлэх байх гэсэн итгэл найдвар тээн оныхоо ажлыг эхлэхээр төлөвлөгөө, стратегиа боловсруулаад шамдан ажиллаж эхэлж байна.  

Хямрал дандаа муу үр дагавар дагуулдаггүй гэдгийг уналтын жилүүдийн туршлагаас компаниуд ойлгосон байх гэж боддог.

Хямрал дандаа муу үр дагавар дагуулдаггүй гэдгийг уналтын жилүүдийн туршлагаас компаниуд ойлгосон байх гэж боддог. Учир нь эдийн засгийн хямралын үед компани яавал хамгийн өндөр бүтээмжтэй хамгийн бага зардалтай, хамгийн богино хугацаанд төслийг хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг ухаарсан болов уу.

Үргүй зардал гаргах, цаг хугацааг тоомсорлохгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт алдаа дутагдал нь компанид асар сөрөг нөлөөтэй, үүнийг илүү богино хугацаанд, бага зардлаар, өндөр бүтээмжтэйгээр яаж явуулах вэ гэдэг дээр маш их ойлголт авсан нь хямралын давуу тал гэж хэлж болно. Хэдийгээр өсөлтийн жилүүд эхэлж байгаа ч өмнөх сургамжаа санаж бүх салбарын хувийн хэвшлийнхэн цаашдын төлөвлөгөө стратегиа боловсруулаад явах нь чухал.

- “Төгс бүтээгч” арга хэмжээг зохион байгуулах болсон нь энэхүү туршлага, сургамжаа хуваалцахын тулд гэж ойлгож болох нь ээ?
- Тийм шүү. Энэ өсөлт хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй. Барилгын салбар нь уул уурхай, түүхий эд материалын өсөлт уруудалтын циклээс шууд хамааралтай явдаг. Магадгүй хэдэн жилийн дараа эргээд эдийн засаг жаахан агшихыг үгүйсгэхгүй. Иймэрхүү эрсдэлд бизнес эрхлэгчид бэлэн байх хэрэгтэй.

“Премиум Конкрит” компани нь байгуулагдсанаа хойш 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд барилгын материал үйлдвэрлэлийн салбарын маш олон хэрэглэгчидтэй хамтран ажиллажээ. Барилгын салбарт, тэр дундаа барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг компанийн хувьд энэ өсөлт, уруудалт, эдийн засгийн нөхцөл байдлыг биеэрээ мэдрээд, даван туулаад өнөөдрийг хүрсэн.

Тиймээс бид сурсан мэдсэн, амссан туршлагаа бусадтайгаа хуваалцах, хэрхэн боломжийг олж харж түүнийг ашиглах, юун дээр ихэвчлэн алддаг талаар өөрсдийнхөө болон салбарын бусад мэргэжилтнүүдийн санаа бодлыг хүргэх зорилгоор, барилгын улирал эхэлж буй энэ үед “Төгс бүтээгч 2018” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

- Төгс бүтээгч байхын тулд барилгын салбарын компаниуд юун дээр хамгийн ихээр анхаарах ёстой вэ?
- Бүх л салбар уялдаа, холбоотой. Тэр нь аж үйлдвэрийн салбар, энэ нь хөнгөн үйлдвэрийн гэсэн зүйлгүй бүгд харилцан хамааралтай явдаг учраас Төгс бүтээлийг бий болгохын тулд бүх салбар жигд хөгжих, хөгжихийн төлөө чин хүсэл тэмүүлэлтэй явах нь зөв гэж боддог. Бүхий л бизнесүүд, барилгын салбарынхан ч ялгаагүй төгс байхын төлөө тэмүүлдэг тул үүнийг нь бэлгэдэж арга хэмжээгээ “Төгс бүтээгч” гэж нэрлэсэн юм.

Манай компанийн хувьд олон улсын томоохон төслүүдтэй хамтран ажиллаж, тэдний нэг хэсэг нь болж явдгаараа маш их бахархдаг. Жишээ нь: Бид Монголын анхны салхин сэнсний гурван төслийн бетон зуурмагийг нийлүүлсэн бөгөөд одоо ч нийлүүлж байна. Мөн сүүлийн хэдэн жилд хийгдсэн хамгийн том мега төслийн нэг болох Шинэ нисэх онгоцны буудлын төсөлд маш олон төрлийн бетоныг Япон Солонгосын өндөр туршлагатай, мэргэжлийн боловсон хүчинтэй хамтран хийж гүйцэтгэлээ. Эндээс бүтээгдэхүүний чанар гэж юу вэ? Хэрхэн эрсдэлгүй, аюул осолгүй ажиллаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэх талаар үнэтэй туршлага хуримтлууллаа. Мөн бид зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш, хамтран ажиллаж буй төслийнхөө нэг хэсэг, эд эс нь болж явдаг учраас бидний үйл ажиллагаа бага зэрэг л доголдвол тухайн төслийн үр ашиг, цаг хугацаа гээд бүх зүйлийг нь эрсдэлд оруулдаг.

Тэгэхээр ийм байдал үүсгэхгүйн тулд туслан гүйцэтгэгч байна уу, бэлтгэн нийлүүлэгч байна уу хэн ч байсан үйл ажиллагаандаа нягт анхаарч, өөрсдийнхөө дотоод зохион байгуулалтыг маш сайн болгох, хүмүүсээ өндөр хэмжээнд боловсруулж сургах, аюулгүй ажиллагааг дээд зэргээр баримталж ажиллах ёстой. Тэгж байж бүтээл бүхэн маань ТӨГС болно гэдгийг илүү ойлгож сурч байна.

Бид зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бус хамтран ажиллаж буй төслийнхөө нэг хэсэг, эд эс нь болж явдаг.

 

Мөн дэлхийн хэмжээний том төсөл болох “Оюу толгой”-д оролцсоноор аюулгүй ажиллагааг илүү өндөр түвшинд, олон улсын хэмжээнд байлгах тал дээр суралцаж байна. Уул уурхайн стандарт маш хатуу, бид тэр түвшинд нь аюулгүй ажиллагааг ойлгож, сурч, хэрэгжүүлж байна. Энэ талаараа ч бас бусад компаниудтайгаа санал бодлоо хуваалцана. Эрдэнэт хүний амь нас, аюулгүй байдал бол юутай ч харьцуулшгүй хамгийн чухал зүйл. Цаашлаад нэг хүнд гэмтэл бэртэл тохиолдоход тухайн төсөл тэр чигтээ зогсох эрсдэл байдаг учраас аюулгүй ажиллагааг хамгийн эхэнд тавьж анхаарах ёстой.

Бид зүгээр л нэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд нийлүүлчихдэг хүмүүс биш, илүү олон үүрэг хүлээдэг юм байна гэдгийг ухамсарлах шаардлагатай болж байна.

- Арга хэмжээнд илтгэл тавих хүмүүсийн талаар уншигчид маань сонирхож байгаа болов уу?
- Бид энэхүү арга хэмжээгээ төлөвлөхдөө зөвхөн “Премиум Конкрит” компани өөрийнхөө туршлага мэдлэгээ хуваалцаж, илтгэл тавья гэсэн зорилго агуулаагүй. Энэ салбарт ажилладаг, салбартаа танигдсан томоохон компаниудыг урьж, хамтарч оролцохоор болсон юм. Бидний хамтын үйл ажиллагаа нийлээд барилгын салбарт нэгэн том үнэ цэнэ болж очоосой гэсэндээ илтгэгчдээ урьсан.

Тухайлбал Дэлхийн олон оронд архетиктур, төслийн менежментийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлдэг “Archetype” компанийн Монгол дахь салбарын захирал хүрэлцэн ирж илтгэл тавина. Монголд барилгын салбар хурдацтай хөгжиж буй ч барууных шиг хэт өндөр барилгуудыг барьсан туршлага байхгүй шүү дээ.

Ирээдүйд архетиктурын өвөрмөц шинэлэг шийдэлтэй, өндөр барилгууд баригдах нь тодорхой учраас, одоо энэ чиглэлийг ярилцаж эхлэх ёстой гэдэг үүднээс “Өндөр барилгын төсөв тооцоолох аргачлал, анхаарах зүйлс” гэсэн сэдвийг оруулсан. 

Барилгын материал болон зуурмагийг зарим хүмүүс хэт энгийнээр ойлгодог. Газраас нэг чулуу элс аваад л цемент устай зуурч холиод бетон болно гэдэг ч юм уу. Гэтэл тэр бүх материалууд нь дотроо маш нарийн техникийн шаардлагыг хангасан байх ёстой. Тэр бүгдийг анхнаас нь судалж, шалгаж, туршсаны үндсэн дээр бетон зуурмаг бий болдог. Дашрамд хэлэхэд материалын инженерийн мэргэжил, материал судлал гэдэг нь шинжлэх ухааны нэг чухал хэсэг юм.

Барилгын материал болон зуурмагийг зарим хүмүүс хэт энгийнээр ойлгодог. Гэтэл тэр бүх материалууд нь дотроо маш нарийн техникийн шаардлагыг хангасан байх ёстой.

 

Орчин үед бетоныг химийн нэмэлтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Төслийн цаг хугацааг хэмнэж, илүү богино хугацаанд бэлэн болгохын тулд түргэн бэхжүүлэгч хийдэг болсон. Бетон өөрөө тодорхой хэмжээнд амьсгалж байх ёстой. Тэрхүү шинж чанарыг нь дэмжих агаарын нэмэлт гэж бас бий. Химийн нэмэлтээр BASF болон SIKA гэсэн хоёр том компани дэлхийд тэргүүлдэг. Бид BASF компанитай хамтран ажилладагийн хувьд энэхүү компанийн эрдэмтнийг илтгэл тавиач хэмээн урьсан. Химийн бетон, химийн нэмэлт гэж юу болох, түүнийг хэрхэн хэрэглэх талаар барилгын салбарынханд нарийн ойлголт өгөх зорилгоор илтгэгч маань мэдээлэл хуваалцах юм.

Монгол улсын эрс тэс цаг уурын нөхцлөөс шалтгаалаад өвлийн улиралд барилгын ажил үндсэндээ зогсдог. Тиймээс өвлийн улиралд бетон цутгалт хийх боломжийн талаар туршлага, судалгаан дээр үндэслэсэн илтгэлийг тавихаар бэлдсэн. Мөн байгаль орчны талаар уриалга гаргаж байгаагийн хувьд энэ салбарт ээлтэй ямар ямар үйл ажиллагаа явуулж болох талаар манай компанийн судалгаа хөгжлийн газраас илтгэл тавигдах юм.

- Маш сонирхолтой үр өгөөжтэй, илтгэлүүд тавигдах нь ээ?
- Цаг хугацаа гэдэг зүйлийг үнэ, мөнгөөр хэмжих аргагүй. Тиймээс л бид хүрэлцэн  ирсэн зочдынхоо цаг завыг үр өгөөжтэй зүйлд зарцуулахын тулд бүх илтгэлийг хамгийн шинэлэг, сонирхолтой байхаар сонгож, ярилцсан.

Жишээ нь: Төслийн менежментийг хамгийн зөвөөр яаж төлөвлөх, хэрхэн зохион байгуулах талаар компанийнхаа зөвлөх Америкийн иргэн Тим Блантон хэмээх өндөр туршлагатай мэргэжилтнээ оролцуулж байна. Жижиг нэг барилга ч бай, асар том барилга байгууламж, дэд бүтцийн төсөл аль нь ч байсан төслийн менежмент гэдэг зүйлийг өндөр түвшинд хийх ёстой. Тиймээс л бид олон улсад танигдсан, арвин туршлагатай хүнийг тусгайлан урьсан байгаа.

Мөн барилгаа борлуулах гэхээр өрсөлдөөн их байна, нөгөө талдаа хэрэглэгчдийн маань худалдан авах чадвар сул талдаа байгаа ийм нөхцөлд орон сууцыг хэрхэн ашигтайгаар, хүний хэрэгцээ, тав тухыг хангасан байдлаар хийх талаар тавилга интеьерийн чиглэлээр ажиллаж буй “Ганброс” компанийг оролцуулж байгаа гэх мэт бүх илтгэлүүд маань салбарын байгууллагуудад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулаасай гэсэн үндсэн дээр мэргэжилтнүүдтэйгээ хамтраад үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм.       

- Үнэ цэнийг та хэрхэн хардаг вэ? Үнэ цэнэ гэж яг юуг хэлээд байна вэ?
- Бид тухайн төсөлд ямар нэгэн эрсдэл учруулахгүйгээр, үйл ажиллагаагаа өндөр зохион байгуулалттай явуулсанаар салбартаа үнэ цэнийг бий болгодог гэж ойлгодог. Үнэ цэнэ гэж юу вэ гэдэг талаар их олон ойлголт явдаг л даа. Хэн нэгний өмнө үүрэг хүлээгээд ажиллаж л байвал тухайн байгууллагынхаа, тэр төслийнхөө бүрэн нэг хэсэг нь болж яваад төслийн өртөг, цаг хугацаа, аюулгүй байдал, найдвартай, тасралтгүй нийлүүлэлт зэргийг үүргийнхээ хэмжээнд нь өгч чадаж байвал тэр нь бүтээгдэхүүнээс гадна өгч буй үнэ цэнэ юм.

Энэ нь туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчдийн гол зорилго гэдгийг зарим компаниуд дутуу ойлгосон нь анзаарагддаг. Бүтээгдэхүүнээ бөөн хэл ам дагуулж байж чанаргүй савалгаатай, тогтмол бус нийлүүлчихээд бид ажлаа хийчихсэн гэж ойлгож болохгүй л гэсэн санаа юм.

Би өрсөлдөж байна гээд хэрэглэгчээ хохироогоод ямар нэгэн хуурамч, бүрэн бус эсвэл чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлээд яваад байж болохгүй, богино хугацаанд энэ нь ашигтай байж магадгүй юм, гэхдээ урт хугацаанд өөрсдийг нь эрсдэлд оруулдаг.

 

- Таны ярианаас сонсоход салбарынхантайгаа бүх туршлагаа хуваалцаад зэрэг хөгжөөд явахыг хүсч байгаа нь харагдлаа. Харин та өрсөлдөөний тухай та ямар бодолтой байдаг вэ?
- Ямар ч төсөл нь захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч, борлуулагч гээд бүхэл бүтэн цогц үйл ажиллагааны нийлбэр бөгөөд бүгд өндөр зохион байгуулалттай байж амжилтад хүрдэг. Тиймээс бүгдээрээ л хамт хөгжвөл илүү өндөр бүтээмжтэй, бага зардлаар, илүү үр ашигтай ажиллаад байх боломжтой гэж хардаг. Улмаар  салбар маань ч хурдтай хөгжинө. Цаашилбал энэ салбарт ажиллаж буй хэдэн зуун мянган хүнийг ажлын байраар тогтвортой, найдвартай хангана.

Ер нь өрсөлдөөн нь хөгжлийн түлхүүр болдог гэхэд буруудахгүй. Харин өрсөлдөөн шударга байх ёстой. Би өрсөлдөж байна гээд хэрэглэгчээ хохироогоод ямар нэгэн хуурамч, бүрэн бус эсвэл чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлээд яваад байж болохгүй, богино хугацаанд энэ нь ашигтай байж магадгүй юм, гэхдээ урт хугацаанд өөрсдийг нь эрсдэлд оруулдаг.

Бидний барьсан байшин, орон сууц, албан байранд үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садан маань хэдэн үеэрээ амьдарч, ажилладаг. Тиймээс л салбарын бүх ажилчид маань шударга өрсөлдөж, сэтгэлтэй ажиллах хэрэгтэй. Нийгэмд хүлээсэн хариуцлагаа ухамсарлах ёстой.

- Нийгмийн хариуцлагын тал дээр салбараа уриалж, манлайлахын тулд ямар алхмуудыг хийж байгаа вэ?
- Бүтээн байгуулалтын ямар нэгэн үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчиндоо сайн, муу ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Муу нөлөөллийг нь аль болох бага түвшинд байлгах, түүнийг шийдэх зөв санаа шийдлийг хэрэгжүүлэх нь тухайн компанийн нийгмийн хариуцлага. Манайх нийгмийн хариуцлагатай гээд зүгээр л уриа тунхаг болгоод зарлаад явахаас илүүтэй бодит ажлуудыг хийхийг зорилго болгодог.

Анх байгуулагдсан цагаасаа хойш усыг зүй зохистой хэрэглэх, нөөцийг нь хамгаалах тал дээр анхаарч ажилласаар ирсэн. Бетон зуурмагийн үйлдвэрлэлд усыг их хэмжээгээр хэрэглэдэг. Техникийн стандарт шаардлагынхаа хүрээнд цэвэр усыг үйлдвэрлэлдээ ашиглах зайлшгүй хэрэгцээтэй ч үйлдвэрлэлд ашиглаж буй энэ үнэт цэвэр усыг хэрхэн хэмнэх вэ, саарал усыг хэрэглэх боломж байна уу гэдгийг бид судалж, туршилт хийсний үндсэн дээр зарим салбарын хэрэглэж дуусаад, дахин цэвэршүүлсэн саарал усыг бетонд хэрэглэж боломжтойг тогтоож тодорхой хэмжээний бетонд саарал ус ашиглах төлөвлөгөөг хэрэгжүүлээд явж байна. Мөн бетон тээвэрлэх тээврийн хэрэгслийг байнга цэвэрлэх шаардлагатай.

Түүнийг угаахад ахиад л цэвэр ус хэрэглэх нь бий. Харин бид угаасан усаа ахиж шүүж, тунгааж цэвэршүүлээд буцаагаад ашигладаг болсон. Ингэснээр хэрэглэж буй усаа чамгүй хэмжээнд бууруулж байгаль орчинд ээлтэй байя гэсэн зорилгоо биелүүлж байна. Мөн бусдыг ч уриалж байна. Түүнчлэн үнсийг барилгын материалын зориулалтаар ашиглах тал дээр бид мөн судалгаа, шинжилгээ хийж анхаарч ажиллаж байна. Зөвхөн 4 дүгээр цахилгаан станц гэхэд жилд 290 мянган тонн дэгдэмхий үнсийг гаргадаг. Дэгдэмхий үнс нь бидний түгээмэл ойлгодог энгийн үнснээс ялгаатай, станцын яндангаас гарч буй дэгдэмхий үнсийг цахилгаан шүүлтүүрээр шүүж авдаг.  

Үүний дараа асар их талбайд хадгалдаг. Их хэмжээний үнсийг хот дотроо хадгалах нь тоосжилт босч, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй. Тэрхүү тоосжилтыг бууруулахын ахиад л асар их ус хэрэглэж, усны хэрэглээг нэмчихэж байгаа юм. Хөгжингүй орнуудад бол станцаас гарч буй үнсийг маш өндөр түвшинд ашиглаж байна. Гэтэл манайд энэ талаар зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй. Хэдий хуулийн зохицуулалт байхгүй ч Химийн хүрээлэнгээс үнсийг барилгын салбарт ашиглах стандартыг батлуулсан нь барилгын материалд ашиглах боломжтой болгож өглөө.

 

- Өмнө нь та хиймэл элс гэж ярьсан, хиймэл элсийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь усны нөөцийг хамгаалж буй нэг том шийдэл үү?
- Тэгж хэлж болно. Өнөөдрийн байдлаар маш олон компани голын голдрилоос бетоны түүхий эд болох элсийг олборлож байгаа. Голын голдрилын хөрсөнд ус хадгалагдаж байдаг. Машин техникээр сэндийлээд, элсийг ихээр олборлохоор хөрсний доорх ус ширгэж уурших, улмаар тухайн газар хуурайшиж цөлжих маш сөрөг үр дагавартай.

Элсийг зөвхөн байгалиас авах шаардлагагүй, чулуунаас хиймэл элсийг гаргаж авах боломжтой. Энэхүү технологи олон улсад аль хэдийн нэвтрээд, практик дээр хэрэглээд өндөр үр дүнтэй, ашигтай гэдгийг нь нотлогдчихсон. Уулын чулууг буталж хиймэл элс гаргаж авах хамгийн өндөр технологи хөгжсөн орон нь Америк юм. Тиймээс бид Америкийн компани байгууллагатай нь холбоо тогтоож, судлаад, туршиж үзээд Монгол улсад нутагшуулж байна. Энэ маань бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй нэг том ажил юм.

- Та ажлынхаа юугаар хамгийн их бахархдаг вэ?
- Ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явагдахад оролцогч бүх талууд сэтгэл хангалуун байх ёстой. Оролцогч бүх талууд гэж хэнийг хэлээд байна вэ гэхээр харилцагч хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, нийт ажилтнууд, хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгчид юм. Мөн татвар төлнө тэгэхээр төр, иргэд бас орно, энэ бүхэн нийлээд оролцогч талууд болж байгаа юм.

Эдгээр оролцогч талууд маань бүгдээрээ сэтгэл хангалуун байвал бидний бахархал гэж би ойлгодог.

- Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.