Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батсүх: Барилгын компаниуд үйл ажиллагаа явуулахгүй байсан ч тусгай зөвшөөрлийг нь цуцалдаггүй

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Барилгын тухай хуулийн дагуу Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлага болон журам шинэчлэгдэн батлагдаж цахим системд нэвтэрч эхлээд байна. Уг зөвшөөрлийн үйл ажиллагааны танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. 

1,000 орчим барилгын компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна

Энэ талаар Монголын барилгын үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Батсүхээс тодрууллаа. 

-Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгохоор зорьж байгаа юм байна. Өмнө нь ямар хүндрэл бэрхшээлүүд байв. Тусгай зөвшөөрлийн журамд ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Барилгын тухай хууль 2016 онд шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор барилгын тусгай зөвшөөрөл олгох суурь нөхцөл шаардлагууд шинэчлэгдсэн.

Өмнөх тусгай зөвшөөрлийн процесс цаасан хэлбэрээр явагддаг байсан юм. Шинэ журмаар тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт материалыг хүлээн авах, олгох үйл ажиллагааг цахим системд шилжүүлэн ажиллаж байгаа бөгөөд иргэд tz.mcud.gov.mn хаягаар орж барилгын тусгай зөвшөөрөл хүсэж болно.

-Тусгай зөвшөөрлийг шаталсан дөрвөн хэлбэрт шилжүүлсэн гэсэн. Энэ тухайд дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Барилгын компаниудыг хүчин чадал, үйл ажиллагаанаас нь хамаараад төвөгшлөөр нь ангилж, тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн. Тодруулбал, бага, дунд, өндөр, онцгой зэрэг төвөгшлүүдэд хуваасан.

Өмнө нь барилгын доторх сантехникийн ажлыг нэг л зөвшөөрлөөр бага төвөгшилтэй байсан ч нэг л төвшинд хийж болдог байсан бол шинэ журмаар бага төвөгшилтэй арай бага нөхцөл шаардана.

Өндөр эрсдэлтэй объектууд дээр мэргэшсэн, зөвлөх, хөдөлмөрийн аюулгүй байдлын зэрэг инженерүүдийг шаардах болсон. Ингэснээр барилгын бат бөх чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах урьдач нөхцөл бүрдэж байна. 

-Манай улсад тусгай зөвшөөрөлтэй хэчнээн компани байдаг вэ? Үйл ажиллагаа явуулахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг хураадаг уу?

-Барилгын тусгай зөвшөөрөлтэй 5,500 компани байгаа. Үүнээс 1,000 орчим компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Барилгын компаниуд тусгай зөвшөөрөлтэй байсан ч үйл ажиллагаа явуулахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцалдаггүй. Харин тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу улирал тутам тайлангаа ирүүлж байх ёстой. 

-Барилгын салбарт тогтсон стандарт байхгүй байна. Үүнээс үүдээж чанаргүй барилгууд ихээр баригдах боллоо гэсэн шүүмжлэл их байдаг шүү дээ?

-Монголд хамгийн олон хуулийн зохицуулалттай дүрэм журамтай салбар бол барилгын салбар. Барилгын 400 гаруй стандарт, 500 гаруй норм байна. 

Барилгын компаниуд өөрийн дураар стандарт норм зөрчсөн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Барилгын ажил анх эхлэхээс авахуулаад бүх зүйл хяналтад байдаг. Барилгын ажил дууссаны дараа улсын комисс хүлээж авдаг. 

Харин барилгын дүрэм гэр хорооллын бүсэд мөрдөгдөхгүй байна. Учир нь гэр хороололд иргэн өөрийн өмчилж байгаа газраа амины орон сууц, барилга барихад ямар ч зөвшөөрөлгүй байдаг учраас хохирол чирэгдэл учирдаг. 

Гэр хороололд 220 мянган айл өрх амьдарч байгаа. Үүний 120 гаруй мянга байшинд амьдарч байна. Эдгээрт ямар нэгэн зураг төсөлтэй байшин бараг байхгүй.

-Тусгай зөвшөөрөл авсан ч барилга нь баригдаж дуусахгүй байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Барилгын ажил гүйцэтгэх, барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрлүүд тусдаа өөр ойлголт юм. Нэг нь зөвхөн ажил гүйцэтгэхийн тулд авдаг зөвшөөрөл. Хотын төвд барилга барих бол нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авдаг.

Зарим нэг барилгын ажил эдийн засгийн байдлаасаа шалтгаалаад дуусахгүй байх тохиолдол бий. Иймд барилга барих явцдаа аюулгүй байдлыг хангаж, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссан бол сунгаж ажиллах ёстой. 

Барилга байгууламжид паспортжуулалт хийх дүрэм батлагдсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Харин барилгын салбартай холбоотой ямар өөрчлөлтүүд хуульд орсон талаар Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэглээг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Батзориг " 2016 онд Барилгын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан дагаж гарах дүрэм журмууд батлагдан гарч байна.

Барилга хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл. өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрт хяналт тавих, барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид тавих шаардлага бүртгэх журам” шинэчлэгдэн батлагдаж ХЗДХЯ-нд бүртгэгдсэн.

Тухайлбал, барилга байгууламжийн паспортжуулалт, зураг төслийн магадлал хийх зэрэг дүрмүүд батлагдаад байна. 

Үүнтэй холбогдуулан иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, харилцан санал солилцох үүднээс өнөөдрийн уулзалтын арга хэмжээг зохион байгуулж байна" гэж тайлбарлалаа.