Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Ноолуурын үнийг унагах гэсэн хүмүүсийн оролдлогод автахгүй байхыг малчиддаа сануулж байна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Х.Баатар “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 2017 онд манай улс 9,400 тонн ноолуур бэлдэж, үүний 7,000 тонн нь ХААБ-ээр арилжаалагдаж байжээ.

Х.Баатар “Бид хоршоод, иргэдтэй гэрээ байгуулж ноолуурын зах зээлд Монголчууд өөрсдөө тоглох эхлэл, ХААБ сонгодог утгаараа ажиллах суурь тавигдаж байна. Энэ гэрээ эхлээд амжилттай явж байгаа. Нэгдүгээр сард ноолуур худалдаж авах урьдчилсан гэрээ байгуулсан иргэд урьдчилгаагаа малчид, хоршоонд өгчихсөн. Бид БНХАУ-ын Бохайн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан учраас цаашлаад хамтарсан арилжаа хийх бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан. Удахгүй хоорондоо хэлэлцэх гэж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас хоёр бирж хоорондоо хил дамнасан арилжаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн бид энэ оноос ХАА-н түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулж, яам хоршоодтойгоо хамтран ажиллах гэж байна. Эхний ээлжинд жишиг хоршоо байгуулагдана.

Энэ жилийн хувьд ноолуурын улирал эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг батлан гаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХААБ голлох үүрэг гүйцэтгэнэ. Яам, банк санхүүгийн байгууллагатай хамтраад үндэсний үйлдвэрүүдийг дэмжиж байгаа. Харин ХААБ нь малчид, хоршооноос худалдах захиалга авах, үйлдвэрийн худалдан авах захиалгыг өгөх ажлуудыг хийнэ. Цаашид ноолуурын боловсруулалтын түвшинг дээшлүүлнэ. Угаадаг шатыг багасгаж, экспортлохдоо эцсийн бүтээгдэхүүн байдлаар гаргахаар чиглэгдэж байна. Түүнтэй уялдуулж угаасан ноолуураас авах хураамжийг түлхүү нэмнэ.

Бид малчид, хоршооноос 7012 8779, 9918 5472, 9879 7888 зэрэг утсуудаар захиалга авна. Малчдад анхааруулахад одоо ноолуураа эрт, хямдхан өгөх гэж яарах хэрэггүй. Ер нь ноолуурын үнэ тодорхой болоод ирэхээр захиалгын дагуу ноолуураа худалдвал илүү ашиг олох байх гэж бодож байна.

Ноолуурын үнийг унагах гэсэн хүмүүсийн оролдлогод автахгүй байхыг малчиддаа сануулъя. Үнийн тухайд өнгөрсөн оноос буурахгүй түвшинд байна гэсэн прогнозтой байна” гэв.