2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
06:00
S44
12°
07:00
S44
16°
08:00
S44
19°
09:00
S44
21°
10:00
S44
24°
11:00
S44
26°
12:00
S44
27°
13:00
S44
28°
14:00
S44
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноолуурын ханшийн өсөлт, малчдад боломж, үйлдвэрлэгчдэд сорилт авчирна

Д.Мягмардорж
2018 оны 3 сарын 12
Үндэсний шуудан

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг кг ноолуурын ханш 110 мянган төгрөг хүрч цойлж байлаа. Удалгүй 60 мянга хүртэл буураад тогтож байсан юм. Тэгвэл энэ хавар ноолуурын ханш мөн л өндөр эхлэх хүлээлттэй байгааг салбарынхан онцолж байна.

Учир нь манай хамгийн том худалдан авагч болох БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт нэмэгдэх боломж үүсжээ. Үүнийг тус улсын банкууд хэдэн жил зогсоогоод байсан эргэлтийн хөрөнгийн зээлээ энэ оноос дахин олгож эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна. Манай улсын мал аж ахуйн салбар бусад оронтой харьцуулахад бага өртөгтэй гэж үздэг. Малын ус, тэжээлийг бэлчээрээс үнэгүй авдаг.

Тиймээс ноолуурын орлого малчин өрхөд 100 хувь ашиг болж очдог талтай. Иймээс ноолуурын ханш үнэ өндөр тогтох нь 160.7 мянган малчин өрхийн амьжиргаанд сайнаар нөлөөлөх ч нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэгчдэд хүнд тусна гэсэн үг. БНХАУ-ын банкууд эргэлтийн хөрөнгийн зээлийг үйлдвэрлэгчид дээ жилийн хоёр хүртэлх хувийн хүүтэй олгодог бол манайхан 13-24 хувийн хүүтэй зээл авч эргэлдүүлдэг байна.

Энэ тогтолцоо нь ноолуурын зах зээл дээр БНХАУ-ын худалдан авагчид голлон тоглох боломжийг бүрдүүлж иржээ. Энэ жилийн тухайд ч урьдын жишгээр урд хөршийн худалдаачид ноолуурын ханш өндөр тогтоход ихээхэн нөлөөтэй оролцох таамгийг салбарынхны зүгээс дэвшүүлж буй юм. Үүнийг дагаад энэ хавар нэг кг ноолуурын ханш 100 мянган төгрөг давах магадлалтайг ченжүүдийн зүгээс хэлж байна.

Монгол Улсын хэмжээнд энэ онд 9,400 тонн ноолуур самнаж авах урьдчилсан тооцоо гарсан. Нийт ноолуурынхаа 18 гаруй хувийг дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бол үлдсэн хэсгийг угаан гадагшаа гаргана. Энэ нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг Монгол Улс хангаж буй үзүүлэлт аж. Уг тоо цаашид ч өсөх боломжтой бөгөөд 2015 оны мал тооллогын дүнгээр 23 сая толгой ямаа тоологдож байсан бол 2017 онд 27 сая болж өсжээ. Хэдийгээр Хятадын ямаан сүргийн тоо толгой буурч байгаа ч нийт зах зээлийн талаас илүү хувийг дангаараа хангаж, гол тоглогчийн байр сууриа алдаагүй байгаа юм.

Дэлхийд хамгийн том боловсруулах ээрмэл үйлдвэртэй, үйлдвэрлэлээ дэмжих банкны зээлийн хүү бусад улстай харьцуулшгүй бага байгаа нь тэдний давуу талыг хадгалжээ. Иран, Шинэ Зеланд, Афганистан зэрэг улсын ноолуур үлдсэн багахан хувийг эзэлдэг. Монголын ноос ноолуурын холбооны мэдээлснээр энэ салбарт жижиг, дунд, том 200 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт 10 гаруй мянган хүн ажиллаж байна.

Хамгийн том нь 1,400 гаруй ажилтантай. Мөн “Говь”, “Ээрмэл” зэрэг компаниудыг дагаад жижиг дунд үйлдвэр хөгжиж эхэлжээ. Томоохон компаниудаас утас авч хувцас үйлдвэрлэдэг 10-20 жижиг дунд үйлдвэр хэдийнээ хөлөө олоод амжсан байна. Тэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг экспортод гаргадаг.

Уур амьсгал ширүүн учраас монгол ноолуур бусад орныхоос илүү дулаан, тусгаарлах чадвар сайн, органик байж чаддаг аж. Энэ нь өмнөд хөршийн үйлдвэрлэгчтэй өрсөлдөх нэг онцлог юм. Нэг ямаанаас дунджаар 250 грамм ноолуур авч, нэг грамм цэвэр ноолуураар 9-10 метр утас ээрдэг. Монгол ямааны ноолуурын ширхгийн голч 13.0-16.5 мкм дундаж урт 38-45 мм бөгөөд монголын эрс тэс цаг ууртай холбогдон дулаан хадгалах чанараараа бусад орны ямааны ноолуураас давуу байдаг аж.

Иймээс Хятадын үйлдвэрлэгчид ширхгийн чанар муутай ноолуураа Монголоос импортолсон чанартай ноолууртай хольж бүтээмжээ ихэсгэж байгаа талаар судлаачид дурджээ. Гэвч Хятадын ноолуурын экспортын 70 орчим хувь нь бэлэн бүтээгдэхүүн. Харин Монгол ноолуурынхаа ердөө 13 хувийг бэлэн бүтээгдэхүүн болгож экспортолдог. Энэ нь монголчууд түүхий ноолуур бус бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж буй.

Ноолуурыг боловсруулалтгүй экспортолсноор бэлэн бүтээгдэхүүнээс олж болох илүү боломж давуу талаа алдсаар байна. Дунджаар 100 мянган төгрөгийн үнэлгээтэй ноолуур маань хэд хэдэн үйлдвэрийн шат дамжлаг давж бэлэн бүтээгдэхүүн болсноор олон мянган ам.долларын бүтээгдэхүүн болдог. Зах зээлд ноолууран бүтээгдэхүүний хувьд голч, орцоосоо хамааран 100-5,000 ам.долларын үнэд хүрдэг байна.

Жишээ нь, цамц, хүрэм 200-1,000, хөнжил бүтээлэг 2,400 ам.доллар гэх мэт. Энэ мэтээр ноос ноолуурын салбараас хүртэх өгөөж өндөр ч тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд нь хоёр асуудал сөргөөр нөлөөлж байгааг Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу хэллээ. Тэрбээр “УИХ-аас Биржийн тухай хуулийг 2011 онд баталж, Хөдөө аж ахуйн бирж байгуулсан. Гэтэл тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам биржийн тогтолцоог буруу тийш нь эргүүлсэн. Анхан шатны үйлдвэрүүдэд боловсруулсан ноолуурт тодорхойлолт өгөхийг яамны зүгээс шахах болсон.

Уг нь Биржийн тухай хуульд “Хоршоод малчдаас түүхий эдээ аваад, тордолт хийгээд биржид гаргана. Нөгөө талаас нь үйлдвэрүүд биржид түүхий эдийн захиалга өгөөд хоршоодоос биржид нийлүүлсэн түүхий эдийг худалдаж авах тогтолцоо бүрдүүлнэ” гэсэн байгаа. Гэвч салбарын сайд энэ тогтолцоог бүрдүүлэхийн оронд хуулиас давсан захирамж гарган, түүнийгээ мөрдүүлэхээр шүүх дээр дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ маргаан өрнүүлээд явж байна.

Мөн банкны зээлийн хүүг бууруулахгүйгээр боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй. Өнгөрсөн хугацаанд төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож ирсэн. Тухай бүрт нь хүүгийн зөрүүг татвар төлөгчид төлж байгаа юм. Төрөөс алийн болгон татаас өгч тогтоох юм бэ. Зээлийн хүү буурсан тохиолдолд ноолуураа түүхийгээр нь БНХАУ руу гаргах шаардлагагүй болно. Ноолуур боловсруулах үйлдвэрийн ашгийг 16 хувь гэж үздэг. Гэтэл 20 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа нь эрүүл тогтолцоо юу. Энэ тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага байна” гэв.

Засгийн газраас ноолуурыг стратегийн түүхий эд гэж үзэн салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг өнгөрсөн сард баталж, хэрэгжүүлэхээр тогтоод байгаа. Хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжих бөгөөд шаардлагатай хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байх аж.

Үр дүнд нь нэхмэлийн салбарт 3,600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7 дахин өсөж, жилдээ 19.8 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байгаа. Энэ хүрээнд ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн “Ноолуур хөгжлийн сан” байгуулах асуудлыг ч хөндөх аж. Уг нь 500 тэрбум төгрөг байхад, үндэсний үйлдвэрлэгчид ноолуураа 100 хувь дотооддоо нөөцлөх боломжтой гэсэн тооцоо байдаг.

x