Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-иас зарласан 60 жилийн ойн лого бүтээх уралдааны дүн гарч, ялагчаа тодруулжээ.
Уралдааны ялагчаар “Октард косметикс” компанийн дизайнер Цогтсайханы Тэлмэн шалгарсан бөгөөд Сүү ХК-ийн байранд хүрэлцэн очиж шагналаа гардан авсан байна.
Уралдаанд нийт 100 гаруй уран бүтээлчийн 300-гаад бүтээл өрсөлдсөнөөс ийнхүү шилдгийг тодруулж, өргөмжлөл, 3 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардуулсан аж.
Ялагч Ц.Тэлмэнгийн хувьд график дизайнер мэргэжлээр ШУТИС-ийг 2017 онд төгссөн бөгөөд уралдааны талаарх мэдээллийг Сүү ХК-ийн фэйсбүүк хуудаснаас аваад оролцохоор шийдсэн байна. Ингээд тус компанийн талаар нэлээд их судалгаа хийсний эцэст логогоо боловсруулжээ. Тус логоны утга санаа нь, 60 жилийг бэлгэдсэн 60-ын тоон дотор “Сүү” гэсэн үгийг зохиомжилсон бөгөөд Сүү ХК-ийн үндсэн логотой зохицох талаас нь мөн бодолцон бүтээжээ.
Ц.Тэлмэнтэй сэтгэгдлийг нь хуваалцахад: “Анх дизайнер мэргэжлээр сурахад суурийг минь сайн тавьж өгсөн Үйлдвэрлэл технологийн политехник коллежийн багш Л.Амарсанаадаа баярлалаа.
Мөн үргэлж үнэтэй зөвлөгөө өгдөг авга ах Д.Зоригтсайхан, аав, ээж, ах, эгч, найзууд болон ШУТИС-ийн ҮТС-ийн багш нартаа баярласнаа илэрхийлье.
Мэргэжлээрээ цаашдаа улам ихийг хийж бүтээх болно.
Төгсгөлд нь, 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Сүү ХК-ийн хамт олонд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!