Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Латви улсын Төв банкны ерөнхийлөгч мөнгө угаах гэмт хэргийг нуун дарагдуулжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Авлигын хэргийн улмаас Латви Улсын Төв банкны Ерөнхийлөгч Илмар Римшевич дуулиантайгаар хоригдсон талаар мэдээлэл саяхан гарлаа.  Түүнийг хорих болсон гол шалтгаан нь хэмжээгээрээ гуравт орох, Латвийн арилжааны банк ABLV-ээс дор хаяж 100,000 еврогийн авлигал өгөхийг шаардсантай холбоотой аж.

Америкийн эрх бүхий байгууллагын шалгалтын явцад ABLV банк нь мөнгө угаах гэмт хэргийг удаа дараа гүйцэлдүүлж, олон улсын эдийн засгийн хоригийг умартан БНАСАУ-д цөмийн зэвсгийн санхүүжилтийг дамжуулах гүүр болсон нь илэрчээ. Улмаар ABLV банкны мөнгө угаах гэмт хэргийг нуун дарагдуулах болзолтойгоор Төв банкны Ерөнхийлөгч мөнгө шаардсан нь мөн ил болсон.

Римшевич нь 1992 оноос Төв банкны дэд Ерөнхийлөгч, 2001 оноос хойш өнөөг хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нэгэн. Тэрбээр 13 Ерөнхий сайдын нүүрийг үзсэн боловч одоо л нэг байр суурь нь ганхаж эхэлж байна. Римшевичийн хувьд үүсгэсэн хэргийг няцааж өөрийгөө гэм буруугүй хэмээн батлан даалтаар гарсан боловч Норвик банкнаас хээл хахууль авахыг хэд хэдэн удаа оролдсон хэргээр мөн дахин байцаагдаж эхэлсэн. Түүний хэлж байгаачлан, Латвийн Төв банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, банкуудын дансны мэдээллийг илүү нээлттэй болгосноор зарим банкуудын бизнес загварыг үгүй хийсэн аж. Энэ нь банкуудын эгдүүцлийг төрүүлж улмаар түүнийг ийнхүү гүтгэж, явуулга хийж байгаа хэмээжээ.

Латви Улсын хувьд ЕХ, Натод элсэхийн тулд ихээхэн чармайлт гаргаж, ажилласан боловч энэ явдлаас болж нэр хүнд нь хүчтэй унаад байна. Энэ бүх үйл явдал нь мөнгө угаах гэмт хэргээс үүдэлтэй бөгөөд түүнийг үйлдэж, нуун дарагдуулсаар эцэс сүүлд нь идээ бээр нь хагарах мэт зүйл болжээ. Латвийн банкны тогтолцоонд буй нийт хадгаламжийн даруй 39 орчим хувь нь оршин суугч бус буюу гадаадын иргэдийн мөнгө байдаг. Үүнээс ОХУ-ын иргэд энд ихээхэн хэмжээний хадгаламж эзэмшдэг.

Зөвлөлт Холбоот Улс нуран унасаар Латви Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Балтын тэнгисээр дамжин барууны улсуудыг ОХУ-тай холбох гүүр болсоор иржээ. Өдгөө нийт хүн амын дөрөвний нэг нь Орос хүмүүс аж. Швед улсаас ирэх бага хүүтэй зээл нь эдийн засгийг нь байнга дэмжсээр ирсэн боловч дэлхийн санхүүгийн хямралын шуурга тойрон гараагүй. Латви Улс 2014 онд Европын Холбоонд элсэн орж, еврог мөнгөн тэмдэгтээ болгон хүлээж авснаар ОХУ-ын анхаарлыг бүр ихээр татаж эхэлсэн. 

Зөв хөрөнгө оруулалт улс оронд ээлтэй боловч сайны хажуугаар саар гэгчээр гэмт хэргийн шинжтэй мөнгө ОХУ-аас мөн орж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд Украйны хурцадмал асуудлаас болж Евро бүс болон АНУ-аас ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь хууль бус мөнгө орж ирэх эрчийг улам бүр нэмэгдүүлсэн. Тухайлбал 2014 онд “Авлига болон зохион байгуулалттай гэмт хэргийг ил болгох төсөл”-ийн хүрээнд ОХУ-аас гэмт хэргийн шинжтэй 20.8 тэрбум орчим ам.долларыг “ландромат” буюу мөнгө угааж гаргасан гэж мэдээлсэн. Түүнээс 3.2 тэрбум орчим ам.доллар нь Латвийн Траста Комерцбанкаар дамжиж, дампууралд хүргэсэн байдаг.

Латвийн Сангийн сайд Дана Рейзниеце-Озола энэ бүх үйл явдлыг санхүүгийн зах зээл эрүүлжиж байгаагийн нэг шинж гээд “жижиг загас ч бай том загас ч бай мөнгө угаах гэмт хэргийн эсрэг бүгдтэй нь тэнцүү тэмцэх хэрэгтэй. Энэ тал дээр хийх ажил их хэвээр байна” гэжээ. Хэдийгээр энэ хэрэг ЕХ-оог төдий л доргиохоор явдал биш боловч АНУ-ын зүгээс Европын улсуудыг мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэж, эрсдэлийг бууруулж чадахгүй байна гэж шүүмжилсэн.

Гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанаас олсон аливаа мөнгийг нуун дарагдуулах, халхлах зорилгоор банк, компаний дансаар эргэлдүүлэхийг Мөнгө угаах гэмт хэрэг гэнэ.

Монгол Улс мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх ажлын хүрээнд 2018 оны 10-р сар хүртэл ФАТФ-ийн 40 зөвлөмжийг мөрдлөг болгож, хууль шинэчлэн батлах, хэрэгжилтийг хангах амлалтыг олон улсад өгсөн байгаа. Хуулийг ойрын хугацаанд яаралтай батлах хэрэгтэй ба хамгийн гол нь хууль, хяналтын байгууллагууд хэрэгжилтийг хангах нь ихээхэн тулгамдсан асуудал болоод байна.