2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Одончимэг: "Би эндээс явахгүй"-г сэтгэлдээ хайрыг мэдэрсэн хүн бүр үзээсэй гэж хүсье

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 22
Үндэсний шуудан

Улсын драмын эрдмийн театрын 2018 оны цоо шинэ бүтээл "Би эндээс явахгүй” жүжиг тавхан хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. Уг зохиолыг 1960-аад оны дунд үед төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч, нийгмийн зүтгэлтэн Э.Оюун уншигчдын хүртээл болгож байсан. Гол утга санаа нь гэр бүл, хайр сэтгэлийн тухай. Тэгвэл түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан УДЭТ-ын уран бүтээлчид шинэчлэн тавьж байгаа нь энэ юм.

Шинэчилсэн жүжгийн зохиолыг залуу зохиолч Д.Мэндсайхан бичжээ. 1990-ээд онд дэлгэцнээ амилж байсан “Би эндээс явахгүй” уран сайхны киног уншигч та мэдэж байх болох юм.Тэгвэл тайзнаа анх удаа амилах гэж байна. Жүжиг гурван гол дүртэй. Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх 22 жилийн дараа тайзнаа эргэн ирсэн. Харин хоёр эмэгтэй дүрийн нэг болох Сэржмаад соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг тогложээ. Түүнийг үзэгчид “Нууц амраг чинь болъё" жүжгийн Жавхлан, “Эдип"-ийн Керонтын эхнэр, “Яаж амьдрах юм бэ” жүжгийн Маша, "Тэнгэрийн хүү"-гийн Бүсгүй, Шаагай, “Онц сурлагатнууд орохыг хориглоно" жүжгийн Үзэсгэлэнт охин, “Ромео, Жульетта”-гийн Розапинагийн дүрээр мэднэ.

Түүнчлэн “Фантастик” продакшны бүтээсэн дэлгэцийн ихэнх кинонд тоглосон. Хамгийн сүүлд л гэхэд үзэгчдийг байлдан дагуулсан “Зүрхний хилэн” киногоор үзэгчидтэй уулзсан юм. Харин энэ удаа “Би эндээс явахгүй” жүжгийн Сэржмаагийн дүрээр та бүхэнтэй уулзана. Түүнээс өмнө Б.Одончимэгтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Хэдхэн хоногийн дараа “Би эндээс явахгүй” хэмээх шинэ жүжиг нээлтээ хийх гэж байна. Энэ жүжгийн гол дүрүүдийн нэг нь та. Бэлтгэл гээд цаг зав бага байна уу?

-Харин тийм ээ. Саяхнаас л театрынхаа ажилд эргэн орлоо. Орсноосоо хойш Э.Оюун гуайн мэндэлсний 100 насны ойд зориулан бүтээж байгаа “Би эндээс явахгүй" шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Бэлтгэл нэлээд жигдэрсэн, 80 гаруй хувьтай явна. Удахгүй үзэгчидтэйгээ шинэ жүжгээр уулзана даа. Жүжгийн ерөнхий найруулагчаар төрийн шагналт Н.Наранбаатар ажиллаж байгаа. Гол дүрд О.Гэрэлсүх ах, мөн Н.Баярмаа нартайгаа тоглож байна даа. Сэтгэгдэл үнэхээр сайхан байна. Эрч хүчтэй ажиллаж явна.

-Дүрийнхээ талаар товч мэдээлэл өгөх үү. Ямар онцлогтой дүр вэ?

-Энэ жүжиг тэр чигээрээ гэр бүлийн нандин харилцаа, үнэ цэнэ, утга учир, бие биенээ ойлгох, найз нөхдийн мөн чанарыг харуулсан. Нөхөрлөлийн үнэ цэнэ, амьдралд юу чухал вэ гэдгийг үзүүлэхийг зорьж байгаа. Үзэгчдэд санаа, мессеж өгөхүйц бүтээл болсон. Хамгийн гол нь 1960-аад оны дунд үед бичсэн зохиолыг өнөө цагийн, 2018 оны хөрсөн дээр хэрхэн буулгасныг үзэгчид харах боломжтой. Ер нь бол “Би эндээс явахгүй” зохиолыг мэдэх хүн цөөхөн байх. Тэгэхээр 1960 оноос хойш өнөөдрийг хүртэл байгаа гэр бүлийн адармаатай асуудлыг сөхсөн, үзэгчдэд сургамжтай ийм жүжиг болж байна. Би Сэржмаа гэж эмэгтэйн дүрийг бүтээлээ.

Жүжигчин хүн дүрээ өмөөрч тоглох ёстой. Мөрөөдөл, өөрийнхөө зорилгын төлөө тэмүүлж байгаа бүсгүйн дүр юм. Сэржмаагийн талаар яривал зохиолоо, жүжгээ тэр чигээр нь ярьчих гээд байгаа учраас асуулт хэвээр нь үзэгчдэд үлдээе. Үзэгчид маань ирээд миний бүтээсэн Сэржмаа гэж ямар эмэгтэй байгааг хараарай. “Ромео Жульетта”-гаас хойш 22 жилийн дараа О.Гэрэлсүх маань тайзан дээрээ эргэн ирж, бид хамтдаа дүр бүтээж байгаа нь үнэхээр их баяртай байна.

- Таны дүрийн гол санаа нь эрэгтэй гол дүр болох Дорлигт үнэн сэтгэлээсээ дурлаж, хайртай болсон бүсгүй байгаа юм. Тэгэхээр яг тэр дүрийн гол нюанс нь юундаа байх бол?

-Сэржмаа бодит амьдрал дээр хайраа нэгдүгээрт тавьсан уу, эсвэл нэр хүнд, мөнгийг нэгдүгээрт тавьсан уу гэдэг нь асуултын тэмдэг болж үлдэх ёстой. Ер нь Сэржмаа, Дулмаа хоёрын ялгаа харагдана. Хань бол нөхрийнхөө төлөө бүхнээ зориулна. Харин Сэржмаа Дорлигийг яаж өөрийн болгох, тэр хүнтэй хэрхэн харилцаа тогтоож болохыг үзэгчид ирээд үзээд, ойлгоосой гэж хүсч байна.

-Бэрхшээл гарсан уу. Сэржмаагийн дүр таны бодит амьдралаас арай өөр байх?

-Манай найруулагч нарын баримталдаг зарчим бий. Жүжгийн дүр эхлэхдээ хэн байсан, төгсгөлдөө хэн болсон нь их чухал. Яг энэ зарчмаар л бид ажилладаг. Уянгын гэгдэх боловч хөдөлгөөнөөр илэрхийлсэн. Шинэ маягаар тавьж байгаа жүжиг. Харин Сэржмаагийн нас бол яг л миний нас. Дөнгөж 30 гарсан бүсгүй.

Тийм болохоор нүүрээ хувиргах шаардлагагүй. Өөрийнхөөрөө л тоглож байна. Харин дотоод мөн чанар бол тэс өөр. Сэржмаа, Одноо хоёрын үзэл бодол, амьдралыг харах өнцөг, хүнийг хайрлах хайр нь газар, тэнгэр шиг ялгаатай. Тийм болохоор зохиолоо уншаад ийм зүйл миний бодит амьдралд тохиолдвол яах гэж бодож тоглосон. Өөрөөсөө 10 насаар ах хүнд дурлавал яах ёстой вэ гэдгийг төсөөлж дүрээ амилууллаа. Жүжгийн бэлтгэл хийж байх хоёр cap гаруйн хугацаанд нэг зүйлийг маш их ойлгосон. Гэр бүлийн нандин харилцаа, урт удаан хугацааны бат бөх харилцаа юун дээр тогтдогийг ойлгож, мэдэрсэн. Гэр бүлийн үнэ цэнэ, харилцааг шинэлэг байлгахын тулд байнга хоёр талаасаа шинэлэг байх ёстой юм байна гэдгийг ухаарлаа. Хүндлэлийг хүндлэлээр харамгүй илэрхийлж байгаасай гэдгийг нийт гэр бүл, тэр дундаа залуу гэр бүлүүддээ хандаж хэлмээр байгаа юм.

-Жүжгийн санаа, агуулгыг харвал үзэгчдэд насны хязгаар тогтоомоор юм шиг?

-Тэгэлгүй яах вэ. Тийм зүйл байх ёстой. Энэ жүжигт ч байгаа. Гэр бүлийн харилцааг сөхсөн учраас 16-гаас дээш насныхан үзээсэй. Бага насныхан дээр дурдсан харилцааг ойлгох арай болоогүй. Тиймээс амьдралын мөн чанарыг дөнгөж мэдэрч эхэлж байгаа залуу гэр бүл, олон жил хамтдаа амьдарсан хос, ер нь бол хайрын мэдэрсэн хүн бүрийн үзэх жүжиг.

-2008 оноос хойш уран бүтээл хийжээ. 10 жилийн хугацаан дахь хамгийн оргил үе гэвэл, аль хэсгийг нэрлэх вэ?

-Би яг одоо л оргил үе дээрээ явж байна. Энэ бол бидний үе. Нас залуу байна. Өнөөдөр театр бидний үеийн залууст итгэл хүлээлгэж байна. Бидэнд итгэл хүлээлгэж дүр оноосон бол түүнийг аваад явах ёстой, үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Би одоо ч гэсэн суралцсаар л яваа. Тэгэхээр миний насны хүн оргил үе гэж ярих арай болоогүй. Залуу нас богинохон. Тиймээс эрч хүчтэй, хийснээрээ бахархах цаг хэзээ нэгэн цагт ирэх л байх. Тэр болтол залуу насны эрч хүчээр өөрт оногдсон дүр, хүссэн дүрээ бүтээгээд явж байя. Одоо бол тэр л нас. Мэдээж алдаа оноо бий. Түүнийгээ засахын тулд маш их ажиллах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, итгэл найдвар өгч байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд хичээж ажиллана.

-Сарын өмнө таны өгсөн ярилцлагыг уншлаа. “Олон дүр бүтээжээ. Гэхдээ эсрэг дүр огт бүтээгээгүй байна. Тиймээс эсрэг дүр бүтээж яагаад болохгүй гэж. Бүтээмээр байна” гэж ярьсан байсан. Тэгвэл таны яг одоо амилуулж буй Сэржмаагийн дүр эсрэг дүр мөн үү?

-Яг үүнийг асуух болов уу гэж бодож байлаа. Сэржмаагийн дүрийг авахын өмнөхөн би ийм ярилцлага өгсөн. Сэржмаагийн дүрд тоглохоо ч мэдээгүй явсан. Гэтэл энэ ярилцлагын дараахан Сэржмаагийн дүрд тоглохоор болсон. Жүжгийг үзсэн хүмүүс Сэржмааг эсрэг дүр гэж ойлгож магадгүй. Харин би бол дүрээ өмөөрнө. Сэржмаа бол өөрийгөө, ухаанаа нэг л зүйлд дайчилж буй эмэгтэй. Миний дүр үнэхээр эсрэг дүр үү, үгүй юү гэдгийг үзэгчид өөрсдийнхөө шүүн тунгаах байх. Ер нь нууц үлдэх байх аа.

-Тэгвэл таны хувьд яг ямар дүрийг эсрэг дүр гэж тодорхойлоод байна вэ?

-Үзэгчдэд хайрлагдаж байвал тэр нь эерэг дүр байх. Харин хорсол зэвүүцлийг нь төрүүлж чадвал эсрэг дүр болох юм болов уу. Магадгүй “Би эндээс явахгүй" жүжгийг үзээд миний бүтээсэн дүр тухайн хүний уур бухимдал, зэвүүцлийг дээд цэгт нь хүртэл хүргэж чадвал би эсрэг дүр бүтээжээ гэж хэлж болох юм. Тэгж чадвал би үүргээ гүйцэтгэсэн, ажлаа хийж байгаа юм байна гэсэн миний бах ханана.

 

-10 жил гэдэг бага хугацаа биш. Манай үзэгчдийн урлагийн боловсрол харьцангуй тааруу байсан. Энэ талаар уран бүтээлчид нэлээд шүүмжлэлтэй ханддаг байлаа. Гэтэл өнөөдөр арай өөр болсон юм шиг санагддаг. Тайзан дээрээс тоглож, үзэгчдийн хандлагыг харж байгаа уран бүтээлч та энэ талаар бодлоо хуваалцаж болох уу?

-Одоо үзэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тасалбар нь олдохгүй болж байна. Үзэгчид оюунлаг болж байгаад би уран бүтээлч хүний хувьд үнэхээр их баяртай явдаг. Тэдэндээ байнга л талархлаа илэрхийлмээр санагддаг юм. Үзэгчид айхтар болсон. Бид үзэгчийг хэзээ ч хуурч болохгүй. Яагаад гэвэл үзэгчдийн мэдрэмж маш нарийн болжээ. Энэ үүднээс бидэнд маш өндөр шаардлага тавьдаг болсон. Тийм болохоор миний хувьд үзэгчдэдээ баярладаг. Тэд биднийг шүүмжилж, алдаа оноог хэлэхгүй бол сайжрахгүй шүү дээ. Гэхдээ мэдээж шүүмжилж байна гээд доромжлоод байж болохгүй. Шүүмжлэл, доромжлол хоёр чинь эрс тэс өөр юм.

-2018 онд та моно жүжигт анхаарал хандуулна гэжээ. Төлөвлөсөн жүжиг бий юү?

-Байгаа. Энэ жил олон улсын моножүжгийн фестивальд зориулж нэг бүтээлд анхаарлаа хандуулж, бэлдэж байна. Нэг ёсондоо зөвхөн өөртөө, фестивальд зориулж жүжиг бэлдэж эхэлсэн. “Би эндээс явахгүй” жүжгийн дараа шууд бэлтгэлдээ орно.

-2017 он таны хувьд ямар болж өнгөрөв. 2018 онд юу төлөвлөв?

-Ер нь бол маш их төлөвлөгөөт ажил ар араасаа байна. Тайзны бүтээл маань “Би эндээс явахгүй" жүжгээр эхэллээ. Цаашлаад фестивальд зориулсан моно жүжиг. Рекламны саналууд багагүй ирсэн учир зураг авалтууддаа оролцчихоод, театрынхаа уран бүтээлд анхаарлаа хандуулж байна. Түүнчлэн “Гэгээн муза” олон улсын наадамдаа бэлдэнэ. Харин 2017 он ажил, амьдралд маш их зүйл бэлэглэсэн. Тайз, дэлгэцийг хослуулж ажиллалаа. Миний хувьд “Фантастик” продакшны жүжигчнээр давхар ажилладаг. Энэ жил манай продакшны 10 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хийх ажил олон бий. Зах зухаас нь дурдвал олон ангит кино хийх төлөвлөгөөтэй. Ер нь киноны нэлээд хэдэн санал ирсэн.

-Багадаа жүжигчин болно гэж огт бодоогүй гэсэн. Гэтэл уран бүтээлч аавын нөлөөгөөр тайз, дэлгэцийн урлагт “хальтраад” орчихож?

-Харин тийм ээ. Үнэхээр жүжигчин болно гэж бодоогүй. Тэгэхээр яалт ч үгүй аавын нөлөө, шахалт их байж таарлаа. Ер нь бол намайг автуулж чадсан. Мөн аавын талынхан тэр чигээрээ уран бүтээлч. Тэр нь нөлөөлжээ. Оюутан болсныхоо дараа энэ мэргэжилдээ бүр их автсан даа.

-Оюутан гэснээс та оюутан байхдаа ямар дүр бүтээхийг мөрөөддөг байв?

-Олон гоё дүр бүтээх хүсэлтэй явсан. Багш маань хэлдэг юм. “Та нар оюутан байхдаа хүсэж байгаа бүх дүрээ хийж аваарай. Хэсгээс нь ч хамаагүй тогло” гэж. Тэр утгаараа өөртөө хийж үзээгүй бүхий л дүрээ хийсэн. Уран бүтээлч болсноос хойш “Ромео Жульетта”-гийн Жульеттад тоглохыг мөрөөдсөөр ирсэн. Энэ бол хүн бүрийн мөрөөдөл. Жүжигчний мэргэжлийг сонгосон эмэгтэй хүн бүр энэ дүрд тоглох юмсан гэж мерөөдөж, хүсэж, тэмүүлж явдаг.

-Таны бүтээсэн дүрүүдээс харахад дайчин эмэгтэйн зан чанар ажиглагддаг. Та амьдрал дээр ямар хүн бэ. Уран бүтээлдээ хувь хүний зан чанарыг тусгадаг уу?

-Уран бүтээлч хүн дайчин байх хэрэгтэй. Хэрэв дайчин биш бол уран бүтээлч байхын хэрэг байна уу. Өлсгөлөн чоно шиг л дүрийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэж ахмад үеийнхэн хэлдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл, өлссөн чоно шиг дүрээ гаргахын тулд мэрж, цаана нь юу байгааг ухаж төнхөж, тэр зохиолыг дахин дахин уншиж, олон талаас нь харах хэрэгтэй гэсэн үг. Тэгж байж уран бүтээлч хүн дүрээ амилуулна. Нэг талаар бид нар чинь дүр бүтээх хэрэгтэй бүтээгдэхүүн байхгүй юу. Би хамгийн түрүүнд зохиолоос өөрийнхөө дүрийг илүү танихыг хичээдэг. Зөв ч бай, буруу ч бай хамаагүй.

-Цаг гаргаж ярилцлсанд баярлалаа. Төгсгөлд нь та үзэгчдэд хандаж уриалга хэлэхгүй юу?

-Та бүхэнтэйгээ шинэ жүжгээрээ уулзах гэж байгаадаа баяртай байна. Дээр хэлсэнчлэн сэтгэлдээ хайрыг мэдэрсэн хүн бүр ирж үзээрэй.

x