Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг групп Дэнцүгийн ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ компани Улаанбаатарт 400 инженер ажиллуулна

Б.Ану
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Японы Дата Артист компани зах зээлийн зан төлвийг урьдчилан таамагладаг систем бүтээдэг бөгөөд Монголоос чадварлаг мэргэжилтнүүдийг татах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл дэлхийн шилдэг маркетинг, зар сурталчилгааны компани болох Дэнцү өөрийн салбар компанийн нэг болох Дата Артист компаниар дамжуулж Монголд өөрийн хиймэл оюун ухааны компанийг байгуулахаар болсон юм. 

Бидний авсан мэдээллээр дөрвөн жилийн хугацаанд 400 орчим Монгол инженерийг тус компани ажиллуулахаар төлөвлөөд байна. 

Энэ талаар Дэнцү компанийн албан ёсны вэб хуудаст энэ сард гарсан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

Дэнцү нь өөрийн салбартаа дэлхийд тавд бичигддэг олон улс дамнасан томоохон компани юм.  1901 онд байгуулагдсан тус компани дэлхий даяар 145 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. 


"математикийн боловсролд өндөр ач холбогдол өгдөг Монгол Улсад энэхүү төвөө нээх болсондоо маш их баяртай байна"

Улаанбаатар хотод нээгдэх тус төвийг Дэнцү компани өөрийн салбар компаниудын нэг Дата Артист компаниар дамжуулан хөрөнгө оруулна.
 
"Манай компани анх 2013 оноос хойш маркетингийн салбарт хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Японы зах зээлд өнөөдрийн байдлаар салбар бүрийн 650  харилцагч компаниуддаа хиймэл оюун ухааны шийдлүүдийг нийлүүлж байна. 

Бид өөрсдийн бизнесийнхээ амжилтыг математикийн өндөр боловсролтой Монгол инженерүүд болон хамтран ажиллагсадынхаа чадвартай холбон тайлбарлах дуртай. Тийм болохоор математикийн боловсролд өндөр ач холбогдол өгдөг Монгол Улсад энэхүү төвөө нээх болсондоо маш их баяртай байна" гэж Дата Артист компанийн Гүйцэтгэх захирал Ямамото Сатору хэлжээ.
 
Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн төв энэ оны нэгдүгээр сараас Дэнцү компанийн хэрэгжүүлж буй “AI MIRAI” буюу хиймэл оюун ухааны ирээдүй төслийн хүрээнд Монгол Улсад хийх хөрөнгө оруулалт бөгөөд төслийн хүрээнд байгууллагынхаа дотоод, гадаад үйл ажиллагаандаа AI-г нэвтрүүлэх ба мөн харилцагчиддаа хэрэгцээтэй хиймэл оюун ухааны тохиромжтой, бүтээлч шийдлүүдийг санал болгох зорилготой. 

Дэнцү болон Дата Артист компаниуд өмнө нь телевиз үзэгчдийн рэйтингийг урьдчилан тооцоолох систем болох “SHAREST”-г хамтран бүтээж байсан бөгөөд харилцагчдын зан төлөв дээр суурилсан шинэ бүтээгдэхүүнүүдийг маркетингийн өгөгдөл дээр суурилж хийж ирсэн туршлагатай. Маркетингийн салбарт хиймэл оюун ухааныг түлхүү ашиглаж эхэлсэн бөгөөд энэ салбарын авьяаслаг мэргэжилтнүүдийн хэрэгцээ өдөр бүр нэмэгдэж байна. 


Улаанбаатарт ажиллаж эхлээд буй Дата Артист компанийн салбарын талаар бид үргэлжлүүлэн та бүхэндээ сурвалжлан хүргэх болно.