Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын дипломатчид мэргэжлийн баяраа тэмдэглэж байна

ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
 

Өнөөдрөөс 15 жилийн өмнө буюу 2002 оны аравдугаар сарын 31-нд Орос Улсад Гадаад хэргийн яам үүсгэн байгуулагдсаны 200 жилийн ойд зориулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дипломат ажилтны өдрийг тунхагласан билээ.

Ингэснээрээ Оросын төрт улс бүрэлдэн тогтоход гадаад харилцааны алба нь чухал үүрэг гүйцэтгэж байсныг цохон тэмдэглэсэн юм. Өнөөгийн байдлаар Оросын Холбооны Улс нь Дэлхийн 190 гаруй улстай дипломат харилцаа тогтоосон ба ертөнцийн өнцөг булан бүрт 140 гаруй дипломат төлөөлөгчийн газраа нээчихээд байна.

Дипломат алба нь IX зуунаас олон улсын харилцаанд идэвхтэй оролцож ирсэн Эртний Орос улстай зэрэг үүсчээ. 1549 оны хоёрдугаар сарын 10-нд «Посольский приказ» хэмээх Оросын анхны гадаад хэргийн асуудал эрхэлсэн товчоо байгуулах тухай тушаал батлагдсан учир эл өдөр Дипломат ажилтны өдрийг тэмдэглэж байхаар тогтсон билээ. Элчингүүдийн асуудал эрхэлсэн товчоо, Гадаад асуудал эрхэлсэн тамгын газар, Эзэнт гүрний Гадаад хэргийн яам, ЗСБНХОУ-ын болон ЗХУ-ын Ардын комиссариат, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хэмээн манай орны олон улсын асуудал эрхэлсэн газар нь түүхийн явцад нэрээ хэд хэдэн удаа өөрчилж байжээ. Хэдэн зуун жилийн туршид нэр нь өөрчлөгдөж байсан ч Орос орныг хилийн чандад төлөөлж, түүний ашиг сонирхлыг олон улсын тавцнаа хамгаалах дипломатчдын үүрэг даалгавар нь хэзээ ч солигдож байгаагүй юм.

Оросын дипломат албаны олон зуун жилийн түүхийг энд өгүүлэх нь илүүц болов уу. Энэ нь тусдаа болоод маш сонирхолтой сэдэв юм. Харин манай уншигчдад Орос-Монголын харилцаа нь өнө эртний түүхтэй буюу 400 гаруй жилийн өмнө Василий Тюменецийн тэргүүлсэн элчин төлөөлөгчид анх удаа Монголын газар нутагт хүрэлцэн ирж чадсан гэдгийг дуулах сонирхолтой байх болов уу. 1861 онд Монголын нийслэл Өргөө хотноо Оросын консулын газар нээгдсэнээр хоёр талын харилцаа тогтмолжсон ба тэр цаг үед Монгол, Хятад ба Япон зэрэг орнууд багтсан уужим том газар нутагтай харилцах асуудлыг Эрхүүгийн амбан генерал хариуцаж байжээ.

 1861 онд Монголын нийслэл Өргөө хотноо Оросын консулын газар нээгдсэнээр хоёр талын харилцаа тогтмолжсон ба тэр цаг үед Монгол, Хятад ба Япон зэрэг орнууд багтсан уужим том газар нутагтай харилцах асуудлыг Эрхүүгийн амбан генерал хариуцаж байжээ.

Орчин цагийн хувьд гэвээс манай дипломат албаны үүрэг нь үндэсний аюулгүйн байдлыг хангах цогц асуудлыг шийдвэрлэн, улс орны хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулах таатай гадаад орчин тогтооход оршдог. Орос Улс нь бие даасан гадаад бодлогыг эрхэлж, хамтын нийгэмлэгийн хэлэлцэх асуудлаар эв нэгдлийн чигийг баримталж, олон улсын маргаантай асуудлаар бүтээлч санал дэвшүүлдэг билээ.

Түүнчлэн манай улс нь сонирхлоо илэрхийлж буй бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж, НҮБ болон олон талт бусад байгууллага, хурал чуулган, түүний дотор Хорийн бүлэг, БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), Хамтын аюулгүй байдлын Гэрээний байгууллага (ХАБГБ), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) зэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Олон улсын харилцаа нь идэвхтэй хөгжиж, орчин цагийн нөхцөл байдалд тохирох ёстой гэж бид үздэг ч олон талт харилцааны асуудлуудыг тогтворгүй болгохоос урьдчилан сэргийлэхийг эрмэлздэг учир манай орны гадаад бодлогын ийнхүү чиг баримжаа нь Дэлхийн бүх улс орны ашиг сонирхолд нийцдэг юм.

Олон улсын харилцааны амаргүй нөхцөлд өөрийн орны үндэсний эрх ашгаа, тэр дотроо манай орны иргэдийн болон сүүлийн үед улам гадуурхагдаж буй Орос бизнесийн ашиг сонирхлыг олон улсын тавцнаа хамгаалахын тулд манай дипломат алба нь бүхий л хүчин чармайлтаа чиглүүлж байгаа билээ. Үүний хажуугаар НҮБ-ийн Дүрэмд суурилагдаж буй олон улсын эрх зүйг болон олон улсын зохион байгуулалтыг хашин хамгаалахын тулд бүгдийг хийнэ. Хамтын нийгэмлэг дэх бүтээлч хүчнүүдтэй хамтран бид шударга, үнэнч, тэгш эрхтэй болон харилцан хүндэтгэлтэй хамтын ажиллагааны бүх нийтийн үнэт зүйлсийг хамгаалж байна.

Азийн улс орнуудыг чиглэсэн Оросын Холбооны Улсын гадаад бодлогын чиглэл нь Монголын иргэдэд илүү сонирхолтой байх болов уу? БНХАУ-тай байгуулсан бүх талын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны тухай гэрээгээ шат шатаар хэрэгжүүлж, ахиулан хөгжүүлэхийн төлөө бид ажилласаар байна. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Хятадад хоёр удаа (түүний дотор таван сард «Нэг бүс – Нэг зам» санаачлагын ба есөн сард БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд) айлчилсан бол БНХАУ-ын дарга Си Зиньпин манай оронд долоодугаар сард ирсэн. Түүнчлэн бид Энэтхэгтэй  харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байгаа ба Японтой тогтоосон харилцаа маань ахицтай байна. ОХУ болон Зүүн Өмнөд Азийн Холбоо (АСЕАН) нь харилцаагаа өргөтгөсөөр байгаа билээ.

Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөр болон хоёр Солонгосын асуудлын хувьд гэвээс ОХУ нь сөргөлдөгч хоёр талыг асуудлуудаа улс төрийн хэлэлцээрийн аргаар шийдвэрлэхийг тууштай уриалж буй. Үүний тулд эхний ээлжинд тэрсэлдэх аливаа ажиллагаагаа, тэр дотроо цөмийн зэвсгийн туршилтууд болон пуужин харвалт, АНУ-аас холбоотнуудынхаа хамт энэ бүст явуулж буй өргөн хүрээний цэргийн сургуулилт зэрэг арга хэмжээнүүдээ зогсоохыг санал болгож байна. Энэхүү хоёр талын «хоригийн» арга хэмжээ үйлчилж эхэлмэгц бид аливаа сонирхогч талуудад шууд хэлэлцээ явуулахад нь зуучлах үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна. Солонгосын хойгийн цөмийн асуудал болон тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг зөөллөхийн тулд зургаан талт хэлэлцээг сэргээх шаардлагатай болбоос Москва уг асуудлаас холуур хоцрохгүй ба одоогийн байдлаар Орос-Хятадын хоёр талт хэлэлцээний хүрээнд онцлон тэмдэглэж, санаа зовж байгаа асуудал нь Солонгосын хойгийн цөмийн асуудал болоод байна.

Дараагийн чухал сэдэв гэвээс одоогийн байдлаар Ази, Европын хооронд интеграцчилах үйл ажиллагаа ид өрнөж байгаа ба улс орнууд энэ талын үйл ажиллагаагаа харилцан уялдуулах сонирхолтой байгаа билээ. Тухайлбал, БНХАУ «Нэг бүс – нэг зам» санаачлага дэвшүүлсэн ба ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Евразийн интеграци болон Хятадын санаачлагыг харилцан уялдуулах тал дээр тодорхой тохиролцоонд хүрээд байна. Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнууд БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж, ШХАБ болон ЕАЭЗХ хооронд идэвхтэй холбоо тогтоогдож байгаа ба эдгээр хамтын ажиллагаа нь АСЕАН-ы орнуудын хувьд нээлттэй юм. АСЕАН-ы зарим орон нь ЕАЭЗХ-ны орнуудтай Чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрт аль хэдийн гарын үсэг зурсан бол зарим орон нь энэ сэдвээр хэлэлцээ, судалгааны ажил идэвхитэй явуулж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины «Евразийн том төсөл» хэмээн нэрлээд буй ЕАЭЗХ-г ШХАБ болон АСЕАН-тай харилцан уялдаатай хөгжүүлэх санаачлага нь маш их ирээдүйтэй юм. Энд эдийн засгийн маш олон ашиг сонирхол огтлолцож байгаа учир үүнийг хэрэгжүүлэхийн тулд, мэдээжийн хэрэг, маш олон тооны тодорхой нөцхөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай боловч үүний ашигтай тал нь энэхүү санаачлага нь бидний амьдралаас урган гарч байгаад юм. Манай монгол анд нөхөд маань үүнийг олж харсан учир ЕАЭЗХ болон ШХАБ-ын үйл ажиллагаанд маш их анхаарал хандуулж байна.

Монгол Улс нь манай орны хувьд аль ч талаас нь авч үзсэн маш ойрын болон чухал хөрш юм. Бид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн тулд тодорхой алхам буюу маш сонирхолтой санаанууд боловсруулаад байгаа ба Монгол-Орос-Хятад гэсэн гурван талт хамтын ажиллагааны хүрээнд томоохон, Улаанбаатарын ярьдгаар мега-төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дэвшүүлж буй 32 төслийн ядаж хэд нь боловч, ялангуяа дэд бүтцийн салбар дахь төслүүд нь амьдралд хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Ялангуяа төмөр замын Төв болон Зүүн коридорууд нь манай уншигчдад аль хэдийн танил болсон ба та нарын сонирхлыг ихэд татаж буйг бид сайн мэдэж байна.

Эцэст нь нэмж хэлэхэд, одоогийн байдлаар Оросын Холбооны Улс нь улс төрийн маш том арга хэмжээ болох 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр товлосон Ерөнхийлөгчийн сонгуульд ид бэлдэж байгаа ба манай орноос хилийн чандад ажиллаж буй Элчин сайдын яамд, Ерөнхий консулын газрууд болон Оросын шинжлэх ухаан, соёлын төвүүд болон бусад албаны байгууллагууд нь энэхүү сонгуульд саналаа өгөх хүсэл сонирхолтой болон гадаадад ажиллаж, амьдарч буй Оросын иргэдийн хувьд энэхүү арга хэмжээ нь тав тухтай болж өнгөрөхийн тулд шаардлагатай бүхнийг хийж байна. Энэхүү хариуцлагатай ажилд маань тус дэм болж буй найрсаг Монголын бүх шатны төрийн байгууллагуудад гүн талархлаа дашрамд илэрхийлье.

Хоёрдугаар сарын 10-д ч гэсэн дипломат ажилтнууд маань салбар бүрт өдөр тутмын нарийн нандин ажлаа хийсээр байх ба Оросын дипломатч гэсэн нэр хүндтэй боловч хариуцлагатай өндөр албандаа баярын ч, ажлын ч өдөр адил хүчин чармайлт гарган зүтгэсээр байх болно.

 

Оросын Холбооны Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Е.Лиштованный