Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос олимпийн урд өдөр цэргийн нүсэр парад зохион байгууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хойд Солонгосын нийслэл Пёньянд цэргийн томоохон парад зохион байгуулсан нь өвлийн олимпийн нээлтийн урд өдөр дэлхий нийтийн анхаарлыг өөртөө хандуулах гэсэн хэрэг байлаа.

Уг парадыг Солонгосын Ардын Армийн үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан байна. Энэ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн улс орныг “дэлхийн хэмжээний армитай гүрэн” болсныг зарлажээ.

Жагсаалд тив алгасах баллистик пуужин үзүүлснээс гадна сэлэм барьсан дүрэмт хувцастай бүсгүйчүүд бүжиглэсэн нь сонин содон үзэгдэл байв.

Ким Ил Суны талбай дээгүүр ниссэн байлдааны онгоцнууд “70”-ын тоог дүрслэн үзүүлсэн бол олон мянган улаан хувцастай иргэд цагаан, шар өнгөөр Ким Жон Уны нэрийг, эрх баригч намын билэгдэл алх, хадуурыг дүрслэн үзүүлсэн байна.

Өнөөдөр эхлэх Пёнчаны өвлийн олимпийн наадамд Хойд Солонгосын өргөн төлөөлөл оролцож байгаа ба түүхэнд анх удаа Кимийн гэр бүлийн гишүүн Өмнөд Солонгост ирээд байгаа юм.

Ким Жон Уны охин дүү, 28 настай Ким Ё Жон төлөөлөгчдийн дунд багтаж байгаа. Нээлтийн арга хэмжээний үеэр түүнийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй уулзах болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

Эх сурвалж: Russia Today