Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэх нь тодорхой болов

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцэхийг дэмжлээ. Уг төлөвлөгөөний зургаадугаарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл орсон байна.

Тэгэхээр өнгөрсөн онд Зөвлөлдөх санал асуулга явуулж, иргэд нийтээр хэлэлцүүлж, орон даяар уулзалт хийж багагүй хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан энэ хуулийн төсөл судалгааны материал болж үлдэх үү эсвэл батлагдаад 2021 оноос мөрдөгдөх үү гэдгийг шийдэх нь ээ.

Ямартаа ч хэлэлцэх асуудлын голдоо багтааж байна гэдэг бол МАН 65 гишүүнийхээ хүчээр хэлэлцэхээр тогтсон гэдгийн баталгаа юм. 2012-2016 онд АН төр барьж байхад УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байлаа. Тухайн үед УИХ-д 26 суудалтай хүчтэй сөрөг хүчин МАН дэмжээгүй. Харин өнөөдөр тэдний байр суурь солигдсон байдалтай харагдаж байна.

Өчигдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “65 суудалтай эрх баригч нам Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ тодорхой болгохгүй бол эрхзүйн тодорхойгүй байдал үүсэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар батална гэдэг зүйл оруулж ирж байгаа. Дараа нь ард нийтийн санал асуулгаа хэзээ явуулахаа ярина гэсэн байна. Шинэ Үндсэн хуулийн чинь үзэл санаа, багана дотор бусад хуулиуд нийцэж явах ёстой. Нөгөө талаас Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг батална гэжээ. Үүнийгээ шинэ, хуучин аль Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал дор батлах юм” хэмээн сөргөж байв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Хэлэлцэхэд бэлэн болсон хуулийн төслүүдийг оруулж ирсэн юм. Шинэ Үндсэн хууль гэж буруу ярьж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж байна” гээд өнгөрнө лээ. АН-ынхны хувьд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрсдөө төрийн эрх барьж байхдаа зүтгүүлж байлаа. Харин өнөөдөр сөрөг хүчин болсон тул эсэргүүцэх талд гарсан бололтой. Энэ байдлаас Цагаан сарын дараах улс төрийн жагсаал, тэмцлийн нэг сэдэв нь УИХ-д 65 гишүүнтэй МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэх тухай байх магадлал бий.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэг шалтгаан нь Засгийн газрын тогтворгүй байдалтай холбоотой. Засгийн газар хоёр жил тутам солигддог жишиг тогтож байна, Сайдыг томилох, огцруулах асуудлыг УИХ нэг бүрчлэн хэлэлцдэг одоогийн хуулийн нөлөөнөөс шалтгаалж Ерөнхий сайд хүссэн, хүсээгүй фракцуудын төлөөллөөр үхрийн бөөр шиг танхим бүрдүүлэхээс аргагүй болдог. Энэ нь тогтворгүй байдалд нь ч нөлөөлдөг тал бий.

Нөгөөтээгүүр Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх эрх нь гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хувааж ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг парламентын засаглалын зарчимд нийцэхгүй байгааг судлаачид шүүмжилдэг. Тиймээс ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг өөрөө сонгож, огцруулдаг байх эрхийг хуульчилж өгөх, Ерөнхийлөгчийн хууль санаачлах, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх эрхийг хасах санал оруулжээ.

Түүнчлэн сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах, Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах, Засгийн газрын үндсэн чиг үүргийн таван яамыг нэрлэн заах, Ерөнхий сайд долоо хүртэл яамыг нэмж байгуулах саналыг УИХ-д оруулах, Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах зэрэг сонирхол татахуйц заалтууд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ороод байгаа.

2015 онд УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг хэлэлцүүлэг хангалттай хийлгүй төслөө УИХ-д барьчихсан явдал бий. Үүнтэй харьцуулахад одоо яригдаж буй төсөл зөвлөлдөх санал асуулга хийж, түүнээс гарсан саналуудаа орон даяар хэлэлцүүлээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэж өгөөд байна. УИХ-ын Тамгын газраас томилогдож орон нутагт ажилласан долоон баг 68 удаа бүсчилсэн хэлэлцүүлэг хийж 327,375 саналын хуудас хүлээж авсан гэхээр багагүй ажил болсон нь тодорхой.

Гэхдээ улстөрч, судлаачдын зүгээс зөвлөлдөх санал асуулга дээрээ тэнцвэртэй мэдээллээр хангаагүй, хэтэрхий олон асуудлыг богино хугацаанд жирийн иргэдээр хэлэлцүүлсэн болохоор бодитой санал тусгаж чадаагүй гэсэн шүүмж гарч байгаа. Мөн аймаг, нийслэл, сум, дүүрэгт хэлэлцүүлэг хийсэн хүмүүс зөвхөн төслөө дэмжсэн нэг талын тайлбар өгсөн, зуны дэлгэр цагийг дайруулсан тул нийт иргэдийг хамруулж чадаагүй гэсэн шүүмжлэл ч бий. Эдгээр нь ирэх хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэхэд эргээд сөхөгдөх болов уу.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг AH, МАН аль аль нь нэгнийхээ өнгөн дээр хийлгэх дургүй байгаа нь өөртөө тааруулаад янзалчих вий гэсэн болгоомжлолтой холбоотой байх талтай. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдлаа гэхэд 2021 оноос хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр хэн дээр хэрэглэгдэх нь тодорхойгүй гэсэн үг. Өнөөдрийн хоёр том намын нэр хүндээр харвал тухайн үед гуравдагч хүчинд төрийн эрх шилжих ч боломж бий.

Ийм үндэс суурь өнгөрсөн 20 гаруй жилийн улс төрийн орчны булхай луйвар, хэрүүл хороос болоод нэгэнт бүрдчихээд байна. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд ганцхан удаа өөрчлөлт орж байлаа. Харин өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэд хэдэн удаа УИХ-ын гишүүд өргөн барьж байв.

Магадгүй нэг намын үнэмлэхүй олонх байгаа өнөө цаг өөрчлөлт хийхэд хамгийн тохиромжтой байж мэдэх юм. Ямартай ч санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээ хийсэн энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хаврын чуулганаар хэрхэн хэлэлцэхийг харах үлдэж байна.

Зураг