Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Доу Жонесийн индекс унаж дэлхийн хөрөнгийн зах зээлийг доргиов

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу 2 дугаар сарын 5-ны Даваа гараг Уолл стрийтийн хувьд хүндхэн өдөр тохиолоо. 

Учир нь Доу Жонес /Dow Jones/-ийн Industrial Average индекс бараг 1,600 пунктээр унажээ. Энэ нь АНУ-ын зах зээл дэх хамгийн нөлөө бүхий компаниудын хувьцааны индекс юм.

Харин өдрийн төгсгөлд уналт нь 1,175 пункт болж саарсан ч түүхэн дэх хамгийн том уналтын нэгээр нэрлэгдэж байна. Уналтын хувь 4.6 байгаа нь 2011 оны 8 дугаар сард тохиосон Европын өрийн хямралаас хойшхи хамгийн хүчтэй уналт гэв.

Үүнээс гадна S&P 500, Nasdaq индексүүд ч унаад байна.

АНУ-ын зах зээлийн нөлөөгөөр өнөөдөр Японы Никкей индекс 5 орчим хувиар, Хонг Конгийн биржийн индекс 4 хувиар, Австралийн ASX индекс 3 хувиар унажээ. 

Уналтын шалтгааныг шинжээчид хэд хэдэн өнцгөөс тайлбарлаж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажилгүйдлийг бууруулж, цалин өсгөнө, эдийн засгийн өсөлтийг хурдасгана гэж мэдэгдээд байгаа.

Дэлхийн хөгжингүй эдийн засгууд хурдацтай өсч буй. Ялангуяа АНУ-ын эдийн засгийн өсөлт сайн байгаа юм. Хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн хурд инфляцид нөлөөлж Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө өөрчлөх шийдвэр гаргаж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Энэ нь магадгүй хөрөнгө оруулагчдад нөлөөлсөн бололтой.

Эдгээр өдрүүдэд Холбооны нөөцийн банкны шинэ тэргүүн Жером Пауэлл ажлаа хүлээн авч, тангаргаа өргөөд байна. Тэрбээр инфляцид төвлөрч ажиллах бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн орчин нөхцлийг сайжруулахад анхаарна гэдгээ мөн мэдэгдээд байгаа юм. 

 

Эх сурвалж: New York Times, CNN