Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.02.01) үдээс хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.

Хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх санаачилга дээшлэх бөгөөд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болоход эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.

Гишүүдийн олонх Монгол Улсын эдийн засаг хямарч, дефолт зарлахдаа тулсан үед ОУВС-ийн хөтөлбөрт багтахын тулд долоон төрлийн татварыг нэмэхээс өөр арга байгаагүй. Өнөөдөр эдийн засагт эерэг өөрчлөлт гарах үед цаг, хугацаа алдалгүй Засгийн газраас Хүн амын орлогын албан татварыг нэг шатлалтай болгох хуулийн төсөл оруулж ирснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, татварын бааз суурийг өргөжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа эсэхийг илүүтэй тодруулж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл таван шатаар буурсан байсан. Харин Засгийн газар зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулаад байна. Сүүлийн жилүүдэд төсөв алдагдалтай гардаг байсан бол өнгөрсөн жил анх удаа төсвийн орлого нэмэгдсэн. Мөн өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 76 хувийг эзэлж байсан өрийн хэмжээг 74 хувь болгон буулгалаа.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн өндөр хүүтэй зээл аваагүй бөгөөд цаашид ч авахгүй байхаар ажиллаж байна. Арилжааны банкуудаас авсан гурван их наяд төгрөгийн өрийг төлнө хариулж байлаа.

Түүнчлэн Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтраад Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна" гэсэн хариулт өглөө.