Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрыг огцруулах асуудлаар Цэцэд хандлаа

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 1 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг

УИХ-ын гишүүн давхар сайдын үүргийг гүйцэтгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэх үндэслэлээр хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар бид мэдээлсэн.

Тэрбээр УИХ-ын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зүйл, заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм.

Давхар дээлтэй Засгийн газрыг байгуулсан нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хорьдугаар зүйл, гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэжээ. Тухайлбал,Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “ Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасныг зөрчиж байна гэжээ.

Үндсэн хуулийн энэ заалт нь УИХ-ын бие даасан, хараат бус байдлын баталгааны үндэс юм. Гагцхүү УИХ л хууль тогтоох онцгой бүрэн эрхтэй. Гэтэл УИХ-ын 15 гишүүнийг гүйцэтгэх дээд байгууллагын нийт бүрэлдэхүүн болох Засгийн газрын гишүүдээр томилсон нь ноцтой үр дагаврыг үүсгэж байна.

Мөн УИХ-ын 58 дугаар тогтоолоор Засгийн газрын нийт бүрэлдэхүүний 15/16 буюу 92.5 хувийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн нь гүйцэтгэх дээд байгууллагын бие даасан, хараат бус байдлыг шууд нөлөөлж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг алдагдуулсан. Энэ нь гүйцэтгэх дээд байгууллагын Үндсэн хуулийн чиг үүрэг, агуулгыг бүхэлд нь үгүйсгэсэн харамсалтай үр дагаврыг бий болгож байна хэмээн хуульч О.Алтангэрэл тайлбарлажээ.

Хэрэв Үндсэн хуулийн цэцээс дээрх асуудлууд нь хууль зөрчсөн гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсвэл нэр бүхий сайд нарыг солих асуудал яригдах бололтой.

 

Зураг