Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын сошиал ертөнцийг шуугиулсан “хариугүй бодлого”

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Сичуань мужийн Шүнчинь тойргийн дунд сургуулийн математикийн шалгалтад ирсэн өгүүлбэртэй бодлого тус улсын иргэдийн дунд өргөн маргаан дэгдээсэн юм.

Тавдугаар ангийн буюу 11 настай хүүхдүүдээр бодуулсан гэх уг бодлогод “Хэрвээ усан онгоц 26 хонь, 10 ямаа тээвэрлэж явсан бол хөлгийн ахмад хэдэн настай вэ?” гэсэн байжээ.

Бодлогын асуулт, хүүхдүүдийн бичсэн хариулттай хуудасны зураг сошиал сүлжээнд тарж, өнгөрсөн долоо хоногийн турш хүмүүсийн маргааны гол сэдэв болсон юм.

 

Ихэнх хүмүүс бодлогыг ямар ч хариултгүй, утгагүй хэмээн шүүмжилж байв. Сурагчид “Онгоцыг жолоодохын тулд насанд хүрсэн байх ёстой тул ахмад ядаж 18 настай”, “Ахмад насаа билэгдэж 26 хонь+10 ямаа авч явсан тул нас нь 36” гэх зэргээр хариулсан бол зарим хүүхэд зүгээр л “мэдэхгүй” гэж хариулсан байна.

Харин онлайн сүлжээнд сэтгэгдэл бичсэн хүмүүс “Үүнд ямар ч логик алга. Багш нь хариултыг мэдэж байгаа болов уу?”, “Хэрвээ сургууль 26 багштай, 10 нь толгой муутай бол захирал нь хэдэн настай вэ?” гэх зэргээр егөөдөн шүүмжилжээ.

Харин нөгөө хэсэг нь “бодлого зүгээр л хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой байна. Тиймээс янз бүрээр бодож хариулах нь хангалттай үр дүн юм” гэж тайлбарласан байна.

Нэгдүгээр сарын 26-нд Шүнчинь тойргийн боловсролын газар мэдэгдэл гаргаж “энэ бодлого нь сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой байсан” гэж тайлбарлажээ.

Хятадын уламжлалт сурган хүмүүжүүлэх арга техник нь багшийн үгийг үг дуугүй давтах, дагах замаар явдаг нь чөлөөт сэтгэлгээг боодог тул зориуд ийм даалгавар оруулснаа бас бичсэн байна.

Харин Вэйбо сошиал сүлжээний нэгэн хэрэглэгч хариуг тайлбарласан нь хамгийн үндэслэлтэйд тооцогдож байгаа ажээ. Тэр “26 хонь, 10 ямааны дундаж жингээр тооцвол нийтдээ 7,700 кг ачаа болно. Хятадад 5,000 кг-аас дээш жинтэй ачааг тээвэрлэх бол жолооч доод тал нь 5 жилийн туршлагатай байх ёстой. Хөлөг онгоц жолоодох үнэмлэхийг 23 наснаас эхэлж олгодог тул ахмад нь хамгийн залуудаа 28 настай байх ёстой” гэж тайлбарласан байна.

 

Эх сурвалж: BBC