Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийг либералчлах бодлого барина

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 24
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд та багтсан. Зам, тээврийн салбарт Солонгосын талтай хамтран ажиллах талаар ямар яриа хэлэлцээ хийсэн бэ?

-Иргэний агаарын тээврийн талын асуудлуудыг ярилаа. Бидний Солонгостой гол холбогддог асуудал ажилчин солилцох болон визний асуудал байдаг. Мөн аялал жуулчлал, онгоцны тийзний үнийн асуудал бий. Зуны улирал дөхөөд ирэхээр л онгоцны билет олдохгүй болчихдог тал байдаг шүү дээ. Тиймээс нислэгийн тоог нэмэх асуудлыг хөнддөг. Түүнчлэн сүүлийн үед Агаарын тээврийн хэлэлцээрээ өөрчилье гээд хоёр тал нэлээд ярьж байгаа. Агаарын тээврийн салбараа либералчлах хэрэгтэй байна.

Тэр утгаараа Солонгос, Монголын тээврийн харилцааг өөрчлөхөөр ярилцаж байна. Би 2012 онд МИАТ-ын ТУЗ-ийн дарга байлаа. Тухайн үед дөрвөн агаарын компани ажиллаж байсан. Тодруулбал, МИАТ-ээс гадна “Хүннү эйр”, “Изинис эйрвэйз”, “Аэро Монголиа” гээд нислэгийн компани байсан. “Аэро Монголиа” компани таван онгоцтой байлаа. Одоо буцаад тээврийн салбарын ажил дээр ирэхэд “Изинис эйрвэйз” компани дампуураад алга болсон байна.

“Аэро Монголиа” өнөөдөр ганцхан онгоцтой чадан ядан ажиллаж байна. Өмнө нь ажиллаж байхад агаарын бодлогыг нэлээд либералчлаад МИАТ-ийн хэд хэдэн нислэг дээр хувийн компаниудыг оруулах гэрээ хийгээд явж байсан юм. Түүнээс хойш Төрөөс иргэний нисэхэд баримтлах бодлого гээд бие даасан бодлого нь батлагдчихсан. Үүн дотроо Бээжин, Сөүлийн чиглэлд ганцхан тээвэрлэгч байна гэсэн заалттай.

Өөрөөр хэлбэл, буцаад хувийн хэвшлээ хумиад либералчлал нь эсрэгээрээ монополчлол бий болгочихсон байж байна. Тэгэхээр Бээжин, Сөүл чиглэлүүдийг задалж, өрсөлдөөн бий болгох замаар үнийг нь хямдруулах, өөр бусад чиглэлүүдийг нэмэх ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй.

-Айлчлалын үеэр Сөүлд буй монголчуудтай уулзалт хийхэд оюутнууд “Бид наашаа, цаашаа их явдаг. Нислэгийн тийзийн үнийг хөнгөлж өгөх арга бий юу” гэж асууж байгаа харагдсан. Тэр ер нь боломжтой юм болов уу?

-Оюутны тариф, гэр бүлийн тариф гэсэн хөнгөлөлтийг МИАТ компани хийж л байгаа. Бидний гол анхаарах зүйл бол хоёрдогч компаниудыг өрсөлдөөнд оруулах юм. Солонгос, Монголын аль аль нь хоёрдогч компани оруулах саналтай байгаа. Ингэснээр өрсөлдөөн бий болж үнийн зохицуулалт өөрчлөгдөнө.

Солонгост монгол иргэдтэйгээ уулзаж байхад Солонгос дотроо гурван цаг нисээд очдог газар, Солонгосоос Монгол руу гурван цаг нисээд очих хоёрын тийзний үнэ тэнгэр, газар шиг зөрүүтэй байна гэж хэлж байсан. Үүнээс үнэ өндөр байна гэдэг нь харагдаад байгаа юм.

-Олон улсын нислэг гэлтгүй дотоод нислэг цөөхөн байдаг. Жишээлбэл, Хөвсгөл аймагт цагаан сараар тусгай нислэг гаргадаг, зун аялал жуулчлалын ид үед нислэгтэй байх юм. Бусад үед нислэггүй болчихдог тал бий. Орон нутгийн нислэгийг нэмэгдүүлэх боломж хэр байдаг юм бол?

-Агаарын тээвэр өөрөө эдийн засагтай уялдаатай байдаг зүйл. Эдийн засаг өсөөд ирэхээр агаарын тээврийн нислэг ихсэж, зорчигчдын урсгал нэмэгддэг. Эдийн засаг муудаад ирэхээр зорчигчдын урсгал багасна. Энэ л шалтгаанаар сүүлийн жилүүдэд агаарын тээврийн зорчигчдын урсгал муудаад байгаа. Гэхдээ өнөөгийнх шиг цас зудтай, хүйтний үед орон нутгийн нислэг зайлшгүй хэрэгтэй.

Тиймээс зарим нислэгийг төрийн тодорхой хэмжээний татаастайгаар хийх шаардлага гарч байна. Энэ хүрээнд бид аймгуудаас саналыг нь авч байгаад нислэг хуваарилсан. Одоо Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай руу татаастай нислэг гарч байгаа. Зун зорчигчдын урсгал ихсээд ирэхээр ямар нэгэн хүндрэлгүй болоод явчихна.

-Та өмнө нь салбарынхаа яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Тийм ч болохоор хүмүүс таны үед төмөр замын асуудал дээр алхам хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Ер нь төмөр замын тал дээр ямар ажил төлөвлөж байна вэ?

-Нэгдүгээрт, монголчуудын хүсэн хүлээж байгаа Тавантолгой, Гашуунсухайтын төмөр зам байна. 200-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд дутуу бариад орхичихсон. Нийт ажлын 60-аад хувь хийгдсэн гэгддэг төмөр зам байгаа. Үүнийгээ бид нэн тэргүүнд хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, “Улаанбаатар төмөр зам” гээд Монгол Улсын ганц гол төмөр зам байна. Энэ төмөр зам маань ер нь хуучирчхаад байна.

Бидний судалснаар 400-гаад км төмөр замыг зайлшгүй шинэчлэхгүй бол даацаа даахгүй болж байгаа. Мөн хурд, дохиолол, сүлжээ холбоо, чирэх бүрэлдэхүүн, нэвтрэх чадварыг сайжруулж, замын даац, дамжин өнгөрөх ачаа эргэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ шинэчлэлд нийтдээ 400-500 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарсан.

-Мөн хөрш орнуудыг холбох коридор байгуулах тухай яригддаг?

-Тийм. Сүүлийн үед олон улсын коридор, бүс нутгийн хөгжил гэдэг зүйл нэлээд яригдаж байна. Нэг ёсондоо Ази. Европыг холбоход Монгол Улсын зөв байршлыг ашиглах ёстой гэдэг асуудал яригдаж байгаа гэсэн үг. Евразийн холбоо гээд ОХУ-тай холбоо бий болчихлоо. Нөгөө талаас урд хөрш маань “Нэг бүс, нэг зам” гэсэн бодлого гаргаад ирлээ. Үүнтэй уялдуулаад Монгол Улс “Хөгжлийн зам” хөтөлбөрийг боловсруулсан.

Энэ хүрээнд гурван улсын хоорондын транзит тээврийн асуудлыг бүс нутгийнх нь хүрээнд харах шийдвэр гарч байгаа. 2016 онд Ташкентад болсон гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт дээр хамтран ажиллах гэрээ зурагдсан. Гэрээний хүрээнд 32 ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Тэр 32 ажлын нэн тэргүүнд орсон Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозамыг сайжруулах ёстой.

Уг зам нь Азийн автозамын сүлжээнд орчихсон. Мөн Монгол Улсын хүрээнд баруун, зүүн гэсэн хоёр коридор төмөр замыг сайжруулъя гэж байгаа. Зүүн коридор нь бол Эрээнцаваар орж ирсэн төмөр замыг Чойбалсан, Хөөт, Бичигт гээд урагш нь гаргаад явуулж байгаа. Баруун коридор нь Увсаар орж ирж байгаа төмөр замыг Ховдын Булганаар урагшаа гаргах юм.

Нэн тэргүүнд хийгдэх зам нь ОХУ-аас зүүн чиглэлээр Чойбалсангаар дайраад урагшаа гарч байгаа зам. Энэ замыг Хятад, Орос аль аль нь нэлээд сонирхоод байгаа. Энэ талаар “Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдэвт гурван улсын тал оролцсон зөвлөгөөн даваа гарагт болсон. Зөвлөгөөн дээр Хятад, Оросын төмөр замын тодорхой байгууллагууд оролцож өөрсдийнхөө сонирхлыг илэрхийлсэн.

-Өнөө яригдаад байдаг бүдүүн, нарийн царигийн асуудлыг яах вэ. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын саналыг ч өргөн, нарийн царигийн асуудлаас болоод УИХ-аас буцаж байсан санагдана?

-Бас нэг хийгдэх ёстой, сүүлийн үед яригдаж ажил бол Д.Ганбат сайдын үед орж ирж байсан Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр зам. Тухайн үед бол нарийн царигаар хийнэ гэсэн санал орж ирж байсан. Монголын Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд төв гал шугамаасаа салбарласан, өөрөөр хэлбэл Улаанбаатар төмөр замын өргөн царигаас салбарласан замууд бүгдээрээ өргөн байна гэсэн заалт бий. Энэ нь өөрөө эдийн засгийн ач холбогдолтой.

Дамжих, ачаа сэлгэх асуудал байхгүйгээр өргөн замаар явж байгаад өргөн зам руугаа орох гэдэг утгатай. Тэгэхээр Зүүнбаянгийн төмөр зам өөрөө өргөн царигтай. Энэ өргөн царигтай төмөр замаар орж ирж байгаа ачаа бол тэр чигээрээ Ханги, Мандал руу шууд өргөн замаараа гараад явах бололцоотой. Энэ зам өмнө нь нарийн царигаар орж ирээд бодлогын бичиг баримттайгаа зөрчилдөөд Байнгын хороон дээр санал авалгүй буцаж байсан. Одоо энэ төмөр замын ажлыг явуулж нурмаг ачаа гаргах сувгаа өргөтгөх хэрэгтэй.

-Нурмаг ачаа гэхээр?

-Нүүрс, төмрийн хүдэр зэргийг өнөөдөр Эрээнээр гаргалаа гэхэд цаад талдаа боомт нь нурмаг ачаа хүлээж авах хүчин чадал их багатай. Харин Ханги, Мандалаас цаашаа хэдхэн км яваад шууд Бугат хот руу оччихож байгаа юм. Тэгэхээр бид Ханги, Мандалаар нэг гарц нээчхэд урагшаа гарах нурмаг ачааны гарц өргөн болоод явчихна. Өргөн болохын зэрэгцээ Бугат руу дөхөөд оччих бололцоотой.

Тиймээс гол төмөр замаа өргөжүүлэх, коридорынхоо хүрээнд Зүүнбаян, Ханги, Мандалын замыг зайлшгүй хийх ажлын нэгэнд оруулж байгаа. Мөн хойд төмөр зам буюу Эрдэнэт, Овоотын төмөр зам яригдаж байгаа. Энэ төмөр замыг байгуулах хүрээнд бид саяхан “Аспайр майнинг" гэдэг компанитай уулзсан. 2019 оны хавар гэхэд барилгынхаа ажлыг хийнэ гэж амласан. Тэр хүртэл бүх судалгаагаа хийгээд 1.2 тэрбум ам.доллар босгох ажил бий.

Одоо үндсэндээ ТЭЗҮ нь гараад, мөнгө босгох бололцоотой болж байгаа юм байна. Нөгөөтээгүүр Эрдэнэт-Овоотын төмөр замыг цааш нь Арц сууриар Кызыл рүү гаргая гэсэн бодлого нь явж байгаа. ОХУ Кызылээс Курагино хүртэл төмөр зам тавиад Сибирийн төв төмөр замтайгаа холбох шийдвэр гаргачихсан. Өөрөөр хэлбэл Кызылийн нүүрсний ордыг ашиглах төмөр зам тавихаар оросууд шийдвэр гаргачихсан. Тэгэхээр одоо бид Арц суурь гэж татаад Эрдэнэт-Овоотынхоо төмөр замыг төв төмөр замтайгаа холбочихвол бас нэг коридор бий болно.

-“Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэл, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг хийх хөрөнгө, мөнгөний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-ОХУ 100 тэрбум рублийн зээл өгөх бололцоотой гэдгээ хэлж байгаа. ОХУ-ын Сангийн яамнаас ямар төслүүдээ хэрэгжүүлэхийг асуусан бичиг ирчихсэн. Манай талаас төмөр зам болон ТЭЦ IV дээр авъя гэсэн саналыг өгч байгаа. Төмөр замын тухайд “Улаанбаатар төмөр зам”-ынхаа шинэчлэлийг хийгээд Ханги, Мандал руу төмөр зам тавья гэсэн саналыг өгч байгаа.

-Ерөнхийдөө манай төмөр зам бүдүүн царигтай байх юм байна гэж ойлголоо?

-Уул уурхайн бүтээгдэхүүн гадагшаа гарч байгаа зам нь бол нарийн байж болно. Үүнийг бол тухай бүрт нь УИХ шийднэ гээд заалт байгаа шүү дээ. Гол төмөр замаасаа салбарлаж байгаа нь бүдүүн байна гэсэн бодлого барьж байгаа.

-Оросын талаас 100 тэрбум рублийн зээл олгох боломжтой талаар дурдлаа. Энэ зээл ер нь хэдий хугацаанд шийдэгдэх бол?

-ОХУ-ын Сангийн яамнаас нь ямар хэмжээний зээл, юунд хэрэгжүүлэх үү гэдэг асуудлууд нь явж байгаа. Мэдээж банкных нь систем өндөр төвшинд хөгжсөн орон ах дүүгийн найрамдалт харилцааны үндсэн дээр май гээд өгчихгүй байх. Бас тооцоолол гаргана шүү дээ. Бид бол хамгийн эдийн засгийн үр өгөөж бүхий төслүүдээ барина. Монгол Улсын эдийн засагт нэн шаардлагатай төмөр замынхаа шинэчлэлийг нэгдүгээрт тавина.

Ойрын жилүүдэд төмөр замаараа 30 сая тонн ачаа тээдэг болно гэсэн зорилт тавьж байгаа. Цаашдаа 70 сая тонн-д хүргэх зорилготой. 70 сая тонн гэдэг бол том тоо л доо. Өнгөрсөн жил бол 23 сая тонн ачаа тээвэрлэж төмөр замынхаа хүрээнд тээвэрлэлтийн рекорд тогтоолоо шүү дээ.

-Өр гэхээр манайхан их сөрөг ойлголттой болчхоод байгаа. “Чингис”, “Самурай” бондоос эхлээд сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгост очоод утааг бууруулахад зарцуулах зээлийн гэрээний хэлэлцээрийг хийхэд л ард нь ялангуяа цахим орчинд баахан шүүмжлэл өрнөж байх жишээтэй?

-Бид ийм өртэй, ширтэй улс орон хүлээж авсан шүү дээ. Эдийн засгийн эргэлт нь бий болж чадахгүй байгаа ийм тохиолдолд “цус сэлбэх"-ээс өөр аргагүй болж байна. Ингэхгүй бол эдийн засагт зогсонги байдал бий болчхоод зүйрлэвэл судсаар нь гүйдэг цусгүй болчихсон. Энэ хүрээнд хүссэн, хүсээгүй гаднаас хөрөнгө оруулалт татаж оруулахаас өөр аргагүй. Өнөөгийн манай эдийн засаг өөрөө өөрийгөө төлжүүлэх чадваргүй болчхоод байгаа шүү дээ.

Үүнийг хүн болгон л мэдэж байгаа. Ихэнх бизнесүүд зогсчихлоо. Бараа таваар борлогдохоо больчхоод байна. Үйлчилгээний байгууллагууд сая шинэ жилээр багахан орлого олсон байх. Бусдаар бол хүн орж үйлчлүүлдэг юм нь байхгүй болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр өөрөө бүх эргэлт нь зогсчхоод байгаа, болохоор гаднаас мөнгө оруулж ирж сэлбэж байж эдийн засгаа хөдөлгөж, худалдан авалтаа сайжруулах болчхоод байна.

-Өнөө жил авто зам тавих уу. Эдийн засаг хүндрэлтэй холбоотойгоор өнгөрсөн жил нэг ч км зам тавихгүй гэж байсан?

-Энэ жил бага хэмжээний зам тавихаар тусгасан. Сум, аймгийн чанартай замууд, аймаг хоорондын чанартай замын багахан ажлуудыг эхлүүлэх хэмжээний төсөв тавьсан. Ноднин бол бүр нэг ч км байхгүй байсан шүү дээ. Гол нь урдах ажлуудаа дуусгая гэдэг бодлого бариад явж байлаа. Өнөө жилийн хувьд концессыг бүр тас зогсооё гэдэг бодлого барьж байна.

Монгол Улсын хэмжээнд 16 их наяд төгрөгийн концесс буюу өрийн бичиг гарчихсан тооцоо байсан. Тиймээс ирээдүйгээсээ худалдаж авсан концессыг энэ жилдээ ямар ч байсан хийхгүй гэдэг бодлогыг Засгийн газар барьж байна. Харин ганц нэгэн концессын өрийг нь төлж барагдуулъя гэсэн юм ярьж байгаа.

-Засгийн газрын 100 хоног саяхан боллоо. Ер танай салбарт ямар гол ажлуудыг эхлүүлээд байна вэ?

-Засгийн газар залгамж чанартай байдаг учраас хийсэн ажлуудыг нь улам цааш нь өргөжүүлэх, сайжруулах зүйл байна. Хийж байгаа ажлуудыг бол дуусгана. Мөн шинэ бодлого оруулж байгаа. Дэд бүтцийн салбар дээр аливаа ажлын үр дүн урт хугацаандаа гардаг. Анх орж ирээд миний гол хийхээр санаж байсан ажил бол иргэний нисэхийг либералчлах асуудал. Үүн дээр бодлогынхоо бичиг баримтуудыг нэлээд базаж гаргаад явж байна.

Авто замын хувьд бол чанартай холбоотой асуудлуудыг нэлээд ярьж, энэ хаврын ажлууд дээр нэлээд чамбайхан шиг үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Түүний бэлтгэл ажлуудыг хийгээд байж байна. Хоёрдугаарт, замын тэмдэг, тэмдэглэгээг нэлээд сайжруулъя гэсэн бодолтой байгаа. Бид хойшоо хил гараад явахаар тэмдэг нь гялалзаад гэрэл дохио болсон замаар давхисаар Улаан-Үд ордог шүү дээ.

Манайх руу ороод ирэхээр л пад харанхуй зам угтдаг. Үүн дээр нэлээд өөрчлөлт оруулъя гэсэн бодолтой байгаа. Авто тээврийн хувьд бол аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр нэлээд анхаарал тавьж ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Ер нь бол замын цагдаа, Улаанбаатар хот, орон нутгийн хүрээнд ч хяналтыг сайжруулж, аваар ослыг бууруулах тал дээр анхаарна. Наад зах нь гэхэд замын цагдаагийн эргүүлийг дэмжиж нэмэгдүүлэх талын юм бодъё гэж байгаа. Камержуулах талын асуудлыг бас ярья. Аваар осол гараад байдаг цэгүүдийг засах талаар ажиллана гэсэн бодлогуудыг гаргаад явж байна.

Замын пүү, хяналтыг жаахан сайжруулъя гэсэн ийм бодлогыг бариад явж байна. Бид нэг үеэ бодоход нэлээд хэмжээний зам барьчихлаа. Одоо баруун таван аймгийг холбох ажлууд маань тус бүртээ 100-гаад км үлдчихсэн байж байгаа. Энэ ажлаа хоёр жилийн хугацаанд хийгээд үндсэндээ бүх аймгаа авто замаар холбочихно. Энэ тохиолдолд замаа цаашаа яаж хамгаалах вэ, арчлах вэ гэдэг асуудал гарна л даа. Одооноос эхлээд замынхаа арчлалтад нэлээд анхааръя гээд энэ жил 20-иод тэрбум төгрөг зам арчлалт дээр тавьсан.

Ер нь бол 40 гаруй тэрбум төгрөг л байж энэ бүх авто замын арчлалтыг хийх тооцоолол байдаг. Зам эвдэрч байгаа гол шалтгаан нь нэгдүгээрт чанарын асуудал, хоёрдугаарт, хүнд даацын машинууд явж байгаатай холбоотой. Түүн дээр нь яг стандартынх нь дагуу тээврийн хэрэгсэл явдаг байх. Хүнд даацын машин байвал пүүтэй хяналтын цэгүүдээр шалгаад ачааг нь буулгадаг, хямгаддаг, хянадаг системийг нь бий болгоё гэсэн. Яг л зам тээврийн бодлого ямар байх ёстой вэ тэр стандартынх нь дагуу л бодлогоо бариад явж байгаа гэсэн ийм л ажлуудыг хийнэ дээ.

-Зам, тээврийн хөгжлийн яамныхан энэ сарын 29-нд урд хөршид айлчлах юм байна. Энэ үеэр ямар асуудлууд яригдах вэ?

-Нэгдүгээр сарын 29-өөс хоёрдугаар сарын 2-ний хооронд БНХАУ-ын Тээврийн яамтай уулзах гэж байна. Мэдээж хоёр орны тээврийн хамтын ажиллагаа дээр ахиц гаргах, тээврийн талын хэлэлцээрүүд хийнэ. Гол нь төмөр замын асуудал, төмөр замын хөнгөлөлтийн асуудлууд яригдана. Дээрээс нь төмөр замын хамтын ажиллагаа, тэр хүрээнд нөгөө л Тавантолгой Гашуунсухайтынхаа төмөр замыг оруулах, хамтарч ажиллах, нөгөө зөрсөн цэгээ хоорондоо нийлүүлэх асуудлыг ярина.

Хятадын тал Зам, тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалах яамыг ойрын хугацаанд хүлээж авъя гэсэн саналтай байгаа юм шиг байна лээ. Энэ хүрээнд Хятадын Хөгжил шинэтгэлийн хороотой уулзах болохоор бусад яамдынхаа асуудлыг мөн яръя гэж бодож байгаа. Тавантолгойтой холбоотой асуудлуудыг, зогсолтыг дурдах байх. Барилга, хот байгуулалтын яамны цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг бас ярих хэрэгтэй байх гэж бодож байгаа.

Алтанбулаг, Замын-Үүдийн хурдны авто замын тухай дээр дурдсан шүү дээ. Энэ хурдны авто замыг коридорынхоо хүрээнд Хятад, Оростой гурвалсан хэлбэрээр нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа. Хөрөнгө оруулагчид нь хоорондоо зохицоод болох юм бол энэ хавар эхлүүлье гэсэн бодолтой байгаа.

Тэгэхээр энэ хүрээнд хэд хэдэн коридорын асуудал ярина. Хятадуудтай коридорын асуудлыг илүү ярих нь зүйтэй. Тэр утгаараа коридорын асуудал, төмөр замынхаа ачаа эргэлтийг сайжруулах хүрээнд Хятадаас Орос, Европ руу гарч байгаа энэ ачааг нэмэгдүүлэх талын асуудлыг мэдээж хөндөж тавина.

-Хүн амын орлогын албан татвар, хөгшдийн тэтгэврийн насыг эргүүлж наашлуулах асуудлыг ОУВС-тай эргэж ярих гэж байгаа гэсэн мэдээлэл гараад байх юм. Тэр хэр бодит юм бэ?

-Татварын асуудал дээр бид жаахан болгоомжтой хандахгүй бол болохгүй. Бид ОУВС-тай гэрээ хийгээд, үүрэг хүлээчихсэн байгаа. Тийм болохоор татвар дээрээ бид ер нь бол эргэж харна. Гэхдээ болгоомжтой эргэж харна гэж байгаа. Тэтгэврийн насыг ер нь бол хувь хүнийхээ хувьд ч тэр, Засгийн газрын гишүүний хувьд ч тэр эргэж харах нь зүйтэй гэж бодож байгаа. Энэ жилдээ биш юм гэхэд хойтон жилдээ ч байдаг юм уу. Ямар нэгэн байдлаар бид буцаж эргэж харахаас өөр арга байхгүй.

Зураг