Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Их хэмжээний цас орсноос Давосын чуулга уулзалт саатаж болзошгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Жил бүр Дэлхийн Эдийн Засгийн Чуулган зохион байгуулагддаг Швейцарийн Давос хот сүүлийн 20 жилд тохиогоогүй их цасанд дарагджээ.

“Сүүлийн зургаан өдөр Давосын орчимд 159 см цас орсон нь сүүлийн 20 жилд үзэгдээгүй явдал болж байна. Даваа гарагийн үдшээс маргааш өглөө хүртэл цасны зузаан дахин 20-40 см-ээр нэмэгдэхээр байна” гэж Швейцарийн Цас, Нуранги Судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.

Энэ үзэгдлээс болоод Давост VIP зочдыг хүргэх нисдэг тэрэгний тээвэрлэлт саатаж болзошгүй болсон байна. Зарим зочид Давост хүрэхийн тулд 12 км зайг нисдэг тэргээр хоёр цаг туулсан тухай мэдээлжээ.

Ердийн үед Давост лимузин машин, автобусаар хүрдэг байсан бусад зочид энэ удаа зөвхөн галт тэрэгний сонголттой болсон тул ачаалал ихээр нэмэгдээд байгаа гэнэ.

Харин Давос хот дотор автобуснуудын хөдөлгөөн удааширсан тул ихэнх зочид явган алхахыг илүүд үзэж байна. Байгаль орчныг хамгаалах шалтгаанаар Давосын гудамжинд давс цацдаггүй. Гэтэл цас цэвэрлэгч машинууд гудамж талбайг цэвэрлэж дийлэхгүй байгааг мэдээлжээ.

Өнөөдөр буюу Мягмар гарагаас цас зогсож, зам тээврийн асуудлууд шийдэгдэнэ гэж эрх баригчид найдаж байна. Ирэх Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Давост зочилж, хаалтын арга хэмжээнд оролцох юм. Тиймээс үлдэж буй өдрүүдэд зам тээврийн асуудлыг шийдэхээр хотын захиргаа хүч тавин ажиллаж байна.

Гэтэл үүнээс гадна Давосыг тойрсон уулсад цасны нуранги үүсэх аюул нэмэгдсэн нь бас нэг эрсдэл дагуулж байгаа гэнэ. Сүүлийн байдлаар Швейцарийн Цас, Нуранги Судлалын хүрээлэн Давос орчмын нурангийн аюулын түвшнийг 5 гэж үнэлээд байна. Энэ үнэлгээ нь 1-5 хүртэл тоогоор үнэлэгддэг ба 5 нь хамгийн өндөр аюултай түвшин юм.

Өчигдөр Давос хотын эрсдэлтэй хэсгүүдээс 20 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Трампыг Баасан гарагт нисдэг тэргээр Давост газардахад цасны нуранги үүсэж болзошгүй гэнэ. Хамгаалалттай нүсэр нисдэг тэрэгний үүсгэх чичиргээ нь цасны нуранги үүсэх нэг шалтгаан болдог ажээ.

 

Эх сурвалж: The Guardian