Хятадын Huawei, ZTE компаниудын бүтээгдэхүүнийг төрийн албанд ашиглахтай холбоотой гарах мэдээллийн аюулгүй байдлын эрсдлээс Вашингтон үргэлж болгоомжилж ирсэн.
Тэгвэл Техас мужаас сонгогдсон хууль тогтоогч Майк Конавэй өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргааг эдгээр компаниудын гар утас, төхөөрөмжүүдийг ашиглахыг хориглох хууль санаачилжээ.
Түүний мэдэгдэлд Хятад улсаас авах технологийн бүтээгдэхүүнүүд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж, дээрх компаниуд олж авсан хэрэглэгчийнхээ мэдээллийг засгийн газартайгаа хуваалцдаг тухай тагнуулын мэдээлэл бий гэж тайлбарласан байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Huawei компанийн шинэ гар утасаа АНУ-ын АТ&Т компанийн сүлжээгээр борлуулах гэрээ цуцлагдсан юм.
Гэрээ ёсоор Huawei компани Mate 10 Pro шинэ гар утсаа AT&T харилцаа холбооны компаниар дамжуулан Америкийн зах зээлд гаргах гэж байв.
Өнгөрсөн онд Оросын Касперский компанийн вирусны хамгаалалтын програмыг АНУ-ын төрийн байгууллагуудад хэрэглэхийг бас хориглосон юм. Үндэслэл нь мөн тагнуулын ажиллагаа явуулахаас болгоомжилсон хэрэг байв.
2010 оноос хойш Вашингтоны албаны хүмүүс Huawei, ZTE компаниудын бүтээгдэхүүн хэрэглэхээс болгоомжилж байгаагаа янз бүрээр илэрхийлж эхэлсэн байна.
Харин Майк Конавэйн санаачилсан хууль энэ болгоомжлолыг шинэ түвшинд гаргаж байгаа юм. Америк нэгдүгээрт гэсэн уриатай, Хятадын эдийн засгийн давамгайллаас болгоомжилдог Дональд Трампын засаг захиргааны үед түүний хууль дэмжигдэх магадлал өндөр байна.
Эх сурвалж: The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!