Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн өлсгөлөн иргэд бэлчиж явсан үхрийг нядалж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн баруун Мерида мужийн өлсгөлөн иргэд өчигдөр дэлгүүр, хүнсний төвүүдийг дээрэмдэж, бэлчээрт явсан үхрийг нядалсан тухай мэдээлжээ.

Тус мужаас сонгогдсон сөрөг хүчний хууль тогтоогч Карлос Папарони сүүлийн хоёр өдөр дэгдсэн үймээн самууны үеэр дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн гэмтэж, бэртсэнийг хэвлэлд ярьсан байна. Ерөнхийлөгч Николас Мадурогийн социалист дэглэмийн буруу бодлогоос болж тус улс сүүлийн дөрвөн жилийн турш хямарч, дэлхийн хамгийн өндөр инфляцтай орон болоод байгаа юм.

Гэвч дээрх хэргийн талаар эрх баригчид мэдээлэл өгөхгүй байгаа ажээ.

Сошиал сүлжээнд нийтлэгдсэн видео дүрсэнд арав орчим эрчүүд бэлчээрт явсан үхрийг хашиж, чулуугаар цохиж байгаа нь харагдаж байгаа юм.

Папаронигийн баталж байгаагаар нийтдээ 300 орчим мал, амьтныг өлсгөлөн хүмүүс ийм байдлаар агнасан гэнэ.

Мөн 800 орчим хүн засгийн газрын хүнс түгээх төв рүү дайран орж, байгаа бүх барааг нь дээрэмдсэн байна. Зул сарын баяраас хойш 30 сая хүн амтай тус улсын орон нутагт хүнсний дээрэм тонуул эрчимтэй нэмэгдсэн мэдээлэл байгаа юм. Одоохондоо нийслэл Каракас хот ийм байдалд хүрээгүй байна.

Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй гэгддэг Венесуэль улс түүхий эдийн үнийн уналт, эдийн засгийн буруу бодлогын улмаас хүнсний хомсдолд орж, өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters