Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сүүдэр буюу ОНЦ БАЙДЛААР онцгой эрхтэй болох хүсэл

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тураг ядрахдаа уул барааддаг, хүн ядрахдаа төрхмөө барааддаг... гэдэгчлэн Улаанбаатар хотын иргэд утааны хор хөнөөлд дарлуулж, амьдралынхаа агшин хором бүрийг эрүүл агаараар сэлгэх гэсэндээ төр засгаа гэсэн хүлээлтийн байдалтай байгаа нь үнэн. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь улсынхаа нийслэлд бүгэхийн хэрээр эдийн засгийн болоод амьдрах орчны таагүй сөрөг үр дагаврууд энд төвлөрсөн нь ч тодорхой.

Гэхдээ энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын онц байдал зарлах санаачилга гаргах эх үндэс болох уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Учир нь, онц байдал зарлах тухай асуудлыг Үндсэн хуулиар ч, Онц байдлын тухай хуулиар ч тайлбарлах боломжтой.

Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 1-д ‘Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон нөхцөлд УИХ онц байдал зарлана” хэмээн заасан ч үүний хэрэгжих үйл явц, хэрэгжүүлэх арга зам нь өөрөө утааны хор хөнөөл бүхий өвлийн улиралд онц байдал зарлах Ерөнхийлөгчийн санаачилгыг зөвтгөх аргагүй юм.

2008 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1 БУЮУ Н.ЭНХБАЯРЫН ГЭМШИЛ

Үүний тулд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын 2008 оны долоодугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө зарласан онц байдлын нөхцөл байдлыг эргэн харъя. Т эр шөнө УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн гудамжны жагсаал идэвхжиж улмаар МАН-ын цагаан байрыг галдан шатааж, олон зуун хүн уг гэмт хэргээс үүдэн хорих ялаар шийтгүүлсэн.

Иймд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүлэг хүмүүсийн хүч хэрэглэсэн үйл ажиллагааны улмаас иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэж, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдан, амь насанд нь заналхийлж эд хөрөнгө устгах, галдан шатаах үйл ажиллагаа даамжирч, нийтийн эмх замбараагүй байдал бий болсон тул энэхүү онцгой үр дагаврыг арилгах, хүн амын амьдралыг хэвийн болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Онц байдлын тухай хуулийн тавдугаар зүйлийн 3, 6 дахь хэсгүүдийг баримтлан нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт долоодугаар сарын 1-ний 23.30 цагаас эхлэн дөрөв хоногийн хугацаанд онц байдал зарласугай” хэмээн онц байдал тогтоож байв.

Харамсалтай нь, онц байдлыг хэрэгжүүлэх, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох тэр мөчид Улаанбаатар хотын төв гудамжнаа таван залуу амь насаа алдсан нь өдгөө Монголын улс төрд, хууль хяналтынхны үйл ажиллагаанд, тэр дундаа иргэдийн сэтгэлд гашуун толбо үлдээсэн нь бий. Тиймээс ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хожим “Тэр шөнө онц байдал зарласандаа хамгийн их харамсдаг” хэмээн мэдэгдсэн удаатай.

Ингэж онц байдлаас таван залуугийн аав ээж, ах дүү хамаатан садан, гэр бүл хэзээ ч эдгэрэхгүй сэтгэлийн шархтай үлдэж, тэдний амь насаа алдсан хэргийг гэрчлэх гэрчгүй, хариуцлага үүрэх хариуцагчгүй үлдсэн байхад өнөөдөр утааны асуудлаар онц байдал зарлах хэрэгтэй хэмээн Ерөнхийлөгчийн, тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын суудлаас ийн хатгах, хашхирах, дарамтлах нь зөв үү. Монгол Улсын үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болчхоод шүү дээ.

ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАР ЕРӨНХИЙЛӨГЧИД ОЛГОГДОХ ОНЦГОЙ ЭРХ

Тиймээс дахин Онц байдлын тухай хуулийн зүйл заалтыг нэгд нэгэнгүй хүргэе. Тэдгээрээс хамгийн эхэнд тодруулах ёстой заалт бол уг хуулийн 3.8 дугаар зүйлийн нэг буюу “Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдах зохион байгуулах чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эрхлэн гүйцэтгэнэ” гэдэг заалт. Эндээс хэн ч харсан ойлгомжтой зүйл нь Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар уг зөвлөлийг тэргүүлэх нь тодорхой.

Гол нь энэхүү эрх мэдлийн ард уг хуулийн 3.9.1.5 дахь заалтаар нээж өгсөн Ерөнхийлөгчид ёстой л толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийх эрхийг нь олгох боломж бол “Онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, УИХ болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг онцгой байдлын хугацаагаар түдгэлзүүлж, орны хүнийг томилох, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг огцруулах тухай асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх” гэдэг заалт. Уншигч та дээрх заалтыг дахин нэг уншаад үзээрэй. Магадгүй нэг бус нэлээн олон удаа ч унших хэрэгтэй.

Учир нь, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд өрнөсөн МАН-ын дотоод улс төрийн зөрчил дунд Ерөнхийлөгч Х.Баттулгыг гол дүр бүтээсэн гэж үзэхэд хэцүү. Гэхдээ яадаг ч байсан тэрбээр туслах дүр бүтээсэн. Засгийн газрыг огцруулах, байгуулах сонирхлын гадна бол яав ч үлдээгүй. Харин шинэ Засгийн газар байгуулагдахтай зэрэгцэн МАН дахь улс төр өөрийн толгойтой, эрх ашигтай болж ирсэн.

Тэр хэрээр Ерөнхийлөгчийн үг ээдэрч, МАН-аас ч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраас ч өө хайх болсон. Хамгийн багадаа л өнгөрсөн долоо хоногт эрчимжсэн Засгийн газрын утааны эсрэг хийж хэрэгжүүлэх санаачилгуудыг тэрбээр УИХ-ын индрээс шүүмжилсэн. Цаашлаад “УИХ-ыг тараах санаачилга гаргана” гэдгээ ч зарласан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийг чуулгандаа суухгүй байгааг нь гол болгож, цэнхэр дэлгэцээр олон нийтэд шүүмжилсэн.

Угтаа энэ шүүмж өнгөрсөн арав орчим жилийн турш УИХ-ын гишүүн Х.Баттулга руу чиглэж байсан нь саяхны үйл явдал. Энэхүү нийтлэлтэй холбогдуулан өчигдөр 2011, 2014, 2015 оны УИХ-ын чуулганы хуралдааны ирцийг сонины архиваас шүүж үзэхэд тэрбээр өөрөө хамгийн их тасалдаг УИХ-ын гишүүн байсан нь тодорхой байв.

Тодорхой байв ч гэж дээ, монголчууд та бид ой санамж муутай байлаа гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Х.Баттулгад “Ховрын бараа” гэдэг хоч өгч, зөвхөн 2016 оны УИХ-ын хаврын чуулганыг гэхэд 94 цагийн таслалтаар тэргүүлж байсныг мартаагүй байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр энэхүү улстөржилтийнх нь цаана онц байдал зарлах замаар ОНЦГОЙ ЭРХ-тэй болох гэсэн санаархал, цаашлаад Засгийн газрын бүтцээр тоглох сонирхол байхыг үгүйсгэх аргагүй юм.

О.БААСАНХҮҮ: ОНЦ БАЙДАЛ 3APЛAXAAP ГЭРТЭЭ БАЙ ГЭСЭН ҮГ. ПОП ЕРӨНХИЙЛӨГЧ ТА СОШИАЛААС ХОЛ БАЙ

За яахав, энэ гаргалгаа таамаг хувь сэтгүүлчийн хардах эрхээ эдэлсэн нийтлэлийн нэг өнцөг байлаа гэхэд эргээд хууль руугаа оръё. Хэдийгээр энэ удаад онц байдал зарлалаа гэхэд шууд 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдал шиг цэрэг, цагдаагийнхныг бүрэн зэвсэглэл, тоноглолтой хотын гудамжаар харуулд гаргахгүй байж мэднэ. Шалтгаан нь өөрөө зөрчил тэмцлээс үүдэлтэй биш болохоор харьцангуй сайнаар бодоход шүү дээ.

Гэхдээ онц байдал бол онцгой бүрэн эрхтэй, онц хоригтой төрийн хориг юм. Асуудлыг нь энэ талаас нь лавшруулан ойлгох, тайл-барлах, хэрэгжүүлэх үүднээс Онц байдлын тухай хуулийн 4.16.1-д “Онц байдлыг тогтоосон нутаг дэвсгэрт зорчих, орох, гарах журам тогтоох, хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал цуглаан, олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга, хүч хэрэгслээр шууд албадан тараах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх, хөл хорих, төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан олгосон зөвшөөрлийн болон иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүйгээр гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хоногийн тодорхой цаг хугацаанд зорчихыг хориглох, онц байдал зарласан нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй оршин бууж байгаа бөгөөд дэглэм сахиулахад саад учруулсан этгээдийг байнга оршин суух газарт нь, эсхүл онц байдал тогтоогоогүй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж рүү албадан гаргах" гэж заасан байгаа.

Гэсэн ч УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд яаран сандран хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын дарга М.Энхболдод онц байдал зарлах тухай өөрийн саналаа хүргүүлсээр байтал тодорхой байр суурь баримталсан нь төдий л үгүй юм.

Харин онц байдал зарлах тухай саналаа хөрөгдөхөөр УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулгыг суух үед нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Онц байдал зарлахаар гэртээ бай гэсэн үг. Гэртээ байхаар бүгд галаа түлнэ гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн хоногт юу болсныг хараа биз дээ. Онц байдал гэхээр бүгдийг нь хээр гадаа майхан бариад амьдруулах юм уу. Популист Ерөнхийлөгч фэйсбүүк, твиттерээс холдмоор байна. Ерөнхийлөгч маань facebook, twitter-т юм ярихаар гүйгээд очдог байж болохгүй. Шийдлээ олж яримаар байна. Нэг нь хийхгүй байхаар нөгөө нь хийгээд байгаа юм шиг явмааргүй байна” хэмээн хатуухан шүүмж хэлнэ билээ.

Үнэхээр ч түүний энэ үгийг дээрх Онц байдлын тухай хуулийн зүйл, заалтууд нотлох бөгөөд гэрээсээ ч гарахгүй, ажлаа ч хийхгүй нүүрс нь нүүрсээ, дугуй нь дугуйгаа түлээд утаан дээр утаа нэмээд л онц байдал цуцлагдахыг хүлээнэ гэсэн үг. Он солигдох мөчийг угтсан, үдсэн амралтын өдрүүдэд Улаанбаатарын утаа улам бүр нэмэгдэж, гудамжинд явсан хүү агаараас хордож, эмнэлэг хүргэгдсэн шалтгаан нь товчхондоо энэ. Ямар гэртээ хөлдөж хорвоогийн мөнх бусыг үзүүлэлтэй нь биш дээ бүгд галаа түлсээр л байх болно.

Харин юу түлэх вэ, хэрхэн нүүрс бага хэрэглэх вэ гэдэг нь төр засгийн өөрийнх нь өвлийн менежментийн үр дүн байх ёстой. Үүнийг Ерөнхийлөгчид тодорхой сануулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү танд баяр хүргэе. Онц байдлаар онцгой эрхтэй болох гэсэн Ерөнхийлөгчийн зорилгыг илчилсэнд тань.

Гол нь, Ерөнхийлөгчийн үг, үйлдэл болгон Монголын өнөөгийн төрийг сүүдэрлэж эхэллээ. Энэ нь даамжраад цаашид Монголыг ч бүхэлд нь сүүдэрлэхийг ч үгүйсгэх аргагүй. Учир нь, сүүдэр бол сүүдэр. Нэмж тодотгоход монголчууд булт олноороо Ерөнхийлөгчийн сүүдэрт нарнаас зугтаж гадаалах хэмжээнд тулж очоогүй гэдгийг бас бодолцох ёстой юм. Ер нь бол сарыг залгидаг раахын тухай үлгэр биш дээ, Монгол чинь.

Зураг