Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Том товчлуур”-ын маргаан Трампын сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовоход хүргэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрт нь илүү том цөмийн зэвсгийн товчлуур байгааг Ким Жон Унд мэдэгдсэн нь дуулиан тарьсан билээ.

Хойд Солонгосын удирдагч Даваа гарагт ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ хүргэх үеэр өөрийнх нь ширээн дээр цөмийн зэвсэг идэвхжүүлэх товчлуур байнгын бэлэн байдалд байгааг Вашингтонд анхааруулсан юм.

Тэгвэл Трамп өөрт нь илүү хүчтэй, том, бас ажилладаг товчлуур байгаа хэмээн сайрхсан мэдэгдлийг твиттер хуудсаараа дамжуулан хийсэн байна.

Үүний дараа Цагаан ордны мэдээллийн цагаар сэтгүүлчид Трампын мэдэгдлийн талаар хэвлэлийн төлөөлөгчөөс нь тодруулжээ.

Нэгэн сэтгүүлч дээрх мэдэгдэл нь Трампын сэтгэц хэвийн биш болохыг харуулж байгаа эсэхийг асуусан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс энэ дүгнэлийг үгүйсгээд “харин Хойд Солонгосын иргэд удирдагчийнхаа сэтгэцийн асуудалд санаа зовох хэрэгтэйг харуулсан хэрэг” гэж тайлбарлажээ.

Дараа нь бас нэг сэтгүүлч “хэрвээ тийм бол сэтгэцийн өвчтэй хүнийг ингэж өдөөн хатгах нь хэр зөв болох”-ыг асуусан байна.

“Энэ бол өдөөн хатгасан хэрэг биш. Харин тус дэглэмийн ард иргэдийн талд байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл юм” хэмээн Сандерс хариулжээ.

Трампын хувийн твиттер хуудсаараа хийсэн замбараагүй мэдэгдлийг зөвтгөн тайлбарлах нь Цагаан ордны хэвлэлийнхний хувьд хэцүү ажил болдог.

Энэхүү хэл амтай, хүнд ажлыг хариуцаж байсан Шон Спайсер хагас жил орчим хугацаанд ажилласны дараа өнгөрсөн оны дундуур огцорч, оронд нь хатагтай Сара Сандерс ажиллаж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: The Week