Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх "Шидэт толь" төв нээгдлээ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх зорилготой гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

"Шидэт толь" төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өгөх үйл ажиллагааг нээж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх үг хэлсэн юм.

Тэрбээр ""Гүүд Нейборс" олон улсын байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран өнгөрсөн жил олон ажил амжуулсан. Гэр бүл салах үед хүүхэд хэнтэй нь цуг амьдрах вэ гэдэг нь өөрөө том асуудал дагуулдаг сэдэв. Үүнд шинжээчдийн дүгнэлт гарч байж түүнд суурилсан шүүхийн шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ дунд хүүхэд стресс авах тохиолдол элбэг байдаг гэсэн үг. Эдгээр хүүхдүүдйн хүсэл сонирхол, эрх ашгийг хүндэтгэн хамгаалж, байр суурийг нь бодитоор үнэлэх, тэдний ирээдүйн амьдралд нөлөөлөхүйц чухал дүгнэлтийг гаргах шаардлага мэргэжилтнүүдэд тулгардаг.

Тиймээс бид өөрсдийн нөөц боломжийг шавхаж ажиллахын зэрэгцээ тус олон улсын байгууллагатай хамтран энэ төслийг хэрэгжүүллээ. Цаашид энэ төсөл улам өргөжиж, гэр бүл, хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Тус өрөөг Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт байгуулж, өргөжүүлнэ" гэлээ.

энэхүү зөвлөгөөгөөр дамжуулан олон хүүхдийн ирээдүй гэрэлтэнэ гэдэгт итгэж байна

 

"Гүүд Нейборс" олон улсын байгууллагын Захирал Пак Дун Чол "Солонгос улс 1997 онд санхүүгийн хямралд өртөж байсан. Тухайн үед өрхийн тэргүүнүүд ажилгүй болж эхэлсэн учир гэр бүл салалт их үүсэж, хүүхдүүд том хохирол амссан. Тиймээс гэр бүл салалт Монголд бүү байгаасай гэх үүднээс бид хүүхдэд зөвлөгөө өгөх төвийг байгуулах ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна. 

Хэдийгээр бүх хүүхдүүдэд хүрч ажиллаж чадахгүй ч тодорхой хэмжээнд энэхүү төсөл, зөвлөгөөгөөр дамжуулан олон хүүхдийн ирээдүй гэрэлтэнэ гэдэгт итгэж байна" гэлээ. 

Мөн энэ үеэр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны  Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа үг хэлсэн юм. Тэрбээр "ХНХЯ-аас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төлсийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Энэ хуулийн шинэчлэлтийн дагуу бид орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Гэр бүл, хүүхэд залуучуудын газар гэр бүлд зөвлөгөө өгөх танхимтай байхаар хуулийн төсөлд тусгасан. Энэхүү ажлын маань эхлэл болж өнөөдөр зөвлөгөө өгөх төвийг нээлээ" гэлээ.

"Шидэт толь" төвөөс авч болох үйлчилгээ

Тус өрөө нь хүүхдийн тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөө, ажиглалтын өрөө гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Тоглоомын өрөө нь бүх насны хүүхэд тоглох тоглоом болон сэтгэл зүйн сорил, хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой юм. Тухайн хүүхдийн насанд тохирсон элсэн тоглоом, лего гэх мэт тоглоомуудыг байршуулжээ.

Эхний ээлжид энэ өрөөнд орсон хүн бүр тайван байдлыг мэдэрч, сэтгэл зүйгээ ил гаргахад дөхөм болохоор олон улсын стандартын дагуу хийсэн байна. 

Ганцаарчилсан ярилцлагын өрөөнд эцэг эх болон өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйчтэй ганцаарчлан ярилцах байдлаар тохижуулжээ. 

Мөн энэхүү төвийн нэг онцлог болох Ажиглалтын өрөөнөөс хүүхдийн тоглож буй байдал, эцэг эхтэйгээ хэрхэн харилцаж байгаа, ээнэгшил, дасан зохицлыг ажиглан сэтгэл зүйч мэргэжлийн дүгнэлт гаргах боломжтой аж. Мэргэжилтэн энэ өрөөнд орон ажигласанаар хүүхэд аав, ээжийнхээ хэнтэй нь илүү дотно харьцаж, тоглож байна гэдгээс хамааран дүгнэлтээ гаргахад нэмэр болох юм. 

Төслийн хүрээнд шүүхэд асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтнүүдэд анхан шатны цогц сургалт, мэргэжлийн үйлчилгээ явуулах өрөө, мөн цаашид ашиглах гарын авлагыг бэлтгэн хүргэхээр ажиллаж байгаа юм байна.