Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баянзул: Гадаад валютын улсын нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Д.Баянзултай ярилцлаа.

-Өнгөрсөн жил Монгол Улсын валютын нөөц зохистой хэмжээнээсээ багасчихсан, хөрөнгө оруулалтууд тасалдчихсан амаргүй байлаа шүү дээ. Харин одоо нөөц 2 тэрбум ам.долларыг давсан үзүүлэлттэй байна. Гэхдээ цэвэр нөөцөөрөө бид зохистой түвшнээ хангаж чадахаар байна уу?

-Гадаад валютын нөөцийн зохистой түвшинг ярихаас өмнө улс орнууд яагаад валютын нөөц хуримтлуулах ёстойг товчхон хэлмээр байна. Ямар ч ханшийн дэглэмтэй эдийн засаг байсан дотоодын валютын үнэ цэнийг хадгалах нь макро эдийн засгийн болон санхүүгийн секторын тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Мөн нөөцийн хуримтлал нь хямралын үед улсын хөрвөх чадварыг хангах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах, гадаад өрийн үйлчилгээг хийх, цаашилбал улс орны аюулгүй байдлын баталгаа болж байдаг чухал үүргийг гүйцэтгэдэг.

Зохистой түвшний хувьд тухайн улсын эдийн засгийн бүтэц, шинж чанар, төлбөрийн тэнцэлд учирч болох эрсдэлээс шалтгаалаад гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг тооцдог арга хэрэгслүүд улс орнуудын хувьд ялгаатай байх хандлагатай. Ерөнхийдөө, уламжлалт харьцаа үзүүлэлтүүд гэвэл нөөц-импортын харьцаа, нөөц-богино хугацаат гадаад өрийн харьцаа, нөөц-мөнгөний нийлүүлэлтийн харьцаанууд байдаг. Эдгээрээс урсгал тэнцлийн эрсдэл өндөртэй, жижиг эдийн засагтай манайх шиг орны хувьд импортын 3 сарын түвшинг хангах хэмжээгээр нөөцийн хамгийн бага зохистой түвшинг тодорхойлдог практик бий.

Энэ оны эхэнд манай гадаад валютын улсын нөөц (ГВУН) бараа, үйлчилгээний импортын 3.1 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу зохистой түвшинг дөнгөж давахуйц байсан. Харин 2017 оны 12 дугаар сард энэ үзүүлэлт 6.1 сар болж өслөө. Өнгөрсөн жил гадаад валютын цэвэр нөөц хасах 400 сая ам.доллар байсан бол 12 дугаар сарын эхээр нэмэх 520 орчим сая ам.долларт хүрээд байна.  Нөөцийн хүрэлцээт байдлын түвшин цаашид ч сайжрах эерэг хандлагатай байна.     

-Монголбанкны Ерөнхийлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа оны эцэс гэхэд 200 сая ам.доллараар ГВУН-ийг нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа хэлсэн байсан. Монголбанк энэ зорилтондоо хүрч амжихаар байна уу?

-ГВУН-ийн хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэхэд оны эхнээс 1 тэрбум орчим ам.доллараар нэмэгдсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн 10 дугаар сард өгсөн ярилцлагаас хойш 11 дүгээр сарын эцсийн байдлаар ГВУН 550 сая орчим ам.доллараар нэмэгдээд байна. Энэ бүхнээс дүгнэж болох байх.  ГВУН 2017 оны эцэст 11 дүгээр сарын эцэст байгаа түвшнээс 20 хүртэлх хувиар нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байна. Одоогийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрээд байна.

Монголбанк 2016 оны сүүлийн хагасаас эхлээд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Монгол Алт” аяныг зохион байгуулж, алт тушаалтыг өнгөрсөн оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгдүүлсэн, Засгийн газартай хамтран ажиллаж, олон улсын хөрөнгийн захад “Хуралдай”, “Гэрэгэ” бондуудыг амжилттай арилжаалсан, ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэлэлцээрийг хийж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас санхүүжилтүүд орж ирсэн, нөөцийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлсэн зэргээс хамаарч ГВУН нэмэгдлээ.  

-Гол үр дүн бол мэдээж хэрэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа санхүүжилтүүдээс хамаарч байгаа байх л даа. Үүнээс гадна Монголбанкны алт худалдан авалт өмнө нь байгаагүй өндөр өсөлтийг үзүүллээ. Нийт нөөцийн бүрдүүлэлтийн хэчнээн хувийг алт бүрдүүлсэн бэ?

-Монголбанкны алт худалдан авалт 2017 оны 11 дүгээр сарын байдлаар 19.1 тоннд хүрсэн.  Энэхүү биет хэмжээний өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь алтны орлого нэмэгдэх, цаашилбал ГВУН нэмэгдэхэд эерэгээр нөлөөллөө.  Алтны мөнгөжүүлэлтээс орсон орлого энэ оны эхний 11 сард 625.5 сая ам.доллар байгаа нь ойролцоогоор ГВУН-ийн өсөлтийн 62.9 хувийг бүрдүүлж байна.   

-ГВУН нэмэгдэхийн хэрээр ханш тогтвортой байх боломж бүрдэж байна. Монголбанк ханшийг тогтворжуулахад бодлогын өөр ямар арга хэмжээнүүдийг авсан бэ?

-Монгол Улсын гадаад секторын үзүүлэлтүүдэд орох урсгал давамгайлж, ГВУН нэмэгдэхийн хэрээр зах зээлд оролцогчдын дунд төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтвортой байна гэсэн эерэг хүлээлт бий болж байна.  Тодруулбал, манай төлбөрийн тэнцэл 10 дугаар сарын байдлаар гэхэд 561 сая ам.доллараар нэмэгдэж 283 сая ам.долларын ашигтай гарсан, гадаад худалдааны тэнцлийн ашиг 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 49 хувиар өссөн, валютын урсгал цэвэр дүнгээр эерэг 312 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 352 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж шаардлагатай тохиолдолд дотоодын захад оролцдог.  Энэ онд 613.8 сая ам.доллар, 114 сая юань захад нийлүүлж, 575.9 сая ам.доллар захаас худалдан авсан байна.  Түүнчлэн 2017 оны 4 дүгээр сард бид банк хоорондын валют арилжааны цахим талбарыг шинээр нэвтрүүлсэн. Энэ нь зах зээл оролцогчдод мэдээлэл тэгш, хүртээмжтэй хүрэх, банк хоорондын захын ханш зарлагддаг болсноор дотоодын валютын захад ханшийн хэлбэлзлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Хэдийгээр дотоодын валютын зах дээр хийгдэж буй арилжаанд банк хооронд хийгдэх арилжаа бага хувийг эзэлдэг ч тэдгээрийн арилжааны ханшийн мэдээллийг зарладаг болсноор аж ахуйн нэгжүүд валют арилжаа хийх жишиг үнэ ханштай болж байгаа юм.  

Цаашлаад ирэх онд бид цахим талбарын арилжаанд оролцогчдын тоог нэмэгдүүлэх замаар уг талбараар дамжуулан хийгдэх арилжааны хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.  Ингэснээр мэдээллийн хомс байдал, захын дэд бүтцээс үүдэлтэйгээр ханш хэлбэлзэх явдал багасна гэж үзэж байгаа.

-Нөөц тогтвортой нэмэгдэх ямар боломжит эх сурвалжууд байж болох талаар та мэдээлэл өгнө үү?

-Дээр дурдсан ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ сард гэхэд л ОУВС-гаас 79 сая ам.доллар, Япон улсын олон улсын хөгжлийн агентлагаас 32 тэрбум иен, Дэлхийн банкнаас 122.7 сая ам.долларын санхүүжилтүүд орж ирээд байна. Цаашид өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтээс ирэх жилүүдэд хуваарийн дагуу орж ирэх төлөвтэй байгаа нь төлбөрийн тэнцэл болоод валютын нөөцөд давхар том дэмжлэг болохоор байна.  Гэвч эдгээр нь ГВУН-ийг түр хугацаанд нэмэгдүүлэх нөлөөтэй гэж хэлж болно. 

Бид эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, экспортын чиглэлийн болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулж төлбөрийн тэнцэлийг сайжруулах ёстой.       

Цаашид макро эдийн засгийн нөхцөл байдал тогтворжихийн хэрээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргэж, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх, улмаар хувийн хэвшлийн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхээр байна.  Мөн дотоодын алтны үйлдвэрлэлийг дэмжих, алтны сорьцын лаборатори шинээр байгуулахаар төлөвлөж байгаа нь Монголбанкны алт худалдан авалтыг ирэх онуудад тогтвортой түвшинд байлгана гэж харж байна.

-Тэгвэл ойрд ханшийн эрсдлээс айгаад байх шаардлага бидэнд байхгүй юм байна гэж ойлгож болох нь ээ?

-ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн 1, 2 дугаар шатны үнэлгээгээр Монгол Улсын статистик үзүүлэлтүүд төсөөлснөөс хурдан сайжирч байгаа, цаашид макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрах талаар дурдсан.  Нийт төлбөрийн тэнцэл 2017 онд 1063 сая ам.доллар, 2018 онд 377 сая ам.долларын ашигтай байна гэж Монголбанк төсөөлж байна.  Мөн экспортын түүхий эдийн дэлхийн зах зээл дэх үнэ ирэх онд бага зэрэг өсөлттэй байхаар хүлээгдэж байгаа. Үүнээс үзвэл, одоогийн байдлаар ханшид огцом хэлбэлзэл үүсгэх хүчин зүйл харьцангуй бага байгаа гэж хэлж болно.

-Үүнээс гадна иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн ойлгомжгүй байдалтай байгаа нэг асуудал бол ипотекийн зээлийн санхүүжилт болоод байна. Монголбанк 2018 он гэхэд санхүүжилтээ зогсоохоо мэдэгдчихээд байгаа. Тэгэхээр эргэн төлөлтөөр нөхөж байсан санхүүжилтээ Засгийн газарт бүрэн шилжүүлэх үү? Тодорхой тайлбар өгнө үү?

-Юуны өмнө хэлэхэд ипотекийн зээлийн хөтөлбөр 2018 онд үргэлжлэн хэрэгжинэ.  ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр тохирсон. Үүнтэй холбогдуулан одоогоор Монголбанк, Засгийн газартай хамтран хөтөлбөрийн санхүүжилтийн бүтцийг сайжруулах, илүү үр ашигтай, зардал багатай санхүүжилтийн схемийг боловсруулахаар ажиллаж байна.

Монголбанк хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлсэн ч хөтөлбөрийн хэрэгжилтэнд зориулан өөрийн өмчлөл дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийг олгосон хэвээр байна.  Харин энэхүү бондыг Засгийн газар шилжүүлэн авсан тохиолдолд мөнгөн урсгал нь төсөвт тооцогдож, зарцуулагдах болно.   

-Шинээр боловсруулж буй санхүүжилтийн схемд ямар ямар өөрчлөлтүүд орох вэ?

Орон сууцны санхүүжилтийн схемийг шинэчлэхэд хэд хэдэн зарчмыг баримталж байна. Нэгдүгээрт, хөтөлбөрийн санхүүжилтийг илүү хүртээмжтэй болгохыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, боломжит эх  үүсвэрээр илүү олон иргэдийн зээлийг шийдвэрлэж орон сууцтай болгох боломжийг эрэлхийлж байна. Улаанбаатар хотын айл өрхийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийт хүн амыг агаарын бохирдлоос хамгаалах нийгмийн том хэрэгцээ шаардлага үүсээд байна. 

Хоёрдугаарт, хөтөлбөрийг зорилтот хэсэгт чиглүүлэх зарчим баримталж байна.  Хөтөлбөрийн зээлийн нөхцөл нь зах зээлийн нөхцөлөөс нэлээд хөнгөлөлттэй, энэ зардал нь төсвөөс буюу нийтийн хөрөнгөөс санхүүжигдэнэ.  Тиймээс төрийн бодлогын хүрээнд тодорхойлсон, шаардлагатай иргэдэд хүрэх ёстой.     

-Банкууд ипотекийн зээл олгохгүй байгаа талаар иргэдээс гомдол ихээхэн гаргах боллоо. Монголбанк санхүүжилт олгосон хэвээр байгаа юу?

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 2016 оны 10 дугаар сараас ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанк хязгаарлаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх.  Үүнээс шалтгаалан банкуудын орон сууцны зээл олголт багассан хэдий ч үргэлжилсэн хэвээр байна. Энэ оны хувьд ипотекийн зээлийн санхүүжилтэнд зориулж Монголбанк 243 тэрбум төгрөг, Засгийн газар 111 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад олгосон.  Банкууд энэ эх үүсвэрээр 5600 орчим зээлдэгчийн орон сууны зээлийг шийдвэрлэсэн бөгөөд үүний цаана 20 гаруй мянган иргэн шинээр орон сууцтай болсон гэж хэлж болно.    

-Тухайн иргэн авах ёстой байсан зээлээ үнэхээр авч чадахгүй байгаа тохиолдолд хэнд хандах ёстой вэ?

Энэхүү ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд зээлдэгчид тавих шалгуур үзүүлэлт, зээлээр худалдан авах орон сууцанд тавих шалгуур үзүүлэлт, зээлийн нөхцөл зэргийг холбогдох журам, гэрээнд тодорхой тусгасан байдаг.  “Иргэний авах ёстой байсан зээл” гэдгийг би энэ бүх шалгуур үзүүлэлтийг хангасан, тухайн банк нь зээлдэгчийн судалгаа, үнэлгээг хийж, зээл олгох шийдвэр гаргасан зээл гэж ойлгож байна. 

Эх үүсвэрийн хязгаарлалтаас шалтгаалан зээлийн шийдвэр гарснаас хойш олгох хүртэл тодорхой хугацаанд иргэд хүлээж байгааг үгүйсгэхгүй.  Харин бүхий л шаардлага, шалгуурыг хангасан зээл хүсэгчийн хувьд зээлээ авч чадахгүй байгаа тохиолдолд ямар шалтгаанаас болсноос хамаарч тухайн банкны дотоод хяналт хариуцсан газар нэгж, мөн Монголбанкинд ч хандах нь нээлттэй. Цаашилбал шалтгаанаасаа хамаараад хууль хяналтын байгууллагад ч хандах эрхтэй.        

-Ярилцсанд баярлалаа.   

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.