Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Гашуунсухайт дахь машины дараалал 118 км байснаас өнгөрсөн шөнийн байдлаар 17 болсон байна"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Гашуунсухайт хилийн боомтын нүүрс тээвэрлэлтэд үүссэн нөхцөл байдлыг арилгах, нүүрсний ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх зорилгоор ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн ажлын хэсэг газар дээр нь ажилласан байна. 

Үүний үр дүнд ЗТХЯ, Автотээврийн Үндэсний төв хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нүүрс ачилтыг түр зогсоох шаардлагатай байлаа

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд "Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажлын хэсэг гарч ажиллаж байна. Үүний дагуу тодорхой хэмжээний ажлуудыг хийсэн. 

Нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах, хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлтийг хийх зэрэг ажлыг эрчимжүүлсэн байгаа юм.

Ажлын хэсэг Гашуунсухайт боомтод очсон даруйдаа нүүрс ачилтыг түр зогсоох хэрэгтэй байгаа талаар санал гаргасан. Ачилт арванхоёрдугаар сарын 12-ны  шөнийн 01:00 цагт түр зогсоосон. Өнгөрсөн шөнийн байдлаар машины түгжрэл 118 км байснаас 17 км болсон байна.

Өнөөдөр өглөө 08:00 цагаас эхлээд уурхайн ачилтыг Цагаанхад чиглэлд хийж эхэлсэн. Цагаан хаднаас ачилтыг өдөр 14:00 цагаас эхэлж хийнэ. 

 Цуваа бүрэн гарч дуусмагц тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгох юм.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийгдэнэ. Үүнд УУХҮЯ онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн ЗТХЯ, АТҮТ машины бүртгэлийг сайжруулах, тээвэрлэлтийн стандарт мөрдөх ажлуудыг давхар цаг алдалгүй хийж байна" гэлээ.

Хувиараа тээвэрлэлт эрхэлж байсан 3,000 гаруй жолоочийг гэрээжүүлж, аж ахуйн нэгж байгууллагад хамааруулсан
 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.Батсайхан "Нүүрсний экспорт сэргэсэнтэй холбогдуулж тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэмэгдсэн.

ЗТХЯ, АТҮТ-ийн ажлын хэсэг нь “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, жижиг “Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж, тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөн ажилласан.

Нүүрс олборлож буй компанитай хийсэн гэрээг үндэслэн АТҮТ-өөс тээвэрлэгч компаниудад зөвшөөрөл олгодог бөгөөд энэ асуудалд зохицуулалт хийж, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААН-ийн тээврийн хэрэгслийг улс хоорондын тээвэрлэлтээс хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа юм.

Өнгөрсөн онд нийтдээ 5,700 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд үүнээс гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан 3,000 гаруй жолоочтой гэрээ байгуулан, аж ахуйн нэгж байгууллагад хамааруулж, дотоодын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах нөхцөл боломжоор хангасан.

Өнгөрсөн оны эхний хагас жилд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтмол өсөлттэй байх үед уурхайнуудаас ирсэн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн норм, дүрэм журам, стандартын хүрээнд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж 7,800 гаруй болгосон. Оргил үедээ 1,605, энгийн үедээ тогтмол 1,200-1,300 гарч байсан үед тээврийн хэрэгслийн илүүдэл болон ачаалал үүсгэхгүйгээр төлөвлөж байсан ч өнгөрсөн оны долоодугаар сарын эхээр Хятадын тал татан авалтаа 2 дахин бууруулснаас хамаарч хүндрэл үүсэж эхэлсэн.

Энэ үед АТҮТ-өөс УУХҮЯ-д уурхайн ачилтыг квотонд оруулж багасгах, уурхайг хаах хүртэл арга хэмжээ авч өгөх хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр Засгийн газрын хуралдааны 320 дугаар тогтоол гарч, холбогдох яамд болон орон нутагт чиглэл өгч үйл ажиллагаагаа уялдуулахаар ажиллаж байна" хэмээн ярилаа.

Худалдагч, худалдан авагч талууд тээврийн асуудлаа шийдэж байх ёстой

Хилээр цөөн машин нэвтэрч байгаа энэ үед их хэмжээний нүүрс ачилт хийсэн худалдагч, худалдан авагч талууд замд ачаалал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнээс болж машины бөөгнөрөл бий болж, хэдэн мянган жолооч нар хохирч эцэст нь хариуцагч нь төр болж хувирсан. АТҮТ-өөс зөвхөн машин цөөлж бүртгэлд оруулснаар асуудал шийдэгдэхгүй тул улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцож байгаа бүх байгууллагууд хамтран энэ асуудлыг шийдэх ёстой талаар албаныхан онцолж байлаа.