Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ёкозунагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Хакухо, Таканохана нарыг хатуу шүүмжилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн аравдугаар сард болсон сүмо бөхчүүдийн зодооны асуудлаар Японы Сүмогийн Холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өнөөдөр хуралджээ.

Уг хэргийн улмаас Таканоиваг зодсон гэгдэж байгаа ёкозуна Харумафүжи өнгөрсөн сард зодог тайлсан юм. Хэргийн үед дэргэд нь байсан ч зодооныг зогсоох хангалттай арга хэмжээ аваагүй Хакухо, Какурю нарт хатуу сануулга өгөх зөвлөмжийг Ёкозунагийн зөвлөл Сүмогийн Холбоонд өгсөн байна.

 Мөн тус зөвлөл бөхчүүдийн зодооны хэргийн үеэр Таканойвагийн дэвжээний эзэн Таканоханагийн гаргаж байсан зан авирыг шүүмжилжээ.

Таканохана Сүмогийн Холбооноос томилогдсон ажлын хэсгийнхэнтэй Таканойваг уулзуулахаас татгалзаж байсан юм.

Ёкозунагийн Зөвлөлийн тэргүүн Масато Китамура хурлын дараа ярихдаа “хэдийгээр зөвлөлийн шууд хэлэлцэх асуудал биш ч хэрэг явдлын үеэр Таканоханагийн гаргасан үг, үйлдлийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй шүүмжилж байлаа” гэжээ.

Нэгэнт зодог тайлсан бөхөд арга хэмжээ авах хэрэггүй болсон тул дээрх хэрэг явдал бөхчүүдийн дотор дахин ийм хэрэг гарвал хэрхэн арга хэмжээ авах стандарт, жишиг болж үлдлээ гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна.

Мөн зөвлөлийн зарим гишүүд өнгөрсөн сарын тэмцээний үеэр Хакухогийн гаргасан барилдааны тактикийг буруутгаж, ёкозуна хүний хувьд зохимжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Ёкозунагийн зөвлөлийн гаргасан санал зөвлөмжийг өнөөдөр үдээс хойш Сүмогийн Холбооны захирлууд үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun