Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн салбарт шинэтгэл хийх ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан юм.
Уг хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах дүрэм, журам, бүтцийг батлах, зохион байгуулалтын болон бусад холбогдох арга хэмжээг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөрт багтаан хэрэгжүүлэх үүргийг Шүүхийн Ерөнхий зөвлөл, Засгийн газарт хүлээлгээд байна.
Шүүхийн шинэтгэлийн ажлын хүрээнд боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүхтэй байхаар хуульчилж өгсөн юм. Үүнтэй нийцүүлэн Улсын Дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг хуучин албан тушаалаас нь чөлөөлж, шинээр албан тушаалд томилох гэж байна.
Энэ талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Шүүхийн салбарт шинэчлэл хийснээр шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэр иргэдэд нээлттэй, ил тод болсон. Шүүгчдийн ажлын гол бүтээгдэхүүн нь шүүхийн шийдвэр байдаг. Монгол Улсад анх удаа үүнийг ил тод болгох ажлыг хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилох, чөлөөлөх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томилж чөлөөлөх гэж байна” гэлээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” хэмээн заасан байдаг.
Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!