Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Галбадрах Япон улсын Цог жавхлант Эзэн хааны эрхэм дээд шагналыг хүртлээ

ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
 

Япон улсын Элчин сайдын өргөөнд Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Жанчивын Галбадрахад “Мандах нар” одонг гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр орой боллоо.

Ж.Галбадрахын Монгол Улсад Япон хэв маягийн боловсролыг түгээх дэлгэрүүлэх болон хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяаг үнэлэн Япон улсын Цог жавхлант Эзэн хаанаас эрхэм дээд шагнал болох “Мандах нар” одонг олгохоор шийдвэрлэсэн юм.

Шагналыг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока гардуулж өглөө.

 

Ж.Галбадрах нь 1995 онд Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр Ямагата их сургуульд Японы Боловсролын тогтолцооны талаар суралцаж байх үедээ анх Японы сургалтын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэн, Япон хэв маягын сургуулийг Монголд нээж байгуулахыг зорьсон юм.

Түүний ажилч хичээнгүй зан чанар, өөртөө тавьсан өндөр зорилгийг нь үнэлэн Япон дэмжигчид нь “Багана нэгийн холбоо”-г үүсгэн байгуулсан бөгөөд Ж.Галбадрах нь тус холбооны дэмжлэгтэйгээр 2000 онд Монголд анхны Япон хэв маягын ахлах сургууль болох “Шинэ Монгол” сургуулийг байгуулжээ.

 

Ж.Галбадрах нь 2000 оноос хойш одоог хүртэл Япон хэл, Япон хэв маягын сургуулийн удирдлагаар тасралтгүй ажиллаж буй бөгөөд “Бага дунд ахлах сургууль, Коосэн,Технологийн их сургууль”-ийг нэмж байгуулан “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” болгон сургуулиа өргөжүүлсэн байна. Тус сургууль нь ирээдүйд Япон Монгол хоёр орны хооронд гүүр болон ажиллах шилдэг сурагчдийг бэлдэн сургаж байгаа билээ. 

Тэрбээр Японы “Ротари Ёнэяма” тэтгэлэгт хөтөлбөр болон “Мабүчи”  олон улсын тэтгэлгийн сан зэрэг Японы боловсролын байгууллагуудтай идэвхтэй холбоо тогтоон ажилладаг юм.

Холбоотой мэдээ:

iKon.mn сайтын "Өглөөний хүн" буланд өгсөн ЯРИЛЦЛАГА

 

 

Эх сурвалж: Япон улсын ЭСЯ