Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

М.Алтанцэцэг: Ёс зүйн доройтол нэмэгдсэн учраас гэмт хэрэг өсөж байна

Ч.Үл-Олдох
2017 оны 11 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэгтэй цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Бага насны хүүхдийг хүчирхийлэх  гэмт хэрэг өсөж байна. Үүнийг сэтгэлзүйчид юу гэж үзэж байна?

-Энэ нь нийгмийн сэтгэлзүйтэй холбоотой. Нийгмийн сэтгэлзүй яагаад ууртай ширүүн болоод байна вэ гэдэгт  сэтгэлзүйчдийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар монгол хүний 60 хувь нь ямар нэгэн байдлаар  сэтгэцийн эмгэгтэй, сэтгэлзүйн хувьд тогтворгүй  гэсэн үзүүлэлт  гарсан. Дэлхийн төвшинд авч үзвэл энэ байдаг л тоо.

Гэтэл монголчууд цөөхүүлээ, тиймээс  нэн тэргүүнд бодох ёстой асуудал. Улс төрийн болоод эдийн засгийн тогтворгүй байдал  нь бүх талаар нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж байна. Дээрээс нь байгаль орчны байдал, хүний өөрийн хөгжил, төлөвшил, амьдралын төвшин, аз жаргалдаа сэтгэл хангалуун байна уу, үгүй юу гэдэгт нөлөөлөгч хүчин зүйлүүд  бий.Гадаад хүчин зүйлд нийгмийн орчин ихээхэн нөлөөтэй.

Нийгэм  бохирдолтой,  бухимдалтай  байгаа  нь ч нөлөөлдөг. Үүнийг олон талаас тайлбарлаж болно. 1990-ээд оны үе гэхэд л  өмнө нь маш тогтвортой, 60-70 жил нэг хэмнэлээр  явж ирсэн улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн амьдрал  огцом өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтөд  хүмүүсийн сэтгэлзүй бэлтгэгдээгүй байсан нь хүндээр туссан. Тэр үед залуу, хүүхэд байсан хүмүүс  өнөөдөр улс орны жолоодлогыг гартаа авсан. Үүний нөлөө ч  бий.

-Тухайлбал?

-Өнөөдөр монгол орны 30 жилийн ирээдүйг харъя л даа. Бид өсвөр үе, залуучууддаа ямар хөрөнгө оруулалт хийж,  юу анхаарч, яаж тусалж дэмжиж байна вэ. Түүгээр  30 жилийн дараа тэр залуус гарч ирнэ. Тэгэхээр өнөөдрийн Монгол Улсын  аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн байдал нь  30 жилийн өмнөх байдалтай холбоотой. Тэр үеийн тогтворгүй байдал, шилжилтийн үеийн   хүмүүсийн барьцгүй, үнэ цэнийн асар их өөрчлөлтийн нөлөө гэж  зарим сэтгэлзүйч үздэг. Би ингэж үздэг  хүмүүсийн нэг.

Үзэл бодол нь төлөвшөөгүй, үнэ цэнэ нь байхгүй болчихсон, хэлний хичээл гэхэд л орос, англи хэлний алийг  үзэх вэ, монгол, кирилийн алинаар  бичих вэ  гэдэг нь тэр хүмүүсийн хөгжил төлөвшилд нөлөөлж байдаг. Тэгэхээр ямар нэг улс төрийн болоод эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал нь хүмүүсийг бухимдуулж, уурлуулах үндэс болж байна. Гол нь тогтворгүй байдал их нөлөөтэй. Гэр бүлийн тогтворгүй байдал хүүхдийн  хөгжил төлөвшилд шууд нөлөөлдөг.

30 жилийн өмнө гэхэд л гэр бүлүүд  маш их салсан. Өмнө нь ийм зүйл  огт байдаггүй шахам  байсан бол 1990-ээд онд толгой дараалан гэр бүл салж, хүүхдүүд өнчирч, хэсэг бүлгээрээ гадаад руу явж, хүүхдүүдээ айл амьтанд тавьж, тавиул хүүхдүүд олширсон. Одоо тэд эцэг, эх  болсон. Нийгмийн уур бухимдал, стрессийн талаар ярихад ийм олон хүчин зүйлийг дурдах  хэрэгтэй  болдог.

-Нийгмийн тогтворгүй байдал  олон сөрөг зүйлийг, өнөөдрийн гажуудлыг бий болгож байна гэсэн үг үү? 

-Тийм, дээр нь ядуурал газар авсан. Эдийн засгийн хүртээмж бага байгаа  нь  хүмүүсийг сэтгэхүйн  ядууралд оруулдаг. Дээр нь та хүчирхийллийн талаар асуулаа,  энэ  бол  нийгэмтэй шууд холбоотой. Нийгэм ёс суртахууны доройтолд  орж, ёс суртахуун уланд  гишгэгдсэн.Ёс суртахуун байгаа газар хууль ч хэрэггүй гэж үг бий. Ёс суртахуун өөрөө амьдралын хэм хэмжээг зохицуулдаг.

Гэтэл өнөөдөр  ёс суртахууны  асар их доройтолтой байгааг бид алхам тутамдаа олж харж байна, ажил дээрээ, автобусанд, гадаа гудамжинд хаа сайгүй. УИХ-аас ч олж харж  байна шүү дээ. Ёс суртахууны доройтол нийгмийн үе шат болгонд байгаа нь  бузар муухай, байж болшгүй үйлдлүүд  газар авахад хүргэдэг. 20-30 жилийн өмнө ийм зүйл байсан уу гэвэл байсан. Гэхдээ маш цөөхөн байж. Түүнээс хойш өссөн. Наад зах нь зам тээврийн ослын тоог  хар. Ийм зүйл яагаад болдог вэ. Хүмүүс согтуугаар жолоо барьж, бие биедээ зам тавьж өгөхгүй  хурд хэтрүүлдэг.Осол аюулгүйн дүрмээ баримталдаггүй. Энэ бүхэн ёс суртахууны доройтолтой холбоотой.

-Үүнээс гарах гарц  байна уу?

-Академич   С.Нарангэрэл  гуай  саяхан Монгол Улсад хөгжлийн ганцхан гарц байна гэж  бичсэн байна лээ. Хүмүүс олон гарц ярьдаг, барилга байшин, уул уурхай, ус гээд. Гэтэл  ганц л гарц байна, тэр нь бид үр хүүхдүүддээ ёс суртахууны хүмүүжил олгох. Тэд ёс суртахууны хүмүүжилтэй  болсны дараа Монголд хөгжлийн гарц бий болно гэсэнтэй нь би   санал нэг байгаа. Энэ үнэн. Би хуульч, цагдаа биш, сэтгэлзүйч хүн.

Иймд гэр бүлийн хүчирхийлэл үүссэн юм уу, түүний дараа авах арга хэмжээг ярихаас илүүтэй  тогтвортой байдлын шалгуурыг бий болгох нь улс орны хөгжилд хэрэгтэй гэж үздэг. “Сэтгэлээ засаад биеэ зас. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж  дорнын мэргэн   үг бий.  Энэ хэрэв шат шатандаа зөв голдрилоор явбал бас зөв болно. Хүн өөрийгөө эерэг  хандлагатай, зөв бодол сэтгэхүйтэй болгож авч явбал тэр хүний бүтээсэн гэр бүл үлдэнэ. Гэр бүл дотроо хүмүүжилтэй, ээж аав нь бие биеэ хайрладаг, тэр хайрыг харж өссөн хүүхдүүд ирээдүйд хүнийг хайрлах хайрыг сурна. Зөв гэр бүл бүрэлдэж бий болно. Улсын үндэс  нь гэр бүл шүү дээ.

-Эцэг эхчүүд хүүхдүүддээ өндөр  боловсрол олгож, олон гоё сургалтад зориуд хамруулж, зай завсаргүй сургаж, хөгжүүлж,  хүмүүжүүлж байна гэж яриад байдаг?

-Тэгж ярьсан хэр нь  өөрсдөө хүүхдүүдийнхээ дэргэд ёс бус үйлдлүүд гаргаж , болж бүтэхгүй үг хэллэг хэрэглэж, хоорондоо хэрэлдэж зодолдоод, хүчирхийлэл үйлдээд байвал  тэр хүүхдийг олон дамжаа, сургалтад суулгаад ч хэрэггүй, үр дүн гарахгүй. Хүүхдүүд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Ш.Чоймаа багш “Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг юу юм бэ, хүмүүн болгоно гэсэн үг” гэж хэлсэн. 

Тэгэхээр хүүхдийг хүмүүжүүлэх нь суу, бос, унш, тогтоо, цээжил, бүжиглэ, дуул гэснээр хэрэгжихгүй, хүн болгоход   чиглэх учиртай. Тэр нь амьдрах ухаан, бусадтай харилцах чадвар, хамтарч баг болж ажиллах, суралцах хөгжих тийм чадварыг суулгах юм. Өмнөх түүх, зан заншлаас авч  үзэхэд монголчууд  үр хүүхдүүддээ амьдралаараа, үйл хөдлөлөөрөө зааж сургаж, өвлүүлж ирсэн байдаг. Гэтэл  сүүлийн үеийн эцэг эхчүүдэд  ийм чадвар алга.

Ингээд хүүхдүүддээ өгөх юм байхгүй болонгуут  янз бүрийн дамжаа, сургалтад хамруулдаг. Тэгэхээр хүчирхийлэл үйлдэж байгаа,  ёс бус үйлдлүүд газар авч байгаагийн хамгийн гол шалтгаан нь нэгдүгээрт, ёс суртахууны доройтол, хоёрдугаарт эцэг эхчүүд маань үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх өөрсдийн гэсэн хүмүүн  байх ухаан, амьдрах ухааны чадварууд алга байгаатай холбоотой.

-Бэлгийн хүчирхийлэл, эд эрхтний наймааны золиосонд  яагаад дандаа хүүхдүүд өртөөд байна вэ?

-Бага насны хүүхдүүд ийн шийдвэр гаргах, биеэ авч явах, зөв бурууг ялгах чадваргүйг  далимдуулж байна. Дээр нь бид хүүхдүүддээ хэлж ярьж, ойлгуулж өгөхгүй бол хэн сайн, муу  хүн болохыг мэдэхгүй. Бас хүүхэд төрсөн эцгээ сайн эсвэл муу хүн гэхчлэн  сайхан, муухайн категорид оруулахгүй шүү дээ. Төрсөн  эцэг өөрөө хүмүүнлэг, ёс суртхуунлаг байх  ёстой. Нөгөө талаас хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг судлаад үзэхэд бага насандаа хүчирхийлэл амссан, өртсөн, хүнд бэрх амьдрал туулсан, өлсөж цангаж байсан, хайр амсаагүй байдлууд  харагддаг.

-Бид цаашид яах вэ.Юу хийх ёстой  юм бэ?

-Хамгийн их хөрөнгө оруулалт хийх, харах ёстой өнцөг бол ирээдүй хойч үе, үр хүүхэд. Тэд ирээдүйд  улс эх орныг авч явах төрийн түшээ, төрийн тэргүүн, ирээдүйн эцэг эх болно. Иймд  багаас нь анхаарах ёстой. Өнөөдөр төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн хүүхэд ирээдүйд хэн болох вэ. Хүчирхийлэл  хүүхдийн сэтгэхүй, бодол санаа, тархины хөгжилд шууд нөлөөлдөг.

Америкийн судлаачид гурван настай хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад эрүүл, эцэг эхийн хайранд өс­сөн хүүхдийн тархи байх ёстой хэмжээндээ, харин  хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тархи агшсан үзүүлэлт гарсан. Агшсан  тархинаас ямар бодол санаа, үйлдэл гарах вэ. Тэр аливааг зөвөөр, сайнаар бодох чадвараа алдчихсан. Дээр нь эргэцүүлэх, харьцуулах, анхаарлаа хандуулах, ургуулан бодох  чадваргүй болсон  гэсэн үг.

Бага насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд маш их хохирол амсдаг. Тиймээс  бүх  шатанд хүүхдүүддээ анхаарч, гэмт хэргээс сэргийлж, хамгаалах хэрэгтэй. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө зөв хүмүүжил, төлөвшилд суралцах, өнөөгийн  хүүхдүүдэд таарч тохирох хүмүүжил, төлөвшлийн арга барилд суралцах  цаг үе иржээ.

Зураг