Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн инфляц 4,000 хувьд хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн гүн уналтад ороод байгаа Венесуэлийн үндэсний мөнгөн тэмдэгт бараг л хоосон цаас болжээ.

Мэргэжилтнүүд тус улсад хүмүүнлэгийн гамшиг болж, ард иргэд нь өлсгөлөнд автаад байгааг мэдээлж байна. Зөвхөн энэ онд Венесуэлийн боливар 96 хувиар үнэгүйджээ. Өнгөрсөн Мягмар гарагийн байдлаар нэг ам.доллар 84,000 боливартай тэнцэж байв.

Дөнгөж энэ сарын эхээр 41,000 боливартай тэнцэж байсан юм. Харин энэ оны эхэнд нэг ам.доллар 3,100 боливар байжээ. Сая сая Венесуэльчууд өдөр бүр DolarToday, Paralelo Venezuela зэрэг албан бус валютын ханш зарладаг сайтууд руу орж, тухайн өдөр хоол хүнс авахад хэр хэмжээний мөнгө хэрэгтэйг тооцоолж суудаг болсон байна. Гэхдээ тоолох мөнгөтэй иргэд нь л ингэж чадаж байгаа.

Засгийн газраас нь зарладаг албан ханш ямар ч хэрэггүй эд болсон гэнэ.

Жон Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессор, хэт инфляцийг судалдаг Стив Ханкегийн үзэж байгаагаар Венесуэлийн инфляц жилийн өмнөхөөс 4,115 хувиар өссөн гэнэ.

Каракасын эрх баригчид зарим өрөө төл чадалгүй дэфолт болгосон нь инфляцийг улам гүнзгийрүүлжээ.

Ханке энэ үзэгдлийг “Венесуэлийн эдийн засаг үхлийн эргүүлэгт нэгэнт унажээ” гэж хэлсэн байна.

Өрөнд баригдах тусам хөрөнгө оруулагчид тус улсын цорын ганц үнэ хүрэх баялаг болох газрын тосны салбарыг нь барьцаалж, Венесуэлийн засгийн газрыг улам хоосруулахаар байна.

Каракасын засгийн газар, төрийн өмчит газрын тосны PDVSA компанийн нийлээд $60 гаруй тэрбумын бондын өр үүсээд байгаа юм. Орос, Хятадын засгийн газруудад тавьсан, газрын тосны салбарын, бондны гээд нийт өр нь $141 тэрбум болжээ.

Тус улсын төв банкны валютын нөөц одоогоор $10 тэрбум хүрэхгүй хэмжээнд хүрээд байгаа ба сүүлийн хэдэн жилийн хугацаанд өрөнд төлөгдсөөр алгуур буурч байна.

 

Эх сурвалж: CNN