Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мягмарнаран: “Адууны түүх”-ийг Монголоос өөр Азийн аль ч театр тавиагүй байна

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт жүжгийг Улсын драмын эрдмийн театрынхан тайзнаа амилуулах гэж байна. Ийнхүү тэд 2017 оны шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Жүжгийн гол дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, жүжигчин Э.Тодгэрэл нар амилуулж байгаа юм.

Монголын театрын тайзнаа амилж буй 35 дахь сонгодог бүтээл болсон уг жүжгийн ерөнхий найруулагч нь урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар. Харамсалтай нь хөгжмийн зохиолч гэж байхгүй. Уг нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Бямбабаяртай жүжгийнхээ хөгжмийг бичүүлэх гэрээ хийжээ. Гэвч товлосон хугацаанд хөгжим бэлэн болоогүй учраас гэрээгээ цуцалсан байна. Ингээд УДЭТ-ын урын санд байдаг шилдэг хөгжмүүдийг эвлүүлэн “Адууны түүх”-д ашиглаж байгаа аж.

Мөн драмын театрын гэр бүлийн уран бүтээлчид нэгээр өрх нэмжээ. Тодруулбал, ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү М.Батболд уг жүжгийн ассиент найруулагчаар ажиллаж байгаа аж. М.Батболдын хувьд найруулагчийн мэргэжлээр ОХУ-д сургуулиа дүүргээд ирсэн юм. Ингээд “Адууны түүх” жүжгийн гурван гол дүрийн нэг ардын жүжигчин Г.Мягмарнарантай ярилцлаа. 

-Шинэ жүжиг эхлэхэд ганцхан хоног үлджээ. Та догдолж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Үзэгчид их ирнэ байх гэж бодож байна. Олноороо ирж үзээсэй ч гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай театрын шинэ уран бүтээл үргэлж хүлээлттэй байдаг. Тэр утгаараа алдарт зохиолч Л.Толстойн “Адууны түүх” үзэгчдэд нэг бус зүйл бодогдуулна гэж бодож байна. Бид өдөр, шөнөгүй бэлтгэлээ хийсний хүчинд ямар ч байсан бэлэн болсон. Одоо нээлтийн өдрийг л хүлээж байна даа. 

-Энэ жүжгийг Монголын театрын тайзнаа амилуулах “хуйвалдаан”-д голлох үүрэг гүйцэтгэсэн хүнийг танаар нэрлэлээ. Ер нь яагаад заавал “Адууны түүх”-ийг сонгох санаа төрөв. Монголчуудад шинэ танил болж байгаа жүжгийн талаар товчхон ярьж өгвөл ямар вэ?

-Монгол хүн бүр адуунд хайртай, дуртай. Морио дээдлэн шүтдэг ард түмэн. Тэр утгаараа монгол түмний шүтээн болсон энэхүү хийморьлог амьтны тухай жүжиг тавих хүсэл эртнээс төрсөн. Адуу хүн хоёрын амьдрал холбоотой гэдгийг олон зууны турш мэдэх түүх домог ч бий. Тийм учраас адуугаар хүний амьдралыг хэрхэн төсөөлж бичсэн, адуу хүний амьдралыг хэрхэн харж байгаа бол, тэд юу сэтгэж, юунд шаналдаг вэ гэдгийг тусгаснаараа онцлогтой.

Хөгшин морины  түүхээр дамжуулаад хүний амьдралыг харуулсан. Сонирхсон үзэгч нь ирээд үзнэ байх. “Холстомер” бол маш алдартай бүтээл. Манай театрт өвгөн Толстойн уран бүтээлээс ерөөсөө орж ирээгүй байсан юм. Б.Баатар найруулагч дөрөв, таван жилийн өмнөөс энэ жүжгийг тавих юмсан гэж санааширч, зовж, сэтгэж байсан. Энэ хүсэл нь өнөөдөр биелж байна. Тийм учраас адуугаар хүний амьдралыг хэрхэн төсөөлж бичсэн, адуу хүний амьдралыг хэрхэн харж байгаа бол, тэд юу сэтгэж, юунд шаналдаг вэ гэдгийг тусгаснаараа онцлогтой.

XVIII зууны үед бичсэн гэхэд хүний амьдралд өнөөдөр ч хамаатай, нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах болов уу. Боломж бололцоо жаахан тиймхэн байснаас үүдэн багагүй хугацаа алдсаны эцэст хүссэн жүжиг маань тайзнаа амилах гэж байгаад маш их баяртай байна. Энэ дашрамд, бидний санааг тусган авч театрын уран бүтээлийн бодлогод оруулан олны хүртээл болгож буй удирдлагууддаа маш их баярлалаа гэж хэлье. Театрын маань урын санд сонгодог жүжиг нэгээр нэмэгдлээ. 

-Эмгэнэлт хэр нь инээдмийн жүжиг гэж тодотгоод байгаа. Энэ талаар товчхон мэдээлэл өгч болох уу?

-Бидний зүгээс л төрөл жанрыг нь ингэж тодорхойлж байгаа юм. Түүнээс биш үзэгчдийн нүд арай өөр байж болно шүү дээ. Өөрсдөө ирээд үзсэн нь дээр байх. Жүжгийн тухай нэг их дэлгэрүүлж яримааргүй байна. Ер нь бэлэн хоол идэж байхаар өөрсдөө ирээд учрыг нь ойлгож, хужрыг нь тунгаагаад үзсэн нь илүү өгөөжтэй шүү дээ. Тэгээд өөрийнхөөрөө ойлгох хэрэгтэй. Дараа нь харилцан ярилцвал илүү зүгээр санагдаад байдаг юм.

Тэгэхгүй бол сүүлийн үед “жүжгийн, киноны гол утга санаа нь юу вэ. Юуг илэрхийлэхийг хүссэн юм бэ” гээд л асуухаар тухайн бүтээлээ бараг тэр чигт ярьчих болно. Гол утга санааг нь хэлчихвэл тухайн жүжиг, кино өөрөө утгагүй болно. Үзээд ч хэрэггүй биз. Яриулаад ойлгочхож байгаа юм чинь. Яриулчхаад үзэхээр амтгүй санагдахгүй гэж үү. Бүгдээрээ шимтэн ирж үзээрэй. 

-Жүжгийг тавихдаа зохиолоос нь бага зэрэг ч юм уу, эсвэл эрс өөрчлөх тохиолдол гардаг. Зохиол хэр өөрчлөгдсөн бэ?

-Зохиолын хувьд өөрчлөгдөөгүй. Харин жүжигт гарах гол дүрийн баатруудын нэрийг монгол болгож, үйл явдлыг монгол ахуй руугаа ойртуулъя гэсэн саналыг найруулагч Б.Баатар гаргасан. Жишээ нь, Оросын амьдрал дээр тусгаж бичсэн ч бид нэрсийг нь монголчиллоо. Та бүхэн өөрсдөө жүжиг эхлэхээр харна биз. Энэ бүтээлийн хувьд сонгодог зохиолоос сэдэвлэж, жүжиг болсон бүтээл.

Түүнийг монголчуудын аж байдал, ахуй соёлд нийцсэн жүжиг болгох оролдлого хийсэн. Тэгэхээр гурван дамжлага дамжсан гэсэн үг. Лев Толстой өөрөө сонгодог бүтээл туурвидаг хүн. Зохиолч энэ бүтээлээ 29 жил бичсэн. 1975 онд тухайн үеийн ЗХУ гэж байхад энэ бүтээлийг анх тавьсан байдаг. Тэр цагийн театрын өнгө төрхийг илэрхийлж байсан уран бүтээл. Тэр дундаа адууны амьдралаар хүмүүний амьдралыг элэглэсэн нь содон. Зохиолын үйл явдлыг харахад адууны түүх биш юм.

Үхсэн хойноо ч хаях юмгүй хэрэглэгддэг адуу, амьддаа ч хэрэг болдоггүй болсон хүн хоёрыг харьцуулсан дүгнэлт. Хүчтэй нь хүчгүйгээ хураадаг ийм л түүхийг өгүүлнэ. Он цагийн дараа адуу, эзэн хоёр уулздаг. Гэтэл адуу эзнийг таниад байдаг, харин эзэн таньдаггүй. Өнгө, мөнгө хөөсөн хүн амьд байхдаа үхтэл болох нь элбэг гэсэн санааг хүмүүс ойлгоосой.

-“Адууны түүх”-ийг нэлээд олон газар тавьж байсныг сонссон. Түрүүн орчуулагч Н.Пүрэвдагва болон танай театрын захирал Д.Цэрэнсамбуу нар ч энэ тухай цухас дурдлаа. Гэхдээ монголчууд Азидаа анхдагч болж байна. тийм үү? 

-Манай театрт энэ өвөл үнэхээр өвөрмөц бүтээл тавигдаж байна. Азидаа анхлан “Адууны түүх” бүтээлийг тавьж байна. Энэхүү бүтээлийг үзэгчийн хүртээл болгох сонирхол бас байжээ. Зөвхөн Монгол ч гэлтгүй дэлхийн хүн ардын үүсэл хөгжил, хурд, уналт босох нь магадгүй адуутай холбоотой гэж зарим эрдэмтэд ярьдаг. XIII дугаар зууны байлдан дагуулалт адуу, хүний ухаан, сумны хурд байсан. Одоо бид төрийн сүлдэндээ тахидаг эрдэнэт хүлгийн тухай тайзан дээрээс магтан дуулах ёстой байх.

Энэ бүтээлд Л.Толстойн амьдрал байдаг. Тэр хүн бүх зорилгодоо хүрч чадсан. Түүний нэг л зорилго биелээгүй гэж хэлдэг юм билээ. Тэгээд өөрийнхөө сайн дураараа өөрийнхөө амьдралыг орхиод нийгмийн дунд орж, амиа алдсан гэсэн яриа байдаг. Тэгэхээр энэ түүх Л.Толстойн амьдралд их ойр. Тэр хүний 190 жилийн ой нь тохиож байгаа энэ үед Монголд энэхүү бүтээл бий болж байгаа нь гайхалтай. Энэ бол уран бүтээлчдийн ард түмэндээ өгч байгаа оюун ухааны асар том тэжээл юм даа. 

-Лев Толстой энэ зохиолоор дамжуулж  хүн төрөлхтний аливааг “минийх” гэж өмчилдөг үзлийн талаар хэлсэн байдаг. Энэ тухай таны бодол?

-“Минийх” гэдэг монолог энэ жүжигт бий. Адууны нүдээр  “Хүмүүс ямар сонин юм бэ. Минийх, минийх гэж яриад байх юм. Хийж бүтээхээс илүү ярих нь их юм. Тэр яриан дундаа “минийх” гэж үгийг голчилж ярих юм. “Минийх” гэж ярьдаг хүн их жаргалтай юм шиг харагдана.  Очиж үзээгүй газраа, уулзаж үзээгүй хүнээ “минийх” гэж ярих юм. Эмэгтэйчүүдийг бас л “минийх” гэнэ. Гэтэл нөгөө эхнэр гээд байгаа хүн нь өөр хүнтэй явж харагдана. Ерөөсөө учир нь олдохгүй юм.

Харин адууны дээд эрмэлзэл тэмүүлэл бол байгаль дэлхийдээ усаа ууж, агаараар амьсгалах. “Минийх” гэж өмчлөхгүй. Бүгд дундаа хэрэглэдэг учраас энэ чанараараа адуу нь хүнээс арай дээр юм биш үү” гэдэг санааг хэлдэг. Өөрөөр хэлбэл адууны дээд эрмэлзэл хүнийхээс ондоо. “Минийх” гэж юм бүгдийг өмчлөлгүй ус агаараа хэрэглэчхээд болдог. Харин хүний шунал хязгааргүй гэх санааг илэрхийлж байна. Толстой их мундаг санааг энүүгээр дамжуулж хэлдэг.

Жүжгийн зохиомж нь дурсамжаар эхлээд дурсамжаар дуусна. Хутга ирлээд адууг төхөөрье гэж хэлдгээс эхлээд хөгшин адуу энэ хооронд өөрийнхөө түүхийг ярьж дуусаад, эцэстээ ясаа тавьдаг. Адуундаа хайртай байсан баян эзэн нь өтлөөд, эргээд шаазгай алаг морио танихгүй байгаа юм. Харин морь эзнээ таньдаг. Адууг төхөөрсний дараа хүмүүс махыг нь идлээ. Шаазгай алаг морины  үс, ноос, мах, яс гээд юм бүхэн нь хүн, чоно, нохой, хэрээ, шувуу бүгдэд хэрэг болсон. Түүний зэрэгцээ хажуу дахь эзэн нь ч бас үхнэ. Гэтэл эзний мах шөл хэнд нь ч хэрэг болоогүй гэж хэлж байгаа юм. Толстой их мундаг санааг энүүгээр дамжуулж хэлдэг.

-Хөгшин адууг залуу адуун сүрэг гадуурхаж байгаа тухай хэсэг гардаг шүү дээ?

-Өтөл насанд очихоор залуу сайхан, тарган цатгалан, хөгжилтэй байсан тухайгаа адуу бодно. Энэ жүжигт залуус өөрсдийгөө боддог болохоос өтөл насныхныг боддоггүй гэсэн санаа мөн гардаг юм. Энэ алаг адуу ер бусын төрсөн амьтан. Ийм сонин унага гэж байдаг аа гэж адуу мал ч гайхсан. Бүгдийг өөртөө татаж, манлайлж, хурдаараа ч, гоё сайхнаараа ч, хүч чадлаараа ч гайхуулсан. Анх алаг адуу дэмий гэж эзэн нь голсноос биш энэ адуу том үйл явдлыг үүсгэж байна.

Далдуур бодвол энэ адуу Лев Толстой өөрөө байх гэж бид бодож байгаа юм. Харьцуулаад үзэхэд шаазгай  алаг адуу болон Лев Толстойн амьдрал хоорондоо төстэй. Лев Толстойн амьдралыг үзэхэд зохиол бичиж туурвиж, тухайн нийгэмдээ гайхагдсан. Гэхдээ сүүлдээ хөгшин адуу шигээ орон гэрээ хаяж, эгэл жирийн хүний амьдралаар амьдаръя гээд модон шаахай, дэрсэн малгай, таяг тулж явж байгаад олны дотор нас барсан байдаг. Харьцуулаад үзэхэд шаазгай, алаг адуу болон Лев Толстойн амьдрал хоорондоо төстэй.

-Морь уралдуулах нь адууг зугаа болгоод байна уу даа гэсэн санаа зохиол дээр гардаг. Энэ нь монгол хүний үзэл бодолтой зөрчилдөх үү?

-Зөрчилдөхгүй. Яг адилхан. Бид ч өнөөдөр зугаа болгож байна. Зугаагаа гоё сайхнаар хэлэхийн тулд адууны угшил, үүлдэр угсааг сайжруулж байна. Бид адуугаараа бахархаж  байна гэсэн хэдий боловч энэ адуугаар хөрөнгөжиж, баяжиж зэрэг зиндаагаа тодорхойлж, хүнээ хаяж байна. Энэ санааг жүжгээс харж болно. 

-Орчуулагч Н.Пүрэвдагва гуай “Энэ жүжгийг үзээд хүмүүс ойлгох болов уу даа” гэсэн. Яагаад тэгж хэлэв. Ойлгоход тийм хэцүү тавилттай юу?

-Яагаад тэгж хэлснийг нь өөрөөс нь асуувал дээр байх. Гэхдээ жүжгээ анхааралтай сайн үзээрэй л гэж хэлье.

-Төгсгөлд нь нэг зүйлийг зориуд асууя. Таны хүү “Адууны түүх” жүжгийн ассиент найруулагчаар ажиллаж байна. Хүүтэйгээ хамтран ажиллаж буй анхны бүтээл байх. Бас таны хүүгийн сургуулиа төгсөж ирээд ажиллаж буй анхны том бүтээл нь энэ болж таарч байна. Хүүтэйгээ хамтрах ямар байна вэ?

-Мэдээж баярлаж байна. Энэ жүжиг дээр ажиллаад илүү ихийг сурч байгаа байх. Гэхдээ удахгүй өөрийн дипломын ажил болох “Фауст” драмын жүжгийг театрын тайзнаа тавина. Тэрийг л хүлээж байна.

Зураг