Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганзориг: Биткойн сонирхож байгаа хүмүүст ДУНД болон УРТ ХУГАЦААНД хөрөнгө оруулахыг зөвлөдөг

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Санхүү хариуцсан захирал Ч.Ганзоригтой биткойны үнийн хэлбэлзэл, ирээдүй, санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-“Ард Санхүүгийн Нэгдэл” Монголд албан ёсоор биткойн арилжиж буй. Биткойны үнэ огцом унаад эргэн сэргэлээ. Үнийн уналтын шалтгаан юу байв?

-Ерөнхийдөө сая болсон үнийн уналтын шалтгаан нь биткойнд нөлөө үзүүлдэг 2-3 том компани, олборлогчид /miner/ болон Bitcoin Core Team-ын хооронд үүссэн асуудалтай холбоотой байсан.  Bitcoin Core Team нь биткойныг олон хүнд нээлттэй болгох технологийн шийдлүүдийг хийж, “арчилж” явдаг байгууллага гэж ойлгож болно. Биткойн нь нийт сүлжээнд холбогдсон олборлогчдын 51 хувийн саналаар өөрчлөлт хийдэг ардчилсан системтэй. Олборлогчид биткойны блокын хэмжээг өсгөх саналыг гаргасан. Учир нь одоогийн блок нь 1mb буюу бага хэмжээтэй учраас гүйлгээний хурд удааширч, өртөг нь өндөр болох зэрэг сөрөг үр дагаврууд ажиглагдаж эхэлсэн.

2017 наймдугаар сард биткойн cash гэдэг шинэ валют гарч ирсэн. Энэ нь биткойны үндсэн блокчейнээс гарсан шинэ салаа юм. Биткойн cash-ын гол санаа нь анхны Сатоши Накамотогийн үндсэн санаагаар явах бөгөөд блокын хэмжээг 8mb болгон өсгөснөөр гүйлгээг асар богино хугацаанд маш бага төлбөртэй гүйцэтгэх боломжтой болгосон юм.

Харин сүүлийн үед Биткойны үнэ нэлээн өсч байсан нь “Segwit2x” гэх дахин нэг шинэ салаа гарах төсөл явж байсантай холбоотой юм. Энэхүү “Segwit2x” нь 11 сарын 16 өдөр хэрэгжих байсан боловч хэдхэн хоногийн өмнө гаргахгүй гэдгээ зарласан нь зах зээл дээр нилээн чичэргээ үүсгэлээ. Үр дүнд хөрөнгө оруулагчид болон олборлогчид Биткойн cash руу бөөнөөрөө шилжиж эхэлсэн бөгөөд биткойн cash-ийн үнийг асар богино хугацаанд хөөрөгдлөө. Ерөнхийдөө криптовалютын зах зээл нь дөнгөж хөгжиж эхэлж буй учраас үнийн савлагаа огцом байх хандлагатай байдаг.

 

-Энэ үед биткойн худалдаж авсан зарим хүмүүс багагүй сандарч байх шиг байсан. Та биткойнд хөрөнгө оруулсан хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Биткойн буюу криптовалютын зах зээл үүсээд 7-8 жил болж байна. Харьцангуй шинэ зах зээл учраас тогтворжиж эхлээгүй байгаа гэсэн үг. Мэргэжлийн том хөрөнгө оруулагчид ч орж ирж эхлээгүй. Тиймээс жижиг мэдээ гарахад л биткойны үнэд хүчтэй нөлөө үзүүлэхээр эмзэг байгаа гэж хэлж болно.

Биткойн сонирхож байгаа бол дунд болон урт хугацаанд хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй гэж бид зөвлөдөг. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь өндөр эрсдэл дагуулдаг. Тиймээс өөрийн алдаж чадах хэмжээгээрээ л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Мөн зөвхөн 1 төрөлд биш аль болох олон төрлийн криптовалют худалдан авах хэрэгтэй.

-Танайх биткойныг хэрхэн борлуулж байгаа вэ. Борлуулахаас гадна энэ талын мэдээллээр хөрөнгө оруулагчдыг хангаж байгаа юу?

-Манайх биткойныг албан ёсоор борлуулж байна гэдэг нь өөрсдөө биткойны наймаа хийж байна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл монгол хүмүүст монгол төгрөгөөрөө биткойн худалдаж авах боломжийг нь л нээж өгсөн. Манай компанийн хувьд бага хэмжээний зуучлалын төлбөр авдаг. Бид xapo.com буюу Америкийн томоохон хөрөнгө оруулагчдын биткойныг хадгалдаг, үйлчилгээ үзүүлдэг компанитай хамтран ажиллаж байна.

Хөрөнгө оруулагчдад сургалт орох, зөвлөгөө өгөх зэргээр мэдээлэл өгч байгаа. Зөвлөгөө өгөхдөө биткойн худалдаж авч байгаа бол энэ нь зөвхөн таны эрсдэл гэдгийг сайн тайлбарлаж өгдөг. Үнэ мэдээж хэлбэлзэнэ. Гэхдээ бидний төсөөллөөр үнэ урт хугацаандаа тогтвортой, хурдтай өснө. Тиймээс биткойныг өнөө маргаашдаа авч ашиг олно гэж ойлгож болохгүй.

-Урт хугацаа гэдэг нь яг хэдэн жил вэ?

-Өндөр өгөөж олъё гэж бодож байгаа бол 2-3 жилдээ “мартах” хэрэгтэй. Тухайн үед анх оруулсан хөрөнгөө олон дахин нугалсан байх маш өндөр магадлалтай.

-Биткойны үнэ урт хугацаандаа өснө гэдэгт та яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?

-Биткойныг анх үүсгэсэн гол санаа нь хүмүүс Төв банк, Засгийн газар зэрэг хэн нэгний эрх мэдэлд биш, өөрсдийн гэсэн мөнгөний нэгжтэй болоход чиглэгдсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын оновчгүй бодлогоос болж бидний халаасан дахь мөнгөний үнэ цэн, төгрөгийн ханш муудсан гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа.

Биткойн бол хамгийн ардчилсан зарчмаар ажилладаг блокчэйн технологи дээр суурилсан шинэ төрлийн цахим мөнгө юм. Ирээдүйд буюу 2140 онд дэлхий дээр нийтдээ 21 сая ширхэг биткойн олборлогдож дуусна. Тэгэхээр энэ зах зээл цаашид өсч, томрох нь ойлгомжтой. Биткойн биш юм гэхэд энэ төрлийн валют дэлхийн мөнгөний зах зээлийн томоохон хувийг эзэлнэ гэдэгт би хувьдаа итгэж байна.

-Хэрэв биткойнд хөрөнгө оруулъя гэвэл хамгийн багадаа хэдэн төгрөгтэй байх шаардлагатай вэ. Нэг биткойны зах зээлийн ханш 6,000-7,000 ам.доллар гэхээр хэтэрхий өндөр үнэтэй санагддаг?

-Биткойнд 1 төгрөгөөр ч хөрөнгө оруулж болно. Учир нь 1 биткойн дотроо 100 сая ширхэг Сатоши гэдэг нэгжид хуваагддаг. Тэгэхээр заавал 1 бүтэн биткойн эзэмших ямар ч шаардлага байхгүй.

-Танайхаар дамжуулж хамгийн багадаа хэдэн төгрөгөөр биткойн авсан хүн байдаг бэ?

-100 мянган төгрөгөөр хөрөнгө оруулсан хүн байгаа. 1 биткойн 5,000 ам.доллар байх үед тэр хүн 816,000 ширхэг Сатоши авч байсан.

-Технологи хурдацтай хөгжиж буйтай холбоотой санхүүгийн салбарт ямар өөрчлөлтүүд гарч байна. Энэ салбарын ирээдүйг харвал?

-Санхүүгийн салбарт гарч буй гол өөрчлөлт нь Fintech буюу санхүү, технологийн хосолсон компаниуд байна. Энэ нь өртөг өндөр, бүтээмж багатай уламжлалт бизнес моделийг өөрчилж, гар утас, интернэтийг ашиглаж санхүүгийн бүх үйлчилгээг авах боломжийг хүн төрөлхтөнд олгож байгаа.

Технологийн өндөр хөгжил нь санхүүгийн салбарт маш хурдацтай хувьсгал хийгээд эхэлсэн. Ялангуяа биткойн болон блокчэйн технологи хүч түрж байгаа учраас ирээдүйд санхүүгийн систем, банк санхүүгийн салбар огт өөр болно гэж үзэж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.