Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ 18 дахь удаагаа түрүүллээ

SPS телевиз
2017 оны 11 сарын 13
SPS
Зураг зураг

Беларусийн нийслэл Минск хотноо явагдсан талбайн теннисний хамгийн том тэмцээнүүдийн нэг эмэгтэйчүүдийн багийн ДАШТ-д АНУ-ын шигшээ баг 17 жилийн дараа түрүүллээ. Тэд шигшээ тоглолтод түүхэндээ анх удаа шалгарсан Беларусьтай учраа таарч, тун ширүүн өрсөлдөөний эцэст Беларусийг талбай дээр нь хожлоо.

Ганцаарчилсан дөрөв, хосын нэг тоглолтын эцэст аль гурав хожсон улс нь ялагчаар тодрох дүрэмтэй энэхүү том тэмцээний салхийг АНУ-аас Коко Вандевеге амжилттай хагалж, Беларусийн Алиаксандра Сасновичийг 6:4, 6:4-өөр хожсон.

Харин хоёр дахь тоглолтод эзэн орны тамирчин Арина Сабаленко энэ жилийн “US Open”-ий аварга, америк бүсгүй Слоан Стефенсийг 6:3, 3:6, 6:4-өөр буулган авч тооны харьцааг тэнцүүлэн Бямба гарагийн тоглолтуудыг өндөрлүүлсэн.

Ням гарагийн эхний тоглолт Коко Вандевеге Беларусийн Арина Сабаленко нарын хооронд явагдаж америк бүсгүй 7:6 (7:5), 6:1-ээр илүүрхсэн бол дөрөв дэх тоглолтод Алиаксандра Саснович Слоан Стефенсийг 4:6, 6:1, 8:6-аар хожиж хүчирхэг АНУ-ын багтай 2:2-оор тэнцсэн юм.

Шийдвэрлэх хосын төрөлд АНУ-аас Коко Вандевеге, Шелби Рожерс нар тоглосон бол тэдний эсрэг Арина Сабаленко, Алиаксандра Саснович нар өрсөлджээ. Эхний сетэд америкчууд 6:3-аар илүүрхсэн ч хоёр дахь сетэд Беларусьчууд илт илүү тоглож, тоглолтын харьцааг 5:2 болгож чадсан юм. Харамсалтай нь тэд давуу байдлаа удаан хадгалж чадалгүй тай-брейкд ялагдсанаар АНУ-ын шигшээ баг 2000 оноос хойш тасалдаад байсан аварга цолыг өөрсдийн болгож чадсан.

Зураг