Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын шоронд хоригдож байсан Татар тэмцэгчдийг Эрдоган суллуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард ОХУ-ын шүүхээс олон жилийн хорих ял авсан Крымийн Татарын удирдагчдыг өчигдөр Оросын эрх баригчид суллаж Турк руу явуулсан тухай Украины албаныхан мэдээлжээ.

Илми Умеров, Ахтем Чийгоз нар 2014 онд Крымийг Украинаас салгаж, ОХУ-д нэгтгэсэн явдлыг эсэргүүцэн тэмцэж байсан юм. Крымийг ОХУ-д нэгтгэхэд тус нутгийн уугуул иргэд болох татарууд таатай хүлээж аваагүй. Есдүгээр сарын 11-нд Чийгоз хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр 8 жил хорих ял авсан. Мөн салан тусгаарлах үзэл гаргасан шалтгаанаар Умеровт есдүгээр сарын 27-нд хоёр жилийн хорих ял оноож байжээ.

Тэгвэл тэдний ялыг Москва хүчингүй болгож, Турк руу цагаачлах боломж олгосон байна.

Тэднийг ийнхүү суллахад Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган гол үүрэг гүйцэтгэснийг Украины тал баталжээ. Эрдоган өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа энэ саналыг тавьсан бололтой.

Хэдийгээр Москватай харилцаагаа сайжруулж байгаа ч түрэг хэлтэй, муслим хүн амтай Крымийн татаруудыг хамгаалахаа Анкара байнга илэрхийлдэг юм.

Татар удирдагчдыг сулласан шалтгаанаа Москва “хүмүүнлэг ёсны үндэслэлээр” гэж тайлбарлажээ. Өчигдөр Украины ерөнхийлөгч Петро Порошенко Туркийн ерөнхийлөгчид талархсан мэдэгдлийг фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.

“Нью Йорк, Киевт уулзахдаа тохиролцсоны дагуу манай баатруудыг суллуулахад зүтгэл гаргасан Эрдоганд талархаж байна” гэж тэр мэдэгдэлдээ өгүүлжээ.

Умеров, Чийгоз нар хоёул Крымийн Татаруудын өөртөө засаглах байгууллага болох Межлисийн тэргүүнүүд юм. Уг байгууллагыг Оросын эрх баригчид хууль бус, экстремист байгууллага гэж үздэг.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty