Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг 21 аж ахуйн нэгжээс 210 зөрчил илэрчээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас /НМХГ/ Авто тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Энэ талаар өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл хийлээ. 

Шалгалтад нийт 21 аж ахуйн нэгж, 19 ил зогсоол, 19 техникийн үйлчилгээ, засварын байр, 201 авто тээврийн хэрэгсэл, 69 засварын тоног төхөөрөмж, 258 инженер техникийн ажилтан хамрагдсан байна. Шалгалтын явцад 210 зөрчил, дутагдлыг илрүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид 1,300,0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Илэрсэн зөрчлийг арилгахаар 21 улсын байцаагч ажиллаж байна

 

Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Саранцэцэг "Газрын төлөвлөгөөний дагуу энэ жил 21 ачаа тээврийн байгууллагад шалгалт хийсэн. Ачаа тээвэрт барилга болон хүнсний тээвэр, бусад ачаа тээвэр гэж хуваагддаг. 

Авто тээврийн тухай хуульд ажил үйлчилгээ эрхэлж, ашиг олж байгаа бол тухайн тээврийн хэрэгслийн жолооч маань өөрсдийн тээврийн үйл ажиллагаагаар мэргэшсэн үнэмлэхтэй байх ёстой. Хийсэн шалгалтаас үзвэл энэ нь 100 хувь биелээгүй байна.

Хүнс тээвэрлэлтийн машинд ариутгал хийж, ариутгал хийсэн хуудсаа жолоочид өдөр болгон өгөх ёстой гэж стандартад заасан байдаг. Гэвч энэхүү шалгалтаар хангалтгүй үнэлгээг үзүүлсэн. Бид холбогдох арга хэмжээг аван ажиллаж байна. Илэрсэн зөрчлийг арилгахаар 21 улсын байцаагчийн албан шаардлагыг гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн" гэлээ.

Мөн шалгалтад хамрагдсан 21 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Авто тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар шалгахад Их эрсдэлтэй 2, Дунд эрсдэлтэй 5, Бага эрсдэлтэй 10 үнэлэгдсэн байна.

Нийслэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг машинууд ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийдэггүй

 

НМХГ-ийн Дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн зургаан дүүрэгт байгаа авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг 425 аж ахуйн нэгжээс 21-ийг нь шалгахад 210 зөрчил илэрнэ гэдэг энэ салбарын ажил хэр зэрэг явагдаж байгааг харуулж байна.

Мэргэшсэн жолоочгүй, техникийн хангамж муу, тээврийн хэрэгслүүд нь стандарт хангадаггүй, хүнсний бараа бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврээр тээвэрлэж байна. Бид эхлээд хүний эрүүл мэнд, амь насыг боддог байх ёстой. Энэ байдлаас болж нийслэлд гарч буй авт ослын тоо нэмэгдэж, 18 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 50 хувь нь зам тээврийн ослоос болж хохирсон гэх судалгаа бий. Тиймээс бид нэгдүгээрт үүнд зайлшгүй анхаарах ёстой.

Мөн Нийслэлд 100 гаруй машин хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг.  Гэвч ариутгал цэвэрлэгээ хийдэггүй, хөргүүргүй, стандартын шаардлага хангадаггүй, ариутгал хийдэггүй. Аж ахуйн нэгж нь хариуцлагагүй, төрийн байгууллагууд нь шаардлага тавьдаггүй" гэв.

Тэрбээр хяналт, шалгалтын ажлаа илүү хариуцлагатай, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг хүсэж, холбогдох ажилтнуудад анхааруулсан юм.