Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин бүсгүй том Бушийг бэлгийн дарамт үзүүлсэнд буруутгажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Turn: Washington’s Spies” киноны гол дүрд тоглож байсан 34 настай жүжигчин бүсгүй Хидер Линд экс ерөнхийлөгч, 93 настай Жорж Бушийг өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэнд буруутгажээ.

Тэр өчигдөр энэ тухай түүхийг Инстаграм хуудсандаа нийтэлсэн байснаа сүүлд устгасан байна. Линд саяхан АНУ-ын экс ерөнхийлөгч нарын бөөндөө авхуулсан зургийг хараад энэ явдлыг дэлгэхээр шийдсэн гэнэ.

 

Дөрвөн жилийн өмнө Линдийн оролцсон нэгэн киноны дэлгэцэнд гаргахаас өмнөх үзүүлбэр дээр Жорж Буш зочлох үеэр энэ явдал болжээ.

“Тухайн үед тэр надтай гар бариагүй. Харин тэргэнцэр дээрээсээ миний араас барьж, надад бохир онигоо ярьж өгсөн. Дараа нь тэр бөөндөө гэрэл зураг авхуулах үеэр дахин миний араас барьсан. Эхнэр Барбара нь нүдээ эргэлдүүлж, ингэж болохгүй гэдгийг түүнд сануулах шиг болсон. Дараа нь түүний хамгаалагч надад зураг авхуулахдаа ноён Бушийн дэргэд зогсох хэрэггүй гэж анхааруулж байв” гэж Линд бичсэн байна.

 

Тэрээр улс орны удирдагч байсан, хүмүүст үлгэр дууриал болсон хүн ийм үйлдэл үзүүлсэнд цочирдож балмагдсанаа илэрхийлжээ.

Энэ мэдээллийн дараа том Бушийн төлөөлөгч хэвлэлд ярихдаа “Ерөнхийлөгч Буш ямар ч тохиолдолд ийм зүйл санаатай хийх ёсгүй. Хэрвээ түүний хошигнол буруугаар ойлгогдсон бол хатагтай Линдээс уучлал гуйж байна” гэсэн байна.

 

Сүүлийн өдрүүдэд Холливүүдийн продюсер Харви Уэйнштэйнтэй холбоотой бэлгийн дарамтын олон хэрэг ил болж, Америк бүсгүйчүүдийн дунд өмнө тохиолдож байсан эвгүй явдлуудаа илчлэх хөдөлгөөн өрнөөд байгаагийн нэг тохиолдол энэ болж байна.

 

Эх сурвалж: Associated Press