Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТАВАН НАСТАЙ охины хэрэгт холбогдолтой ТАВАН ЭХ СУРВАЛЖИЙН ТОДРУУЛГА

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

13 настай охин зочид буудалд хүчирхийлүүлж амиа алдсан тухай мэдээлэл гараад удаагүй байтал таван настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэрэг нийгмийн анхаарлын төвд байна. Энэ хэрэгт холбогдолтой таван эх сурвалжийн мэдээллийг бид нэгтггэн хүргэж байгааг хүлээн авна уу. 

1. Иргэн Б.Золбоот хэргийг олон нийтэд ил болгосон нь ...

 

Хэргийг тодруулбал, хүчирхийлэлд өртсөн гэх таван настай охин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхээр хандахад охиноос шинжилгээний 10 мянган төгрөг нэхсэн байна. Тиймээс тухайн үед эмнэлэг дээр байсан иргэн Б.Золбоот төлбөрийг нь төлж охиныг шинжилгээнд хамруулжээ. Энэ талаар иргэн Б.Золбоот өөрийн фейсбүүк хуудастаа бичсэнээр энэ хэрэг олон нийтэд ил болсон билээ.

Тэрээр энэ талаар фейсбүүк хуудсандаа нийтэлсний дараа олон хүн түүнд хандан охинд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ингээд иргэн Б.Золбоот “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн хамт энэ сарын 15-нд охины байрлаж буй газарт очсон байна. Тэднийг очиход Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын 108 дугаарын хүүхэд хамгааллын багийнхан, эмч, цагдаагийн ажилтнууд очсон байсан бөгөөд охиныг хамгаалалтад авчээ.

2. Охины ээж самранд явсан бөгөөд ирж амжаагүй байгаа

 

Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс тодрууллаа.

Тэрбээр "Таван настай охин хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл “Хүүхдийн тусламжийн 108” утсанд ирсэн. Энэ дагуу “Хүүхдийн тусламжийн 108” төвийн хамтарсан баг гарч ажилласан. Уг төвийн дэргэд хоёр сарын өмнө хамгаалах байр ашиглалтад орсон. Одоогийн байдлаар охиныг хамгаалах байранд хамгаалалтад авсан.

Мөн түүний бие махбодын болон сэтгэл санааны хохирлыг нь тогтоохоор Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шаардлагатай шинжилгээнүүдийг авсан.

Энэхүү хэрэг дээр хуулийн дагуу хорооны Засаг дарга, эмч, цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарсан багийнхан ажиллаж байна. Харин охины ээж долоодугаар сард самранд явсан бөгөөд ирж амжаагүй байгаа" гэв.

 3. Шинжилгээний дүгнэлтээр охин бөөрний үрэвсэлтэй гэж гарсан

 

Охиныг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан гэсэн мэдээлэлтэй холбогдуулж бид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяагаас охины шинжилгээний хариу ямар гарсан талаар тодруулсан юм.

Тэрбээр "Хүчирхийлэх ба хүчиндэх гэж хоёр өөр ойлголт юм. Бидний шинжилгээний дүгнэлтээр охины нүүр, хамар, ам гэх мэт ил харагдах зүйлд хүчирхийлсэн шинж тэмдэг илрээгүй. 

Харин хүчиндүүлсэн эсэх дээр Шүүх эмнэлэг албан ёсны хариуг өгнө. Манай төв охиныг найдвартай хамгаалж, эмчилж байгаа. Хүүхдэд шаардлагатай бүх төрлийн үзлэг, шинжилгээ, эмчилгээг ямар ч үнэ төлбөргүй хийж байгаа. Мөн сэтгэлзүйн, нийгмийн цогц тусламж үзүүлж байгаа.

Өнөөдөр гарсан шинжилгээний дүгнэлтээр охин бөөрний үрэвсэлтэй гэж гарсан. Цаашдаа бөөрний мэргэжлийн тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай" гэв.

4. Сэжигтэнг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна

 
ЦЕГ

Цагдаагийн байгууллагаас уг хэрэг дээр ямар ажил хийж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуунаас тодрууллаа.

- Өнгөрөгч бямба гарагийн 20 цаг 48 минутад иргэн М-ээс “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл ирсэн.

Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна.

Одоогоор насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Цагдаагийн байгууллага нь хохирогчийг Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хариу үйлчилгээний төвд энэ сарын 15-ны өдрийн 13 цаг 50 минутад хүлээлгэн өгсөн" гэлээ.

5. Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу төлбөрөө авч үзлэг шинжилгээ хийдэг

 

Таван настай охиноос яагаад заавал төлбөрийг нь урьдчилан авч байж үзлэг хийсэн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас тодруулахадГурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан тушаалын дагуу төлбөрөө авч үзлэг шинжилгээ хийдэг. Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг.

Хэргийг бүртгэж авсан мөрдөн байцаагч нь өөрөө ирээд учир байдлаа хэлээд явсан бол төлбөр мөнгөний асуудал яригдахгүй. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан учраас үл ойлголцол гарсан байна лээ. Тэрнээс яг төлбөрөө төл, өг гээд хатуу зарчим бариагүй.

Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Таван настай охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлчихсэн байгаа.

16 нас хүрээгүй хүүхэд ЭМ-ийн даатгалаараа үнэгүй үйлчлүүлдэг ч тэр зохицуулалт манай журамд байдаггүй. Гэхдээ бид үүнийг зохицуулахын тулд 18 нас хүрээгүй хүүхэд ямарваа нэгэн хэрэгт холбогдоод ирэхэд амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж үзээд үнэ төлбөргүй шийдэж өгдөг” хэмээн тайлбарлалаа.

Таван настай охин үзлэг шинжилгээнд хамрагдахаар очиход саад болсон гурван сайдын хамтарсан тушаалын гуравт буюу Төлбөр төлөх тухайд дөрвөн заалт байдаг бөгөөд төлбөрөөс чөлөөлөх нэг л заалт байдаг юм байна. 

Тодруулбал 3.4-д Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг, цогцост хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болно хэмээн заажээ. 

Уг нь 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоог төрөөс 100 хувь даана гэсэн хуультай. Гэвч хуулийг давж гарсан 3 сайдын тушаал таван настай охины амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах хэмжээний байсан нь харамсалтай. 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн таван настай охинд шинжилгээг хийж байгаа бөгөөд энэ долоо хоногт хариу нь гарна гэж мэдээллээ.