Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Салаавч гаргасан Ц.Баярцогтыг баривчилна

Б.Төгөлдөр
2017 оны 10 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

Төв шуудангийн уулзварт албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа Б.Отгонбаатарыг зүй бусаар доромжилж, нийтийн гудамж талбайд танхайрсан Ц.Баярцогтын хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн болоод цаашид хэргийг хэрхэн хянаж, шийдвэрлэх тухайгаа нийслэлийн Прокурорын газраас өчигдөр мэдээлэл хийлээ. 

Төрийн цагдаа руу салаавч гаргаж “томорсон” Ц.Баярцогтод хэрэг үүсгэж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуульд зааснаар 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн прокурорын газар хэргийг хянаад цагдаагаас Ц.Баярцогтод тавьсан 250 мянган төгрөгийн торгуулийг нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй шалтгаанаар хүчингүй болгосон.

Тодруулбал, прокурорын байгууллагаас Ц.Баярцогтын гаргасан үйлдэл нь төрийн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэх зөрчил биш. Харин “олон нийтийн газар бусдыг өдөөн турхирч, танхайрсан зөрчил байна” хэмээн үзэж цагдаагийн байгууллагаас оногдуулсан мөнгөн шийтгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг өгчээ. Ингэснээр торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож, дахин өөр шийтгэл оногдуулах санал гаргасан тухайгаа нийслэлийн Прокурорын газрын хэлтсийн дарга А.Цэрэнсодном тайлбарлав.

Танхайрч, зөрчил гаргасан Ц.Баярцогтыг прокурорын байгууллагаас тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн юм. Тиймээс түүний торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон ч баривчлах эсэхийг тусад нь шалгахаар шүүх өчигдөр /2017.10.03/ шийдвэрээ гаргасан. Тодруулбал, зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагад хэвээр үлдээсэн юм.

Энэ асуудалд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зөрчил шалгах хяналтын прокурор Б.Цэцэгмаа “Шүүх оролцогчийн гомдол гаргах эрхийн 14 хоног нь дуусах үед дахин хэрэг үүсгэж зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1-д зааснаар тухайн этгээдэд хуульд заасан хорих буюу баривчлах шийтгэлийг гаргахаар төлөвлөж байна” гэсэн хариулт өгсөн юм.

Зураг