Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Каталанчуудын 90 хувь нь Испаниас туурга тусгаарлахыг дэмжлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Испаний засгийн газраас хууль бус гэж зарласан тусгаар тогтнолын санал асуулгад оролцсон иргэдийн 90 хувь нь туурга тусгаарлахыг дэмжсэн гэж Каталоний орон нутгийн засаг захиргаа зарлалаа.

Хоёр сая гаруй Каталанчуудын 90.9 хувь Ням гарагийн санал асуулгад “Тийм” гэж хариулсан бол 7.87 хувь нь буюу 176,565 хүн “Үгүй” гэж хариулжээ.

Каталоний засаг захиргаа дээрх дүнг цагдаа нарт булаалгалгүй үлдсэн саналын хайрцгуудын үр дүн гэж мэдээлсэн байна. Нийтдээ 5.34 сая Каталанчууд санал өгөх эрхтэй байснаас дээрх тоо сонгогчдын 42.3 хувь болж байгаа юм.

Үлдсэн хэсгүүдийн саналын хайрцгийг төв засгийн газраас илгээсэн цагдаа нар хурааж авсан, иргэдийн санал өгөх үйл явцыг тасалдуулсан гэсэн үг.

Сонгогчдын дотроос 844 хүн цагдаагийн хүчирхийлэлд өртөн гэмтэж бэртсэн бол тэдний 74 хувь нь албан ёсоор гомдол гаргаад байгаа гэнэ.

Харин Испаний дотоод хэргийн яамны мэдээлснээр мөргөлдөөний улмаас 33 цагдаагийн ажилтан шархдаж, бэртсэн байна.

Мадридын засгийн газар Ням гарагт Испанид ямар ч санал асуулга явагдаагүй, хууль бус ажиллагааг таслан зогсоосон, цагдаа нар үүргийнхээ хүрээнд ажилласан гэж зарлажээ.

 

Эх сурвалж: Russia Today