Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Испаний засгийн газар Каталоний санал асуулгыг хүчээр зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Испаний зүүн хойд муж болох Каталони тусгаар тогтнолын санал асуулгыг Ням гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байв.

Санал асуулгын хуудсан дээр “Каталонийг та бүгд найрамдах улсын хэлбэрээр тусгаар тогтнуулахыг зөвшөөрөх үү?” гэсэн ганц асуулт байгаа ба хариулт нь “Тийм”, “Үгүй” байх юм. Гэвч Мадридын төв засгийн газар энэхүү ажиллагааг хууль бус гэж үзэн, цагдаагийн хүчээр зогсоолоо.

Каталони даяар санал хураалтын байруудыг лацдан, санал хураалт явуулж болзошгүй газруудыг эзлэн авсан байна. Санал хураалтын байранд байсан компьютер, саналын хуудас, бичиг баримтуудыг хураан авч, орон нутгийн засаг захиргааны байшингуудыг эзлэн авчээ.

Зарим санал хураалтын байрнуудын интернэтийг тасалсан тухай мэдээлж байна. Каталанчууд санал асуулгын урд өдрөөс санал хураалтын байруудыг манан хонож эхэлсэн ч тэднийг цагдаа нар хүч хэрэглэн тарааж байна.

Интернэт сүлжээгээр зодуулсан, бэртэж гэмтсэн, цус нөжтэйгээ хутгалдсан иргэдийг зураг олноор тарж байгаа юм. Цагдаа нар сонгогчдыг тараахын тулд резинен сумаар буудаж, хэдэн зуун хүн шархдсан тухай мэдээлж байна.

Испаний эрх баригчдын мэдээлснээр Каталоний 2,300 сургуулийн байрын 163-ыг нь цагдаа нар эзэлж, үлдсэнийг нь лацдаад байгаа гэнэ.

Энэ бүхний эцэст төлөвлөгдсөн санал асуулгын үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй байна. Харин Каталоний тусгаар тогтнолын хөдөлгөөний тэргүүн Карлес Пуйгдемон санал асуулгын үр дүнг 48 цагийн дотор зарлахаа мэдэгджээ.

 
 
 
 

 

Эх сурвалж: Quartz