Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Төрийн ордонд зураг нь өлгөгдсөн төдийхөн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжсэн. 

Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна. 

 Гадаадад бонд гаргаж өрийг цэгцлэх асуудлыг ярьж байгаа

Тэрбээр "Төрийн ажил эмх цэгтэй зохион байгуулалттай хэвийн үргэлжлэх ёстой.  Яамдуудыг нэмж хассанаараа амжилт олвол олохоор л боллоо. Харамсалтай нь үгүй байна.

Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй.

Нэг ёсондоо аль нэг яам агентлагыг татан буулгахгүй.

Давхар дээлний тухай асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Энэ асуудлыг бүлгийн хурал дээр тодорхой байр сууриа илэрхийлж хэлэх болно. Монгол Улсын Засгийн газрын дотоод болон гадаад өр 24 их наядад хүрсэн байна.

Цаашид өрийн асуудал нэмэгдэж магадгүй. Ирэх он гарангуут Чингис бонд зэргийн 661 сая ам.долларын өрийг төлөх ёстой. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлж хийнэ. Гадаадад бонд гаргаж өрийг цэгцлэх асуудлыг ярьж байгаа. Үүнээс өөр арга байхгүй.

Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэхийг дэмжинэ.

Хамгийн сайн хариулт бол үнэнийг хэлэх гэж би ойлгодог.  Цаашид ч энэ зарчмыг баримтална. Төрийн хуулийг барьж ажиллана. Надаас харин хууль бус зүйл битгий нэхээрэй. 

ОУВС-тай байгуулсан гэрээ хэвийн үргэлжлэх нь зөв.

Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэх төсвийн төсөл орж ирж байгаа бөгөөд үүнийг дэмжинэ. Хүүхдийн мөнгийг олгох боломж, гарцыг олж харсан бол надад хэлээрэй. Би дэмжихэд бэлэн байна. 

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг түлхүү хөгжүүлнэ.

Монголчууд өөрсдийгөө далайд гарцгүй гэж ярьдаг ч бид хүн далайд гарцтай ард түмэн. Энэ зах зээлийг ашиглах ёстой.

Авлигал хээл хахуультай хатуу тэмцэнэ. Төрийн ордонд зураг нь өлгөгдсөн төдийхөн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна " гэлээ.