Дэлхийд хөрөнгийн хэмжээгээр тэргүүлж байсан L’Oreal-ийн өв залгамжлагч, хатагтай Лилиан Беттэнкурт нас барсны дараагаар түүний ард жагсаж байсан Америк хатагтай дэлхийн тэргүүн баян эмэгтэйгээр тодорлоо.
Энэ бол жижиглэн худалдааны аварга сүлжээ Walmart-ын өв залгамжлагчдын нэг Алис Уолтон юм. Түүний хөрөнгийн хэмжээ $38.4 тэрбум. Алис болон түүний хоёр ахын хөрөнгө нийлээд $101.5 тэрбум гэгддэг. Тэд гурвуул энэхүү бизнесийн өв залгамжлагчид ажээ. Форбс сэтгүүлийн баячуудын жагсаалтад талийгаач Беттэнкурт 15 дугаарт орж байсан бол Алис Уолтон 19 дүгээрт байгаа юм.
1962 онд үүсгэн байгуулагдсан Walmart-ийг тэд эцгээсээ өвлөн авсан юм.
Хоёр ахаасаа ялгаатай нь 66 настай Алис Уолтон компанидаа ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй. Харин Walmart-ийн ажилчид цалингаа нэмүүлэх тэмцэлдээ үргэлж түүний тансаг амьдралыг шүүмжилж, эздийнхээ эсрэг зэвсэг болгон ашигладаг гэхэд болно.
Эцгийнхээ байгуулсан бизнесийн вант улсад ажиллахын оронд Алис урлагийн ховор нандин бүтээлийн цуглуулагч болсон юм.
2011 онд тэр $500 саяын үнэтэй цуглуулгаа байрлуулахын тулд Арканзаст $50 саяын зардлаар музей байгуулж байв. Нью Йорк хотод бас түүний музей байдаг.
Урлагийн цуглуулгаас гадна тэр нэг удаа хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах гэж 1988 онд Llama нэртэй банк байгуулсан ч 10 жилийн дараа үйл ажиллагааг нь зогсоосон юм.
Хоёр удаа гэрлэлтээ цуцлуулсан Алис хатагтай хүүхэдгүй гэнэ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!