Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утасны сүлжээ унаад байгаа тул Трамп Мексикийн ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлж чадаагүй гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол амсаад байгаа хөрш Мексикийн ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлж чадахгүй байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тайлбарлажээ.

Өчигдөр тэр твитер хуудсандаа “Аймшигтай газар хөдлөлтөд нэрвэгдсэн Мексикийн ерөнхийлөгч рүү эмгэнэл илэрхийлэхээр залгасан ч түүний гар утасны сүлжээ муу байгаагаас 3 хоног холбогдож чадсангүй” гэсэн байна.

Мексикт болсон 8.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 100 орчим хүний амь үрэгдээд байгаа. Сошиал сүлжээнд мэдэгдэл хийх дуртай Трамп газар хөдлөлтийн дараа өнөөг хүртэл ямар нэг эмгэнэл илэрхийлээгүй байгаа юм.

Хил залгаа Техаст тохиолдсон Харви хар салхины гамшгийг арилгахад тусламж үзүүлж байсан Мексик улс өнгөрсөн Даваа гарагт уг тусламжаа татаж, өөрт тохиолдсон газар хөдлөлтөд анхаарлаа хандуулах болсон байна.

Америкийн гэмт хэргийн нөхцөл байдалд Мексикийг үргэлж буруутгаж, хил дагуу ханан хэрэм босгохоор төлөвлөж байгаа Трамп ийнхүү урд хөршдөө эмгэнэл илэрхийлэх дургүй байгаа бололтой.