Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн олон жил ажиллаж байгаа Биткоин арилжааны төв Хятад дахь ажиллагаагаа зогсоохоор боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Шанхайд төвтэй BTCC арилжааны төв есдүгээр сарын 30-наас эхлэн Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоох болсноо өчигдөр мэдээллээ.

Орон нутгийн хэвлэл мэдээлснээр BTCC-д Шанхай хотын санхүүгийн зохицуулах газраас арилжаагаа зогсоох мэдэгдлийг амаар өгсөн гэнэ. Шалтгаан нь тус арилжааны төв ICOCoin нэртэй өөрийн гаргасан крипто мөнгөн тэмдэгтийг арилжиж байсан нь есдүгээр сарын 4-нд Хятадын төв банкнаас гаргасан ICO (Initial Coin Offering) ажиллагааг хориглох шийдвэртэй зөрчилдөж байсан ажээ.

Гэхдээ тэд зөвхөн ICOCoin-ий арилжааг зогсоохоос гадна Хятадын дотоод дахь бүх крипто мөнгөн тэмдэгтийн арилжаагаа зогсоохоор шийдсэн байна.

Харин биткоин олборлох фарм, Хятад бус зах зээлийн арилжаа зэрэг бизнесүүдээ хэвийн үргэлжлүүлэх гэнэ.

Хятадын бусад том арилжааны төвүүд болох Huobi, OKCoin үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, эрх баригчдаас ямар нэг хориг тавиагүй гэж мэдээлжээ.

BTCC нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 2014 онд Mt.Gox-ийг унасны дараа дэлхийн хамгийн удаан хугацаанд оршиж байгаа биткоин арилжааны төв болсон юм.

Мөн арилжааны хэмжээгээр ч дэлхийд тэргүүлэх болжээ. Дэлхий даяар сүүлийн 30 хоногт хийгдсэн нийт биткоин арилжааны 36 хувийг АНУ-ын доллар, 40 хувийг Японы иенээр гүйцэтгэсэн бол Хятадын юань 12 хувийг эзэлж байгааг Crypto Compare платформын мэдээлэл харуулж байна.

Биткоины ханш өнөөдөр өглөөний байдлаар $3,300 орчим байна.

 

Эх сурвалж: Quartz