Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос дахин Японы арлыг давуулан пуужин харвалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Хойд Солонгос Японы Хоккайдо арлыг давуулан пуужин харвасан нь 3,700 км орчим зам туулж, Номхон Далайн усанд унажээ.

Сар хүрэхгүй хугацааны дотор хоёр дахь удаагаа Японы арлын дээгүүр пуужин харваж байгаа нь энэ юм.

Пуужинг орон нутгийн цагаар өглөөний 06:57 цагт харвасан бол Хоккайдогийн Эримо хошуунаас зүүн зүгт 2,000 км зайнд 07:16 цагт далайн усанд туссан байна.

Японы засгийн газар энэ үед пуужинг устгах арга хэмжээ аваагүй бөгөөд харин J-Alert түгшүүрийн системийг 12 мужид ажиллуулж, иргэдэд анхааруулсан гэнэ. Эдгээр 12 мужид Хоккайдо, Аомори, Иватэ, Мияги, Акита, Ямагата, Фүкүшима, Ибараки, Точиги, Гунма, Нийгата, Нагано багтжээ.

Наймдугаар сарын 29-нд Хойд Солонгос мөн Хоккайдог давуулан пуужин харваж байсан юм. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний командлалын мэдээлснээр пуужинг Пёньяны ойролцоох Сунан хэмээх газраас харвасан байна. Пуужингийн хүрсэн дээд өндөр нь 770 км байсныг бас мэдээлжээ.

Яг ямар төрлийн пуужин харвасныг тодруулах ажлыг Өмнөд Солонгос, АНУ-ын талууд хийж байгаа гэнэ.

Өнгөрсөн Даваа гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын эсрэг хамгийн хатуу эдийн засгийн хоригийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүний дараа Пүрэв гарагт Пёньяны төв мэдээллийн агентлаг НҮБ­-ын тогтоолыг дэмжсэний төлөө Японыг “живүүлж”, АНУ-ыг үнс нурам болгоно хэмээн сүрдүүлж байв.

 

Эх сурвалж: Japan Times